Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Цагаан цас, хурц нар, хээнцэр бүсгүй

Их хот цагаан өнгөнд дарагджээ. Хүйтний эрч чангарсан энэ үед бүсгүй та хээнцэрхэн хувцаслаад өөртөө итгэлтэй алхмаар байна уу. Гэвч шүүгээнээсээ сэтгэлдээ тань таарсан, дааруулахгүй бас чамин харагдуулахуйц хувцас олохгүй байна уу. Тэгвэл бидний бэлтгэсэн өвлийн хувцасны ерөнхий чиг хандлагын талаархи материалыг уншаарай.

Намар, өвлийн чиг хандлага

Хувцас бидний ертөнцийг үзэх үзэл, нийгэмд эзлэх байр суурийн илэрхийлэл. Тийм ч учраас хувцас бурхан бие чөтгөр гэдэг үг гарсан биз ээ. Ингээд энэ өвлийн тренд ямар байхыг үндэсний үйлдвэрлэгч “Говь кашмер”-ийн загвар зохион бүтээгчид зөвлөж байна.
Хувцаслалтад хамгийн түрүүнд анхаарах зүйл бол өнгө. Өнгөрсөн зун охид бүсгүйчүүд неон ногоон, улбар шар гэх мэт тод өнгөөр өөрсдийгөө илэрхийлэн бусдаас ялгарч байсан бол энэ намар, өвлийн чиг хандлага бүр илүү сүр жавхлантай, нууцлаг байдлыг илэрхийлэх хувцас тодорхойлох нь ээ. Ирэх улирлынхаа загварын чиг хандлагыг тодорхойлдог дэлхийн загварын долоо хоногууд өвлийн хувцасны өнгө, дизайныг аль хэдийнэ гаргажээ. Тэр дундаа дэлхийд алдартай загварын компаниуд хар бараан өнгийн дэгжин загваруудыг олноо танилцуулсан байна. Тухайлбал, “Dolce&Gabbana” загварын долоо хоногоороо барокко стилийн хээнцэр чамин хээ угалз, намирсан торгон материалиар хийсэн загваруудаа толилуулсан бол “Burberry” брэндийн хувьд илүү сонгодог хэв маягийг илэрхийлсэн хэрнээ энгийн чөлөөтэй загварыг энэ намар, өвлийн чиг хандлага болгон зарлажээ. Тийм учраас манайхан ч энэ чиг хандлагыг дагаж гадуур хувцсаа сонговол зүгээр гэдгийг загвар зохион бүтээгчид сануулж байна.
Барокко стилийн талаар товчхон дурдахад, маш эрхэмсэг, язгууртны тансаг чамин шинжийг хадгалсан торго, хамба хилэн болон ноолуур зэрэг үнэтэй материалыг металл чимэглэл болон янз бүрийн тансаг хээ угалзтай хослуулан хэрэглэдэг гэж энгийн үгээр тайлбарлаж болно. Харин өнгөний хувьд өвөл маргад ногоон, улаан хүрэн, үзмэн ягаан зэрэг эрдэнийн чулууны өнгө давамгайлах бө­гөөд мөн сэрүүний улиралд зориулагд­сан гэдэг утгаараа хар, хүрэн, саарал гэх мэт үндсэн өнгө ч мөн байх юм. Учир нь, эрдэнийн чулууны өнгө нь хүнийг амрааж тайвшруулж, тансаг байдлыг мэдрүүлж сэтгэл ханамжийг өгдөг гэнэ.
Энэ өвөл та дэлхийн чиг хандлагатай хөл нийлүүлэн алхаж өөрийнхөө хувцаслалтад бага ч атугай шинэчлэл хийгээрэй. Ганц л барокко стилийг санагдуулам хувцас байхад таны хувцаслалтад чимэг болно гэдгийг ч хэлсэн. Мөн “Говь кашмер” дэлгүүрийнхэн өвлийн улиралд өмсөхөд дулаан, хөнгөн ноолууран болон тэмээний ноосон пальтоны өргөтгөсөн худалдаагаа гаргасан байна билээ.

Үндэсний загвартай дулаан куртка

Зурган дээрх куртка ямар харагдаж байна вэ. Наадмын гоёл болсон Хүннү дээлнээс санаа авсан өвлийн дулаан куртка. Цахим ертөнцөд аль хэдийнэ хэрэглэгчтэй болсон загвар зохион бүтээгч Ү.Юмжирийн загварын гол онцлог нь үндэсний загварыг орчин үеийн хэрэглээнд шингээх. Тийм ч учраас тэрээр энэ өвөл энэ загварыг гаргасан нь нэлээд эрэлттэй байна. Гэхдээ дан ганц энэ загварт баригдахгүй бүстэй болон өөрийн биедээ тааруулж материал, өнгөө сонгон захиалж болно. Мөн заавал куртканы гэлтгүй үслэг материалаар ч гэсэн үндэсний загвар шингэсэн куртка хийлгэж болох юм. 91649211 утсаар загвар зохион бүтээгч бүсгүйтэй холбогдон захиалахад л болно.


Өвлийн улирал-Үслэг эдлэл

Монголчууд эртнээс үслэг эдлэл хэрэглэж ирсэн. Энэ нь, хувцаслалтын хувьд том орон зай эзэлдэг. Өөрийн биед таарсан бас загва­рын хандлагаас хоц­рогдоогүй үслэг эдлэл сонгохоор тө­лөв­­лөсөн бүсгүй­чүүд­­­дээ зориулан “Талст” фейшн шопынхон дараахь зөв­лөгөөг хүр­гэж байна.
Үслэг эдлэлийн загварын хандлага маш хурдан өөрчлөгддөг учир тус дэлгүүрийнхэн ч гэ­сэн шинэчлэлээс хоцрохгүйг эрмэлздэг аж. Сүүлийн үед усны булга, индиго хөх өнгөтэй булга болон үнэгэн шуба үслэг эдлэлийн загварын чиг хандлагыг тодор­хойлж байгаа гэнэ.  Хамгийн сайн, тансагт хөн­гөн, дулаахан, биед аятайхан гэгдсэн эдгээр үслэг эдлэлийн өвөрмөц шийдлээр оёсон доторлогоо нь загварын ертөнцөд туйлын эрэлт хэрэгцээг үүсгэж байгаа гэсэн.
Гэхдээ бүсгүйчүүд маань хаана, ямар зориулалтаар өмсөх вэ гэдгээ сайн бодох хэрэгтэй. Уулзалт, үдэшлэг, хүлээн авалтад өмсөх бол том зах, малгайтай, илүү дэгжин, чамин харагдах “шанель” загвар сонгох хэрэгтэй. Өдөр тутам өмсөх бол илүү дулаахан ойн булга авахыг загвар зохион бүтээгчид зөвлөсөн. Заавал булга гэлтгүй суусар, минж, үнэг, шиншила гээд олон үслэг эдлэл бий гэдгийг ч санах хэрэгтэй шүү бүсгүй минь. Эцэст нь хэлэхэд, таны сонголт дулаахан бөгөөд биед эвтэйхэн байх ёстойг бодолцоорой.

Б.Цэдэвсүрэн

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан