Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Хакеруудын аюул улам ноцтой болж байна


Гишүүд нь дэлхийн улс болгонд шахуу байдаг атлаа нэгнийхээ жинхэнэ нэрийг мэдэхгүй, дүр төрхийг нь  хэзээ ч харж байгаагүй, тодорхой удирдлага байдаггүй байгууллагын талаар сонсч байсан уу? Хэдэн мянган хүн зөвхөн төрийн эсрэг үйл ажиллагаа явуулах гэсэн ганцхан зорилгоор л ажилладаг. Ямар ч удирдлага үгүй, зохион байгуулалт гэж байхгүй, үүрэг ба хариуцлагын хуваарлилт  гэдгийг мэддэггүй, хоорондоо зөвхөн интернэтээр мессеж бичиж ойлголцдог атлаа дэлхийн хэмжээнд үйл ажиллагаа явуулдаг нүсэр том байгууллага. Ийм байгууллага байна гэдэгт итгэхэд бэрх ч байдаг төдийгүй хэдэн зуун сая хүнд нөлөөлөх маш идэвхтэй үйл ажиллагаа явуулдаг. Та энэ байгууллагын нэрийг ямар нэг байдлаар сонсч байсан байх. Нэр нь  “Anonymous”.

Саяхан Канадад энэ байгууллагатай холбоотой том хэрэг дэгдсэн байна.
Канадын Монреаль хотын нэгэн сургуулийн сурагч, 12 настай жаал хүү нь “Anonymous” байгууллагатай хамтран ажиллаж, хоёр,  гурван улсын Засгийн газрын мэдлийн сайтыг эвдлэн нэвтэрсэн нь илэрчээ. Хүүг ийм хууль бус үйлдэл хийснийх нь төлөө “Anonymous” бүлэглэлийн гишүүд компьютерийн тоглоомын программ бэлэглэнэ гэж тохирсон юм байх.

Шүүх дээр жаал хүүгийн өмгөөлөгч нь “Тэрээр анхнаасаа ийм зүйл хийх ёстой л гэж хийсэн. Ямар нэг улс төрийн сэдэл энд огт байхгүй ” гэжээ. 12 настай жаал нь Монреаль хотын цагдаагийн газрын сайт, Квебекийн олон нийтийн эрүүл мэндийн төвийн сайтыг эвдлэн орсон төдийгүй Чили улсын Засгийн газрын сайтыг эвдэлсэн гэдгээ хүлээн зөвшөөрчээ. Зүгээр ч нэг эвдэлсэнгүй сайтыг хариуцсан ажилтантай холбоотой хувийн нууц мэдээллийг хуулбарлан “Anonymous” бүлэглэлийн хүмүүст дамжуулан өгдөг байсан аж.
Цагдаагийн газар хүүгийн хийсэн үйлдлийн улмаас учирсан хохирлыг 60 мянган ам.доллараар үнэлсэн байна.

Засгийн газрын сайтууд руу хийх хандалт бага, хэрэглэгч цөөн тул хакер дайрлаа гээд яав л гэж бодож болох. Гэтэл интернэтийн өдөр тутмын амьдралд гүйцэтгэдэг үүрэг өдөр ирэх тусам нэмэгдэж буй энэ үед ийм хэрэгт жижиг гэлтгүй анхаарал тавихаас өөр аргагүй болсонд  хэргийн гол учир нь байна.
Жишээлэхэд, Литви гэхэд Сингапуртай адилаар интернэтэд хамгийн өргөн холбогдсон, электрон засаглал нь хамгийн өндөр хөгжсөн улсын нэг. Энэ улсад иргэн бүр өөрийн гэсэн хаяг бүхий сайттай. Энэ хаягаар зөвхөн тухайн хүн ба эрх бүхий байгууллагын хүмүүс нэвтрэх эрхтэй. Ингээд банкнаас зээл авах шаардлагатай боллоо гэхэд оршин суугаа газрын тодорхойлолт, хорих ял эдэлж байсан эсэх магадлал зэргийг Литвад бичгээр өгдөггүй. Сайт дээр нь зохих тэмдэглэгээ хийгээд л болоо. Төрийн байгууллага, банк зэрэг нь тухайн хүний сайт руу мэдээлэл өөрчлөх боломжгүйгээр нэвтрээд бүх магадлал, тодорхойлолтыг нь харна. Олон цаг дугаарлах, бичиг цаасан дээр тамга даруулах гэх зүйл шаардлагагүй. Жолооны үнэмлэх авахын тулд хүн зөвхөн интернэтээр холбогдоод, интернэтээр бүх бичиг баримтаа бөглөөд дээд тал нь нэг хоног хүлээгээд авдаг байх юм. Цаашилбал, автобусанд зорчих, сонгуульд санал өгөхөөс эхлээд бараг бүх л зүйлийг иргэний үнэмлэхээрээ дамжуулан интернэт дэх өөрийн сайтаар дэлхийн хаанаас ч хийх боломжтой.  Ийм өндөр цахимжсан улсын төрийн сайтыг эвдэлж орно гэдэг ямаршуу аймшигтай зүйл болохыг та төсөөлсөн байх. Тухайн хүний талаархи бүх мэдээллийг хуулбарлан авахын сацуу, дураараа өөрчлөх эрхийг авна гэсэн үг. Үр дүнд нь ямар ч хүнийг олон жил шоронд суусан гэмт хэрэгтэн болгохоос эхлээд хүйсийг нь өөрчлөх хүртэл дурын байдлаар янзалж болох хэрэг. Банк хоорондын мэдээллийн сүлжээнд нэвтрээд хэн нэгний өрийг дараад өөр хүнд огт авч байгаагүй асар их хэмжээний өр биччихвэл яах вэ?

Тиймээс л нэрээ алдаагүй бичиж чадахгүй атлаа Засгийн газрын мэдлийн сайтыг эвдлэн орж, хүний нууцыг хуулбарлаад хэнийг нь мэдээгүй ч бусдад дамжуулан өгсөн үйлдэл нь хамгийн их түгшүүр төрүүлж буй юм. Хувийн нууц мэдээллийг авсан хүмүүс яаж ашиглах нь мэдэгдэхгүй. Гэрийн хаягаар нь очоод биед нь халдахаар хүлээж байвал яах вэ гэсэн бодол 12 настай жаалын толгойд орж ирэхгүй.

Яваандаа улс болгон Сингапур, Литви шиг электрон засаглалаа хөгжүүлэхийн тулд асар их хөрөнгө мөнгө заран эрчимтэй ажиллаж байгаа “Anonymous” мэт хакерүүдийн байгууллагаас үүдэх аюул, учруулах хохирлын хэмжээ улам л нэмэгдэнэ.

Гэтэл “Anonymous” нь сүүлийн үед идэвхээ эрс нэмэгдүүлээд байгаа. Хамгийн сүүлд гэхэд л долдугаар сарын 29-нд Перу улсын Ерөнхийлөгчийн сайтыг эвдэлж ажиллагаагүй болгосон. Зургадугаар сарын 25-нд Өмнөд Солонгосын Засгийн газрын сайт руу дайрч ажиллагааг нь тасалдуулсан.  Зургадугаар сарын 13-нд “Anonymous” бүлэглэлийн хакерүүд Афин хотын шүүхийн сайтыг эвдлээд зурагт, радиогийн нэвтрүүлэг дамжуулсан. Зургадугаар сарын 5-нд Туркийн Ерөнхий сайд Тайип Эрдоганы веб сайтыг эвдлэн ажиллагаагүй болгосон. Тавдугаар сард Хойд Солонгосын радио станцын сайтыг эвдлэн нэвтэрсэн. Дөрөвдүгээр сард Израйлийн олон тооны төрийн байгууллага, банкуудын сайтыг дайрч ажиллагаагүй болгосон. Хоёрдугаар сард АНУ-ын Холбооны нөөцийн систем буюу дэлхийн хамгийн том санхүүгийн байгууллагын дотоод сүлжээ рүү нэвтрэн орж банкны захирлын албан тушаал хашдаг дөрвөн мянга гаруй хүний талаархи  дэлгэрэнгүй материалыг хулгайлан олон нийтэд ил болгосон. Нэгдүгээр сард АНУ-ын Шүүхийн шийдвэр гүйцэтгэх комиссын сайт руу дайрч мэдээллийг нь өөрчилсөн. Мөн энэ сард Мексикийн Батлан хамгаалах яамны сайтыг эвдлэн ажиллагаагүй болгосон.

Өнгөрсөн жилийн наймдугаар сард Британийн Хууль зүйн яам, Дотоод хэргийн яамны сайтыг эвдэн нэвтэрч ажиллагаагүй болгосон. Украйны Засгийн газраас зохиогчийн эрхийг зөрчлөө гэж “Demonoid” сайтыг хаасных нь төлөө төрийн олон албаны вэб сайт руу дайрч ажиллагаагүй болгосон. Зургадугаар сарын 13-нд “Exxon Mobil”, “Shell”, “BP”, "Газпром", "Роснефть" гэсэн газрын тос, шатдаг хийн олборлолтоороо дэлхийд тэргүүлдэг компаниудад удирдах албан тушаал хашдаг 700 гаруй хүний электрон шуудангийн хаяг, нууц үгийг ил болгосон. Гуравдугаар сард дэлхийн хамгийн томоохонд тооцогддог порно сайтын хэрэглэгчдийн санг эвдлэн нэвтрээд 72 мянган хэрэглэгчийн нэр, хаяг, ажлын газар, зээлийн картын талаархи  мэдээллийг олон нийтэд ил болгосон. Хоёрдугаар сард Грекийн Хууль зүйн яамны сайтыг эвдлэн орж ажилгүй болгоод Грекийн Засгийн газрыг огцрох, еврогийн бүсээс гарахыг шаардсан.Тавдугаар сард АНУ-ын Хууль зүйн яамны сайт руу нэвтрэн орж Америкийн нутаг дээр үйлдэгдсэн бүх гэмт хэргийн талаархи мэдээллийг хуулбарлан авсан байна.

Ингээд тоочоод байвал маш олон үйлдэл бий. Үйлдлийн давтамж, хууль бусаар нэвтэрч байгаа сайтын ач холбогдол бүр нэмэгдсээр буй нь хамгийн түгшүүртэй зүйл юм. Иймд дэлхийн олон орон сүүлийн үед кибер аюулгүй байдлаа хангахад буу сум авахаас дутахгүй, зарим тохиолдолд бүр их хэмжээний хөрөнгө мөнгө зарцуулдаг болсон байна. Манай улс ч дэлхийн нийтийн жишгийг дагаад кибер аюулгүй байдлыг хангахад онцгой анхаарал хандуулж эхлэхэд илүүдэхгүй байх.

0 Сэтгэгдэл
Муу юм хийсэн гэж үү?
hedii hor nuluutei ch gsn. ene humuus ni mundagiin :))))
Хамгийн их уншсан