Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Ихийг бүтээсэн цахилгаан дамжуулах сүлжээнийхэн


Монгол орныг тэр чигт нь гэрэл гэгээ, ажил хөдөлмөр, аз жаргалтай байлгах үүрэг хүлээсэн нэгэн хамт олон бол Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ компанийнхан. Түмнийхээ төлөө өдөр, шөнөгүй ажиллах тэд байгаагүй бол хэчнээн олон цахилгаан станц, дэд станцтай байгаад ч эрчим хүчгүй эртний хүмүүсээс ялгаагүй суухсан. 1967 оноос үйл ажиллагаа явуулж ирсэн дамжуулах сүлжээнийхэн 15 аймаг, 209 сум, суурин газрыг эрчим хүчээр хангадаг. Ийм өнөр бүлийг удирдан ажиллаж буй гүйцэтгэх захирал Ж.Равдандорж энэ хариуцлагатай албанд томилогдсоноос хойш нэг жил өнгөрчээ. 2012 оны аравдугаар сарын 22-нд дамжуулах сүлжээнийхэнтэй мэндчилж, хийж хэрэгжүүлэх ажил, шинэчлэлийн зорилтуудаа танилцуулж байж. Хэдийгээр 356 хоног, 12 сар, нэг жил гэдэг бага хугацаа мэт боловч их ажил амжуулсан ажээ. Ж.Равдандорж захирал хийсэн бүхнээсээ хамрах хүрээ, ач холбогдлоор илүү 12 ажлыг онцолж хамт олондоо тайлагнав. Гэхдээ тайлан гэхээс илүү хамт олны хийсэн бүтээснээ цэгнэсэн халуун дотно уур амьсгалтай уулзалт болсныг тэмдэглэх нь зөв.

Техник, хүчин чадлын өргөтгөл

Дээр хэлсэнчлэн ач холбогдол, хамрах цар хүрээ, салбарт үзүүлэх үр нөлөөгөөр дараах үйл ажиллагаа анхаарал татаж буй юм. Манай улс анх удаа салхин цахилгаан станц ашиглалтад хүлээн авч, эрчим хүчний системд холбон иргэн, аж ахуйн нэгжид салхиар үйлдвэрлэсэн цахилгаан нийлүүлж эхлэв.
Төв аймгийн Сэргэлэн сумын нутагт байрлах Салхит уулын цахилгаан станц 50 МВт хүчин чадалтай. Хэдийгээр хувийн компани байгуулсан гэж байгаа ч Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ компанийнхан үүнд багагүй хувь нэмэртэй оролцсон.

Тухайлбал, дамжуулах шугам, дэд станц байгуулах, тохиргооны ажилд мэргэжилтнүүд нь анхаарч ажиллажээ. Учир нь, Шинэчлэлийн Засгийн газар 2020 оны төвшинд эрчим хүчний үйлдвэрлэлийн 20-25 хувийг сэргээгдэх эх үүсвэрээс хангаж байх зорилт тавьсан. Уг зорилт нь үндсэндээ ЦДҮС компанийнхны хийх ажил бөгөөд өнгөрсөн хугацаанд ч хүчээ нэмэрлэж, хийх ажлаа гүйцэтгэсэн нь энэ. Ийнхүү 2004 онд эхэлсэн салхин цахилгаан станцын ажлыг дуусгаж, тууз хайчлан, нээлт хийсэн явдал Ж.Равдандорж даргын үед тохиосон нь жирийн тохиолдол биш. Салхит станцыг энэ ондоо багтаж бүрэн хүчин чадлаараа ажилладаг болгохоор мэргэжилтнүүд одоо ч ажиллаж буй.

Түүний дараагийн асуудал нь импортын эрчим хүчний тухай

ОХУ-аас авч буй цахилгаан эрчим хүчний дээд хэмжээг нэмэгдүүлэх асуудал өнгөрсөн гуравдугаар сард хөндөгдөж, ирэх долоо хоногоос бодит ажил болно. Тодруулбал, арваннэгдүгээр сарын 1-нээс эхэлж, ОХУ-аас импортлох эрчим хүчний хэмжээ 210 МВт хүртэл нэмэгдэх боломж бүрдэх юм. Ж.Равдандорж захирал энэ оны эхээр Москва хотноо ОХУ-ын “ФСО ЕЭС”, “Интер РАО”, “СО ЕЭС”, “ВЭК” компанийн удирдлагуудтай уулзаж тун удахгүй хэрэгжих гэж буй асуудлын эхлэлийг тавьжээ. Улмаар тавдугаар сард “ИНТЕР РАО ЕЭС” групп буюу “ВЭК” нийгэмлэгийн ерөнхий захирлын орлогч Ю.В.Алания, Гадаад худалдааны захиргааны дарга А.В.Закаблук нар манай оронд айлчлав. Энэ үеэр хоёр тал харилцан ойлголцолд хүрчээ. Тэд импортлох эрчим хүчний хэмжээг нэмэгдүүлэх боломж бүрдүүлэх тухай санамж бичиг байгуулсан. Энэ ондоо 210 МВт хүргэсэн ирэх 2014 оны эхний хагаст 250 МВт хүртэл нэмэх боломж бүрдүүлэх аж. Товчхондоо импортын эрчим хүч ашиглаж буй бүс нутагт ямар нэгэн доголдол, дутагдал, хүчдэл унах асуудал багасах юм.

Яагаад энэ асуудлыг онцолж буйг тодруулъя. Өдгөө манай орны хамгийн том цахилгаан станц “ТЭЦ IV”-ийн хүчин чадал 450 МВт гэдэг. Тэгвэл түүний хагастай тэнцэх эрчим хүч импортоор авах болж байна. Нөгөөтэйгүүр, хойд хөршөөс анх 80 МВт цахилгаан авахад улс даяар бөөн баяр болж байж.

Улмаар 175 МВт хүртэл нэмэх хүсэлтээ сүүлийн 10 жил батлуулж, шийдвэрлэж чадахгүй явсан. Харин энэ удаа тэрхүү хязгаарыг давж, шууд 210, 250 МВт эрчим хүч авахаар болсныг онцлохгүй байхын аргагүй. Ж.Равдандорж дарга өнгөрсөн нэг жилийн хугацаанд хийсэн ажлынхаа үргэлжлэлийг “Сэлбэ” дэд станцаар үргэлжлүүлэв. Хуучин “Хайлааст”-ын дэд станц гэгдэж байсан ч газар, орчин нөхцөлөөс шалтгаалж нүүлгэхээс өөр аргагүй болжээ.

Учир нь, намагтай болохоор хөрс шилжиж, суулт өгч хэвийсний улмаас тоног төхөөрөмж даган хазайж, үйл ажиллагаанд нь доголдол гарах, улмаар эвдэрч сүйдэх эрсдэлд оруулав. Анх 2009 оны сүүлчээр 110/35/10 кВ-ын дэд станц нээлтээ хийснээр “Дорнод-2” болон “Умард” дэд станц хэт ачаалагдаж, доголдох магадлал нэмэгдэж байсныг сааруулсан байна. Гэвч ийнхүү онц ноцтой, давагдашгүй нөхцөл үүссэнээр урсгал засварын зардал жилд дунджаар 12 сая төгрөгөөр буюу 30 хувиар нэмэгдсэн гэдэг. Нүүлгэн шилжүүлэх ажлыг ЦДҮС компанийн дэд захирал Ц.Жаргалсайхан, Улаанбаатар салбарын ерөнхий инженер Я.Мөнхтөр нар удирдан ажиллажээ. Нийт бүрэлдэхүүн шилжүүлэх ажлыг хугацаанаас 15 хоногийн өмнө дуусгаж, 800 сая төгрөг зарцуулсан дүнтэй байгаа юм. Улмаар хотын хойд хэсэг буюу Сэлх, Бэлх, Сэлбэ, Чингэлтэй, Долоон буудал, зуслангийн 40 гаруй мянга өрхийн эрчим хүчний хэрэглээг найдвартай болгожээ.

Удаахь ажил нь улс орны хэмжээнд ач холбогдолтой үйл явдал. Наадмын өмнөхөн буюу долдугаар сарын 5-нд Хэнтий аймгийн Бор-Өндөр суманд 110 кВ-ын дэд станцад гэмтлийн мэдээлэл иржээ. Гарсан гэмтлийн дагуу Өндөрхаан, Бор-Өндөр талаас үзлэгийн бригад гарахад Мөрөн сумын нутагт цахилгаан дамжуулах агаарын шугамын 13 төмөр бетон тулгуур/шон/ унаж, нэг нь хазайсан байж. Энэ нь тухайн үед хүчтэй хуй салхи, аадар бороо, мөндөр орсонтой холбоотой гэнэ. Эвдрэл, гэмтлийг засч, холбох ажлын мөрөөр Ж.Равдандорж дарга бүх хэлтэс, нэгжийн удирдлагыг яаралтай цуглуулж, шуурхай арга хэмжээний график төлөвлөгөө боловсруулжээ. Түүний мөрөөр Ц.Жаргалсайхан ерөнхий инженерээр ахлуулсан баг бүрэлдэхүүн гурван өдөр ажиллаж, гэмтлийг аюулгүй болгон, хэрэглэгчдийг эрчим хүчээр хангаж эхэлсэн аж. Нийт 91 хүн ажиллаж, төмөр бетон тулгуур зөөх хоёр краз, газар ухах-булах хоёр эксковатор, газар ухах хоёр кат, хүнд даацын машин механизм ачигч, дөрвөн өргөгч кран гээд 32 техник, машин механизм оролцжээ. Гэнэтийн осол гэмтлийг шуурхай засч, төлөвлөгөөний дагуу сайн ажилласан хамт олондоо Ж.Равдандорж дарга уулзалтын үеэр дахин талархал илэрхийлэв.

Эрдэнэт хотын дэд станцад 200 МВт хүчин чадалтай автотрансформатор суурилуулж анх удаа хүчдэл дор амжилттай залгасан байна. Урьд нь, Эрдэнэт дэд станц хэт ачаалалтай учраас ээлжит зогсолт хийдэг хүндрэлтэй ажиллаж байж. Харин хоёр автотранформатор ашиглалтад оруулснаар хүчдэл дор сэлгэн залгах буюу ачаалал хуваарилж доголдлыг арилгасан аж. Энэ нь өнгөрсөн тавдугаар сарын 22-ны өдрийн 06:38 цагт холбогдож, түүнээс хойш хүндрэлгүй ажиллаж байна. Өөрөөр хэлбэл, хангайн бүсийн салбарын цахилгаан эрчим хүчний найдвартай ажиллагаа эрс дээшилжээ. 220/110/35 кВ Эрдэнэт дэд станцын транформаторын суурилагдсан нийт хүчин чадал 400 МВт болсон аж.

Хүлээгдэж байсан бүтцийн өөрчлөлт

Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ компанийн гүйцэтгэх захирлын албыг авахдаа Ж.Равдандорж дарга бүтэц, нэгжийн тодорхой зохицуулалт хийнэ гэдгээ хэлж байжээ. Өдгөө түүнийгээ хэрэгжүүлж эхэлсэн, зарим нь гүйцэлдэв. Эрчим хүчний гэлтгүй аливаа тоног төхөөрөмж ажиллуулахад реле хамгаалал, автоматикийн асуудлыг маш чухалд тооцдог. Энгийнээр хэлбэл үйл ажиллагааны зүрх нь реле хамгаалал. Тийм ч учраас Ж.Равдандорж дарга Реле хамгаалалт, автоматикийн хэлтэс байгуулан ажиллуулж эхэлсэн байна. Төрийн өмчит компанийн Төлөөлөн удирдах зөвлөл хуралдахад уг саналаа оруулсан нь дэмжигдсэн нь энэ. Улмаар гүйцэтгэх захирлын Б/86 дугаар тушаал гарч наймдугаар сарын 12-ноос шинэ хэлтэстэй болжээ. Реле хамгаалагчид эрчим хүчний дамжуулалтад ашиглаж буй автомат байгууламж, энергийн бланс тодорхойлогч тоолуур, тогтмол гүйдлийн үүсгүүр тэжээл, цахилгаан тоноглолын хөндийрүүлэлт, аянга хамгааллын найдвартай ажиллагааг хангаж ажиллах үүрэгтэй.

Үүнээс гадна шинэ салбар нээсэн нь Говийн бүсийн салбар юм. Өмнөговь аймгийн Цогтцэций суманд салбар байгуулах нь цаашид өсөн нэмэгдэх эрчим хүчний хангамж, хэрэглээ, дамжуулах үйл ажиллагааны бэлтгэл гэж болно. Тавантолгой, Мандалговь, Оюутолгойд шинэ станц ажиллаж эхлэх, бүтээн байгуулалт өрнөх үед энэ салбарын үйл ажиллагаа илүү идэвхжих учиртай. Өөр нэгэн бүтцийн өөрчлөлт нь Улаанбаатар салбарыг тусад нь гаргасан явдал. ЦДҮС компанийн одоогийн байрны 1, 2 дугаар давхарт байрлан ажиллаж байсан хамт олон ийнхүү тусдаа байртай болсон нь үйл ажиллагаанд тустай. Тогтвортой ажиллагааг хангахад тустай гэж үзсэн тул “ТЭЦ IV” станцтай зөвшилцөн гурван давхар оффисын барилгатай болгожээ.

Нийт ажилтны нийгмийн хамгаалал

Юун түрүүнд ажилтнуудаа дүрэмт хувцастай болгосныг онцлох нь зүй. Компанийн өнгө төрх, имиж бүрдүүлэх зорилгоор ажилтнууддаа хувцас хийлгэсэн бөгөөд загвар, дизайныг бараг л Ж.Равдандорж дарга өөрөө боловсруулжээ. Компанийн лого, нэр бүхий эмблемтэй дүрэмт хувцсаар жигдэрсэн ажилтнууд ажил, мэргэжлээрээ бахархах, нэгдэх, хамтач уур амьсгал бүрдүүлэх сайн талтайг онцоллоо.

Ажилтнуудад зориулж 135 айлын орон сууц бариулж буйг тэрээр дурдсан юм. Хэдийгээр жилийн өмнө эхэлсэн барилга боловч үйл ажиллагаа нь тодорхойгүй шалтгаанаар зогсч, удаашраад буй. Гэхдээ Ж.Равдандорж захирал угсралтын компанитай тохиролцон, гэрээнд өөрчлөлт оруулжээ. Энэ нь “Нэмүү өртгийн албан татвар багтаад ам метр талбай нь нэг сая төгрөг байх бөгөөд бүрэн хүлээлгэж өгөх хүртэлх хугацаанд гарсан валютын өөрчлөлт, барилгын материалын үнийн өсөлтөөс хамаарч энэ үнэ өөрчлөгдөхгүй” гэсэн заалт.Тодруулбал, ашиглалтад орох үед ажилтнууд нь нэг сая төгрөгөөр үнэлэгдэх талбайтай орон сууцанд орох аж. Барилгын ажлыг энэ ондоо багтааж 50 хувьд хүргэх зорилго тавин ажиллаж буйг уулзалтын үеэр онцоллоо. Мөн жил бүр ажилтнуудад олгодог орон сууц, хашаа байшингийн урамшуулалт тэтгэлэг олгодог ажил үргэлжилсэн. 2011 онд 10 хүнд тэтгэлэг өгсөн бол өнгөрсөн жил зургаан хүнд урамшуулал олгожээ. Харин энэ онд нийт 15 хүнд урамшуулал олгосон аж. Ж.Равдандорж захирал уулзалтын үеэр нэмээд 10 хүнд тус бүр гурван сая төгрөгийн урамшуулал олгохоор болсныг зарлаж, нэрийг нь уншиж танилцуулав.

Гүйцэтгэх захирлын ажлаа хүлээж авснаас хойш нэг жил өнгөрч буй тул хамт олондоо гэнэтийн бэлэг шиг сайхан мэдээ дуулгасан нь цалин нэмэх асуудал байлаа. Тэрээр албаа хүлээж авсан даруй нийт ажилтны цалинг 50 мянган төгрөгөөр нэмж байж. Харин энэ удаа цалинг 20 хувиар нэмэх тогтоол батлуулжээ. Өнгөрсөн хугацаанд сайн ажилласан, амжилттай байсан тул ТУЗ ч саналыг эергээр хүлээн авч. Цахилгаан, эрчим хүчний салбар дахь аль ч төрийн байгууллагад цалин нэмээгүй байхад ЦДҮС компани ийнхүү 32 хувиар нэмэгдүүлсэн нь үнэхээр зөв, сайн ажиллаж буйг түмэн олон харсны илрэл биз.
Жишээ нь, Эрчим хүчний зохицуулах хороонд тарифын өөрчлөлт, ухаалаг хэрэглээний үнэлгээ нэвтрүүлэх санал гаргаж. Үүнийг хэрэгжүүлснээр энэ жилийн борлуулалтын орлогын хэмжээг 24.5 тэрбум төгрөг хүргэж 6.7 тэрбумаар нэмэгдүүлэн батлуулжээ. Энэ мэтээр алдагдал бууруулж, ашиг орлогоо нэмэгдүүлж чадсан тул аравдугаар сарын 1-нээс цалингийн 20 хувийн нэмэгдэл тооцохоор болсон аж.

Ийнхүү Ж.Равдандорж дарга өнгөрсөн 12 сарын хугацаанд хийж гүйцэтгэсэн томоохон ажлаа хамт олондоо танилцуулаад, цаашид хамтран ажиллах, бүгд дор бүрнээ хичээхийг уриалав. Хийнэ гэсэн ажлаасаа хийж гүйцэтгэсэн нь энэ бол цаашид хийх ажил мөн л гарч ирдэг. Энэ ёсоор дараа дараагийн зорилго, зорилтоо хамт олондоо дуулгав. Компанийн засаглал сайжруулж, бүтэц бүрэлдэхүүнээ өргөжүүлэн тэлж, хүний нөөцөө чадавхижуулах гэнэ. Хөдөлмөрийн аюулгүй байдал, санхүүгийн оновчтой байдал, технологийн удирдлага нэвтрүүлэх, реле хамгаалалтыг сайжруулахад анхаарах хэрэгтэй. Мөн Улаанбаатар хотыг шинэ тойрог, системээр хангаж, шинэ бүтээн байгуулалтад гар бие оролцох ёстойг хэллээ.

Уулзалтын төгсгөлд Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ компанийнхан өөрийн сүлд дуутай болж буйг зарлалаа. “Дамжуулах сүлжээ” хэмээх дууны үгийг ахмад ажилтан У.Баяндорж бичиж, Урлагийн гавьяат зүтгэлтэн Б.Бямбабаярын аялгуугаар ард түмнээ хүрнэ. Ийнхүү бүх нийтээр дуулах, эгшиглүүлэх сүлд дуутай болсноор хамт олныг идэвхжүүлж, урам зоригтой ажиллах боломж бүрдүүлнэ гэж үзсэн байна.

0 Сэтгэгдэл
shugam suljeend hun ajilladaggui dan luiwarchid baidag hun surtal luiwariin uur uurhai
huuhendhees oor yush chadahgui ergui tolog
setgegdel bichsen noxort: management gdg ugee zov bicheed surchaach
Арвай маань мундаг байна шүү. Маш богино хугацаанд их ажил амжуулж. Цаашид улам ихийг хийж бүтээгээрэй.
Бүү рекламд, өөрийгөө магтсан тэнэг вэ. Хамаг мөнгөний урсгал дээр суучихаад бусад хэдэн үйлдвэр чинь мөнгөгүй ядарч байхад ингэж ярихаа ичээч.
Амжилт хүсэе.Улам ихийг бүтээгээрэй.
yag unen yu hiisiim
ymar ymniih ni ih buteen baiguulalt oligtoihon managment hiij chadahgui barag l mulhuh gej bj
Хамгийн их уншсан