Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

ХӨТӨЛГӨӨ МОРЬ БУЮУ ХӨРӨНГИЙН ЗАХ ЗЭЭЛ


-Монголын Хөрөнгийн бирж таван жилд 30 дахин өргөжинө-

Ам.долларын ханшийн өсөлт, бууралт богино хугацаанд, ойрхон давтамж­тай мэдрэгдэж буй 2013 он дуусахад 63 хоног үлдлээ. Хөрөнгө оруулалт зогсонги байдалд орсноос мөнгө үнэгүйдэж, хөрөнгийн зах зээл улам хумигдаж байгаа ч асуудлыг шийдэж чадсан жил. Тухайлбал, гадаад болон дотоодын хөрөнгө оруулалтад тушаа болсон ойлголт, хуулийг юутай ч баталлаа. Түүний өмнөхөн хөрөнгийн зах зээлийг ойлгомжтой, өгөөжтэй болгон хөгжүүлэх хууль, эрхзүйн орчин ч шинэчлэгдсэн билээ. Энэ нь, нэг тулгууртай эдийн засгийн хос багана болох чухал зүйл гэдгийг бид тэр бүр анзаараагүй явж.

Валютын урсгал мөн л алдагдалтай

Үндэсний статистикийн хорооноос гаргасан мэдээлэлд тулгуурлан эдийн засгийн эрүүл мэнд хэр байгааг тандаж болно. Гэхдээ наана нь бараа бүтээгдэхүүний үнийн өсөлтөөс анзаарах боломжтой. Энэ өсөлт юунаас үүдэлтэйг сурвалжилбал, валютын ханшийн өөрчлөлттэй яах аргагүй холбогддог.

Өнөөдрийн байдлаар ам.долларын ханш 1710 хүрч, ширхэг юань 280 төгрөгтэй тэнцэж байна. Тэгэхээр эргээд валют орж ирэх урсгал буюу гадаад худалдааны тэнцлийн талаархи асуудал сөхөхөөс өөр аргагүй. Үүнийг экспорт, импорт гэдэг нэршлээр арай нийтлэг “таньдаг” билээ. Энэ хоёрын нэгдсэн дүн, харьцаа, зөрүүг ойлгомжтой харъя гэвэл анхлан өгүүлсэн Үндэсний статистикийн хорооноос гаргадаг мэдээлэл рүү өнгийхөөс өөр замгүй.

2013 он манай улсын ва­лютын ханшид халгаатай жил байлаа гэж хэлэх эдийн за­сагч цөөнгүй. Нөхцөл байд­лыг өргөн хүрээгээр авч үз­вэл үнэхээр тийм ажээ. Өм­нөх онд хөрөнгө оруу­лалт­тай холбогдуулан батал­сан хууль, эрхзүйн өөрч­лөл­­тийн үр дүн энэ жил нүүр­­лэж, монголчуудад одоо ч нөлөөлсөөр. Оны эхний ха­гаст хуулиа буруудуулснаас болж шуурга дэгдлээ хэмээж шүүм­жилцгээв. Аз болж хуульд шургасан “хор­той” заал­туудыг өөрчлөн шинэ­чил­лээ. Гэвч өдгөө хөрөнгө оруулалтын цаг буюу улирал нь өнгөрчихөв. Тодруулбал, барилга, уул уурхайн үйл ажиллагаа саарах намар, өвөл хаяанд тохиож байна. Нөгөө талаас, хуулийн журам гараагүй, хэрэгжиж эхлэх тов гараагүйгээс нэг удаа хаширсан хөрөнгө оруулагчдыг төдийлэн оруулж ирж амжаагүй байгаа юм. Нэгтгээд хэлбэл, оны эхнээс л валютын орох урсгал саарч, одоо ч бараг хоосон хэвээр буй юм. Үүнийг Үндэсний статистикийн хорооноос сар бүр эмхлэн гаргадаг нийгэм, эдийн засгийн мэдээллээс харвал “Оны эхний есөн сарын байдлаар манай орон 126 улстай гадаад худалдаа хийсэн. Экспорт 3097.8 сая ам.доллар, импорт 4825.4 сая ам.доллар буюу нийт худалдаа эргэлт 7.9 тэрбум ам.доллар хүрэв. Энэ дотроо өмнөх оны мөн үетэй харьцуулахад импорт найман хувиар, экспорт 4.1 хувиар тус тус буурчээ” гэж. Энэ хоёр зөрүүнээс болж манай улсын гадаад худалдаа 1.7 тэрбум ам.долларын алдагдалтай байгаа. Энэ алдагдал өнгөр­сөн нэгдүгээр сард 216.54 сая ам.доллар байсан гэхээр есөн сарын дотор 36 дахин өссөн гэсэн үг.
Ийм их алдагдал, сөрөг өөрчлөлтийн араас их бүтээн байгуулалтын ажил өрнүүлнэ гэдэг хэцүү ч Ерөнхий сайд, Засгийн газрын бүрэлдэхүүн, Монголбанк бусад  нэгж хойш суугаагүй, хийсэн. Үйлдвэрлэж чадахгүйгээ им­пор­толж, үйлдвэрлэсэн ба­раа­ныхаа түүхий эдээ ч им­­портолдог монголчууд га­­даа­дын зах зээлээс бүрэн хараат гэхэд болно. Гадаадын зах зээлээс ямар нэг юм авахад гадаад мөнгөн тэмдэгт буюу валют ашигладаг нь хамгийн том асуудал болоод буй. Энэ нь эгэл иргэнд, эрх барьж буй сайд нарт ч ялгаагүй хүчтэй цохилт. Гэвч бууж өгөөд, ам.долларын ханшийг албан хүчээр бари­хыг оролдохын оронд асуудал юу байна, түүнд л анхаарахыг чухалчилж ажилласан нь сайшаалтай. Тэр утгаараа ва­лютын ханш гэдэг зах зээлийн донсолгоо, бэрхшээл, нөх­цөл байдлаас үүдэлтэй хүнд­рэл, аюулыг бууруулах “амо­р­тизатор” хэмээж буй. Али­ваа машин донсолгоог хохи­рол багатай даван туулахад нь амортизатор амин чу­хал байдаг бол эдийн зас­гийн өөрчлөлтийн үед ва­лю­тын ханшийн өөрчлөлт л эрсдэлийг аядуулдаг аж. Өө­рөөр хэлбэл, хүндэрч эхэлбэл ханш чангараад, сайжирвал буцаад суларна. Тиймээс ханшийг хүчээр барьж бага байлгах нь нэг хэсэг тайван явсан эдийн засаг гэнэтийн хүндрэлд сөхрөх, элгээрээ хэвтэхэд хүргэж болзошгүй аюул дагуулдаг аж. Ийм түүх ч дөрөвхөн жилийн өмнө тохиож байсан гэдэг.

Хөрөнгийн зах зээл бол нөөц

Ам.доллар тэргүүтэй валютын ханшийн хэлбэлзэл нь бидний ойлгодгоор сөрөг зүйл биш харин ч өсч, буурч байхад гэмгүй эдийн засгийн эрүүл мэндийн илтгүүр аж. Гэхдээ ханшийн өөрчлөлт хэт ойрхон зайтай, байнга давтагддаг байх хэрэг үү гэж асуух нь тодорхой. Хэрэв тийм гэвэл ханшийн өсөлтийг урьдаас тосч, барааны үнээ нэмж буцаад буухад дүлий дүмбэ оргиод суучихдаг наймаачид, импортлогчид бүх барааны үнийг тэнгэрт хадаах нь мэдээж. Ийм асуултыг эдийн засагчдад тавьбал нэгэн хэвийн хариу хэлэх нь хөрөнгийн зах зээлийн тухай. Аль ч орны санхүүгийн зах зээлийг хоёр ангилдаг. Манай оронд хөгжөөд буй банкны тогтолцоотой мөнгө, валютын зах зээл байхад нөгөө талд хөрөнгийн буюу үнэт цаасны зах зээл оршдог аж. Эндээс хөрөнгө оруулагч ногдол ашиг хүртэх, ханшийн өсөлтөөс ашиг олох, үнэт цаасны хүү авах, компанийн удирдлагад ажиллаж эрх барих зэргээр “тоглодог” байна. Энэ нь, хэдий мэдрэмж шаардаж, эрсдэл дагуулдаг ч банкны зах зээлд мөнгөө хадгалуулж, бага хувийн хүү хүлээж суухаас хэд дахин ашигтай. Товчдоо, хөрөнгийн зах зээлийн онцлог нь иргэн бүр үндэсний үйлдвэрлэгчдээ хөрөнгө оруулалтаар дэмжиж, түүнийгээ хамтдаа өсгөн хөгжүүлээд эргэж хувь хүртэх явдал. Үүний тулд компаниуд үнэт цаасаа гаргана, түүнийг хөрөнгө оруулагч худалдаж авах эсэхээ шийднэ. Мэдээж, ашигтай ажиллах нь чухал учраас ирээдүйтэй, өсч дэвжих компанийн хувьцааг авбал дорхноо хөлжөөд ирэх бол буруу сонголт хийвэл алдагдал хүлээх эрсдэлтэй. Гэхдээ үүнээс наана танд туслах, эрсдэл болон ашгийн талаар зөвлөгөө мэдээлэл өгөх байгууллагууд бий. Брокер, андеррайтер, диле­рүү­­дийг хөрөнгийн зах зээл дэх мэргэжлийн оролцогч гэж бо­лох юм.

Энгийн бөгөөд товч тайлбарлахад ийм л зах зээл. Өдөр бүр “Талх авъя” гээд 1000 төгрөг өгдөг “өнөөгийн бидний” зах зээл үйлдвэрлэсэн бүтээгдэхүүн, түүний эрэлт хэрэгцээтэй шууд холбоотой бөгөөд мөнгөн тэмдэгт буюу валютаас хамааралтай. Харин хөрөнгийн зах зээл нь талх үйлдвэрлэгч компанийн үйл ажиллагаанд шууд хамаарч түүний бодлого, төлөвлөгөө, нөөц бололцоо, зах зээлийн чадамж гээд илүү өргөн хүрээ хамардаг байна. Мөнгөний зах зээл нь улс орны хэмжээнд яригдаж, бүх төрлийн бараа бүтээг­дэхүүнтэй холбоотой учраас эдийн засаг хямрах үед ард түмэн олноороо хохир­дог. Харин хөрөнгийн зах зээлд аль нэг компани хэцүүд­лээ гэхэд хувьцаа эзэм­шигч цөөхөн иргэн, хувь ний­лүүлэгчид л хамаатай. Түүнч­лэн хөрөнгийн зах зээ­лийг эдийн засгийн хөтөлгөө морь хэмээх нь ч бий. Үүнийг хөгжүүлэх нь юун түрүүнд валютын ханшийн өөрч­лөлтөөс үүдэх бараа бүтээгдэхүүний үнийн өсөлт, хэл­бэлзлийг бууруулах сайн талтай. Яагаад гэвэл, хөрөн­гийн зах зээл нь хэдий хувь хүний ашиг боловч улсын эдийн засагт томоохон тү­шиг болохуйц хөрөнгийн сан бүрдүүлдэг. Өдгөө ам.дол­ларын ханш чангарсан бидний халаасанд буй гадаад валют цөөхөн байгаагаас үүдэлтэй. Тодруулбал, экспорт, импор­тын зөрүү алдагдал ихэссэн гэдгийг дээр өгүүлсэн. Тэг­вэл бид өөрсдөө үнэт цаас­ны арилжаанд идэвхтэй орол­цож, хөрөнгийн сангаа арвижуулснаар ханшийн хэлбэлзэл дагаж, барааны үнэ өсч, буурахаас сэргийлэх нь. Учир нь, манай орон хөрөнгийн сан, бас нэгэн нөөцтэй болчихсон хэрэг. Нөгөөтэйгүүр, эдийн засгийн өсөлт, ДНБ-ий нэмэгдэл зэргийг хувьцаа эзэмшигчид бодитоор мэдрэх боломжтой байдаг. БНСУ-ын “Самсунг” корпорац улсдаа төдийгүй дэлхийд танигдсан томоохон брэнд. Түүний борлуулалт, үйл ажиллагааны 60 гаруй хувийг солонгосчууд өөрсдөө хүртдэг гэх. Тодруулбал, нийт хувьцааны төдий хэмжээ­тэй хэсгийг солонгос хүмүүс худалдан авчээ. Үнэндээ, тэд одоо л их ашиг хүртэж бай­гаагаас бус анхлан хувьцаа гаргах үед нь үндэсний байгууллага “Самсунг”-д хөрөн­гө оруулсан хэрэг. Энэ ар­гач­лалаар монголчуудыг хө­рөнгийн зах зээлд хөтлөн оруу­лах, ашиг хүртээх зорил­гоор “Эрдэнэс Таван тол­гой”-н хувьцааг иргэн бүрт хуваа­рилсан. Харамсалтай нь, иргэдээс компанид хөрөн­гө оруулах бус харин ч төрөөс, Таван толгойгоос иргэдэд бэлэглэх зарчмаар явсан тул үйл ажиллагаа нь зогсч, хувьцаа нь үнэгүйдсэн хэрэг. Үүнээс гадна өөр олон шалтгаан байгаа нь мэдээж.

Хос морьтой эдийн засаг айсуй

Энэ онд Үнэт цаасны тухай хуулийг шинэчилсэн найруулгаар баталж, ирэх онд хэрэгжүүлэхээр тогтсон. Эдийн засгийн үзүүлэлтээр дэлхийд толгой цохиж буй улс орнууд хөрөнгийн биржийн арвин туршлагатай, тоглолтын зөв дүрэмтэй бай­даг. Тэдний дэргэд ма­най улсын Хөрөнгийн бирж “нялх” юм. Анх байгуу­лагд­сан зорилго нь ч хязгаар­лагд­мал байсан. Цэнхэр, ягаан тасалбар буюу үнэт цаасыг иргэдэд зөв, шудар­гаар тараах, нийтийн өмчийг зөв хувьчилж, нийгмийн бай­гуулал шилжиж асан эдийн засгийн хүнд хэцүү үеийг аядуу давахад Хөрөнгийн биржийн үүрэг их. Тийм ч учраас өнөөг хүртэл Монголын хөрөнгийн зах зээл хумигдмал, ойл­гомж­гүй, жижиг хэмээн хоч­луулах нь элбэг. Гэхдээ сүү­лийн жилүүдэд бусад ор­ны адилаар хувьцаа гаргагч, хөрөнгө оруулагч, мэргэж­лийн оролцогчдыг холбосон “тоглолтын талбар” болохыг зорьж буй. Үүнд, мэдээж эрхзүйн орчны шинэчлэл нэн шаардлагатай бөгөөд өнгөрсөн зун баталж дөнгөв. Харин одоо бэлтгэл ажил хангаж, ирэх жил эдийн засгийн хос морь “давхихад” бэлэн болно.

Монголчууд хөрөнгийн зах зээлээ хөгжүүлэх, мэргэж­лийн байгууллагууд цэвэр өрсөлдөөний зарчмаар үйл ажиллагаагаа эрхлэх дардан зам тавьж байна. Ирэх таван жилийн дотор Монголын хөрөнгийн биржийн үнэлгээ 30 дахин өсөх боломжтой гэж гадаадын мэргэжилтнүүд онцолж байгаа. Хонгконгийн хөрөнгийн бирж, Лондон, Торонтогийн хөрөнгийн бирж шиг Улаанбаатарын хөрөнгийн бирж алдарших цаг дөхсөөр. Энэ бол эдийн засгийн хоёр дахь багана юм. Валютын ханшийн өөрчлөлтөөр найгах эдийн засгийг улам бат зогсоход хөрөнгийн зах зээл, үнэт цаас туслах, тулах нь дамжиггүй.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан