Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Ц.РЕНЧИНСЭНГЭЭ: ЦАГ АГААРААС ШАЛТГААЛЖ 15-20 МЯНГАН ТОНН БУУДАЙГАА “ХАЯЛАА”

Улсын хэмжээнд энэ жилийн ургац хураалт бараг дуусчээ. Энэ талаар ҮХААЯ-ны Газар тариалангийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Ц.Ренчинсэнгээгээс тодрууллаа.

-Өнөөдрийн байдлаар ургац хураалтын ажил хэдэн хувьтай явж байна вэ?

-Одоогийн байдлаар ургац хураалтын ажил 96 хувьтай байна. Үүнээс төмс хүнсний ногоо, малын тэжээлийн ургац хураалт бүрэн дууссан, тосны ургамал буудайн хураалт хараахан дуусаагүй. Одоогоор 351 тонн буудай, 368 мянган тонн үр тариа, 190 орчим мянган тонн төмс, 102 мянган тонн хүнсний ногоо, 37 мянган тонн тосны ургамал хураан авчээ. Буудай хураалтын хувьд Увс, Завхан аймгаас 5-6 га талбайгаас аваад үндсэндээ дуусна.
-Энэ жилийн хувьд цаг агаарын байдал төдийлэн сайн байгаагүй. Энэ нь ургац хураалтад хэр нөлөөлж байна вэ?
-Ургац хураалтын ид ажлын үе буюу  ес, аравдугаар сард цаг агаарын гэнэтийн үзэгдэл хэд хэдэн удаа давтагдаж, ялангуяа бороо нойтон цас хоёр ч удаа орсноос хаягдал, хорогдол гарах, малчид тариан талбай руу малаа оруулах асуудал их гарсан. Энэ байдал цаашдаа ургац хураалтын эцсийн балансад нөлөөлнө. Дээрх хоёр удаагийн нойтон цасанд л гэхэд 45 мянга орчим га талбай цасанд даруулж эдгээр талбайгаас хураан авах ёстой ургацын 30 орчим хувь нь хаягдсан гэхээр 15-20 мянган тонн буудай хаягдсан гэсэн үг. Мөн зун мөндөрт 2000 орчим га цохиулсан.
-Урьдчилсан балансаар манай улс 432.4 мянган тонн үр тариа хураан авна хэмээж байсан шүү дээ. Үүндээ хүрч чадахгүй нь уу?
-Тийм ээ. Гэхдээ ургац хураалтын эцсийн дүн мэдээ хоёр долоо хоногийн дараа гарна. Хүнсний ногооны хувьд 106 мянган тонныг хураан авна гэж байсан ч өнөөдрийн байдлаар 102 тонныг хурааж авсан. Гэсэн ч бид өнгөрсөн жил хураан авсан ургацаас дөрвөн мянга гаруй тонноор илүү хүнсний ногоо хурааж аваад байгаа.
-Ургац хураалттай холбоотойгоор гурилын үнэ өсөх болов уу. Ер нь энэ талаар яамнаас ямар бодлого барьж байна вэ. Мөн энэ жилийн буудайн чанарт та  ямар үнэлгээ өгөх вэ?
-Өнөөдрийн байдлаар гурилын үнэд өөрчлөлт ороогүй. Ургацын нэгдсэн баланс гарсны дараа гурилын үнийн талаар дэлгэрэнгүй мэдээлнэ. Ямартай ч, одоо байгаа үнийг ойрын сард барина. Ургацын балансаас хамаараад гурилын үнэ өсөх эсэх талаар яригдана. Энэ жилийн буудайн чанарын хувьд сайн гэж хэлнэ. Өнгөрсөн жил ойролцоогоор дунджаар 19 орчим хувийн цавуулагтай байсан бол энэ жилийн буудай 20-оос дээш хувь байгаа.
-Га-гаас авах ургацын дундаж хэмжээ болоод борлуулалтын талаар мэдээлэл өгөхгүй юү?
-Дунджаар га-гаас 13.3 центнер авч байгаа. Борлуулалт нэлээд эрчимтэй байна. Урьдчилсан байдлаар 28 гурилын үйлдвэр худалдан авалт хийгдсэн. “Алтан тариа” ХХК-иас бусад үйлдвэр 102 мянган тонн буудай худалдан аваад байна. “Алтан тариа” ХХК ойролцоогоор 40 гаруй мянган  тонн буудай худалдан аваад байгаа гэсэн мэдээг өмнөх долоо хоногт өгсөн. ТЭДС  тариаланчдаас тонн буудайг 320 мянган төгрөгөөр буудай худалдан авч байгаа.
-Өнгөрсөн жил тариа­ланч­дын урамшууллыг цаг хугацаанд нь олгоогүй байгаа талаар тариаланчид гомдоллож байсан. Энэ жилийн хувьд хэдийгээр олгох вэ?
-Манайд хэрэгждэг журмын дагуу буюу арваннэгдүгээр сарын 15-ны дотор худалдан авсан буудайнхаа мэдээллийг бидэнд ирүүлж, арванхоёрдугаар сарын 1-ний дотор хяналт шалгалт, боловсруулалтаа манай яамнаас хийдэг. Ингээд арванхоёрдугаар сарын 5-ны дотор Засгийн газрын хуралдаанд материалаа өгдөг.
-Энэ жил гурил болон төмс, хүнсний ногоогоор дотоодынхоо хэрэгцээг бүрэн хангаж чадах уу?
-Гурилын хувьд дотоодын хэрэгцээгээ хангахад бага зэрэг дутахаар харагдаж байна. Хүнсний ногооны тухайд манай улсын дотоодын хэрэгцээ жилдээ 190 гаруй мянган тонн байдаг. Гаалийн мэдээгээр манайд 70 орчим мянган тонн хүнсний ногоо импортолдог. Мөн иргэд 90 гаруй мянган тонн ногоо импортоор оруулж ирдэг. Харин манай улсын хураан авсан хүнсний ногоо 101 мянга байгаагаас үзэхэд 100 хувь хангаж чадахгүй. Харин төмсний хувьд хэрэгцээгээ бүрэн хангах болно.

Б.Мягмаржав

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан