Нийслэлийн Удирдлагын зөвлөлийн 10 сарын 24-ний ээлжит хуралдаанд “Улаанбаатар хотын дүрмийн төслийг боловсруулах ажлын явц, АНУ-ын Денвер хотод ажилласан тайлан, цаашид хийх ажлын талаарх мэдээлэл”-ийг нийслэлийн ЗДТГ-ын дарга Ё.Гэрэлчулуун танилцууллаа.
Улаанбаатар хотын иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах нөхцлийг бүрдүүлэх, хотын өдөр тутмын амьдралын олон талт харилцааг зохицуулах зорилгоор нийслэлийн Засаг дарга “Улаанбаатар хотын багц дүрэм боловсруулах төслийг зохион байгуулах” тухай А/509 тоот захирамж гаргасан. Захирамжийн дагуу Улаанбаатар хотын багц дүрмийг боловсруулах ажлын хэсгийг байгуулсан бөгөөд ажлын хэсгийн ахлагчаар нийслэлийн ЗДТГ-ын дарга Ё.Гэрэлчулуун ажиллаж, зөвлөх үйлчилгээг “Ач холдинг” ХХК гүйцэтгэж байгаа юм. Улаанбаатар хотын дүрмийг боловсруулахдаа дэлхийн хөгжингүй хотуудын туршлагаас судлан, нэвтрүүлэхийг чухалчилж байгаа. Тиймээс төсөл боловсруулах ажлын хэсэгт зөвлөхөөр ажиллаж буй “Ач холдинг” ХХК-ийн зардлаар ажлын хэсгийн гишүүд АНУ-ын Денвер хотод томилолтоор ажиллаж, тус хотын дүрмийн тогтолцоог судлах, дүрмийг боловсруулахад юун дээр анхаарч ажиллах талаар туршлага судаллаа. Денвер нь АНУ-ын Колорадо мужийн хамгийн их хүн амтай хот бөгөөд 600,000 орчим оршин суугчтай, 10000 орчим хотын албан хаагчтай юм. Томилолтын багийнхан Денвер хотын Захирагчийн ажлын алба, нийтийн үйлчилгээний газар, АНУ-ын хотуудын үндэсний холбооны үйл ажиллагаатай танилцжээ. Денвер хотын Үндсэн дүрэм нь хотын Засаг захиргаа, оршин суугчдын хоорондын харилцааг зохицуулдаг хотын үндсэн баримт гэж үздэг бөгөөд дүрмийн хэрэгжилт, зохицуулалтын үр нөлөөг 10 жил тутам эргэн нягталж, нэмэлт өөрчлөлт оруулах, хүчингүй болгох шаардлагатай эсэхийг тогтоодог байна. Хамгийн чухал нь Денвер хотынхон Үндсэн дүрмээ оршин суугчдаараа хэлэлцүүлэн, багц дүрмүүдээ хотын зөвлөл нь баталж, журмаа агентлагууд нь боловсруулан хуулийн газраараа хянуулдаг байна. Дүрэмд тодорхой үйлдлийг тусгасан бөгөөд цагдаа, хүүхэд харах үйлчилгээ, архи, тамхи гээд 59 төрлөөр ангилан заажээ.
Денвер хотын жишгээр Улаанбаатар хотын дүрмийг боловсруулахдаа иргэдээрээ хэлэлцүүлж, тэдний саналыг тусгах нь зүйтэй гэж үзэж байгаагаа нийслэлийн ЗДТГ-ын дарга Ё.Гэрэлчулуун онцоллоо. Мөн АНУ-ын Денвер хоттой мэргэжилтэн солилцоо хөтөлбөр хэрэгжүүлэн туршлага судлах хэрэгтэй гэсэн юм. Энэ үеэр нийслэлийн Засаг дарга “Улаанбаатар хот дүрэмтэй болох нь иргэдийн эрх ашгийг дээдэлсэн, эрхээ эдэлж, үүргээ биелүүлэх боломжийг олгох гол зүйл болно. Дэлхийн хөгжингүй хотууд бүгд өөрийн гэсэн хотын дүрэмтэй байдаг. Дүрэмгүй хот, хуульгүй улстай адил. Тиймээс бид бүх нийтээрээ хэлэлцүүлж, Үндсэн дүрмээ боловсруулах хэрэгтэй.” гэлээ. Улаанбаатар хотын Үндсэн дүрэм боловсруулах талаар нийслэлийн Удирдлагын зөвлөлийн гишүүд тусгайлан дэлгэрэнгүй хэлэлцэж, саналаа тусгахаар боллоо.