Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

ДУНД АНГИЙН СУРАГЧИЙН ДҮРЭМТ ХУВЦАСЫГ ИРЭХ САРААС ҮЙЛДВЭРЛЭНЭ

Ерөнхий боловсролын сургуулийн сурагчид маань энэ жилээс дотооддоо үйлдвэрлэсэн дүрэмт хувцасаар ижилсэх болсон. Хэдийгээр үйлдвэрлэгчид чанар, загвар сайтай дүрэмт хувцас үйлдвэрлэхээ амлаж, бүтээгдэхүүнээ хэрэглэгчдэдээ нийлүүлж эхэлсэн ч даавуу нь чанаргүй байна, бөөсөрч байна гэсэн гомдол эхнээсээ ирсээр... Иймээс өчигдөр ҮХААЯ-ныхан болон үйлдвэрлэгчид мэдээлэл хийлээ. Мэдээллийн эхэнд гомдол дагуулаад байгаа сурагчийн дүрэмт хувцасны даавууг шинжилгээнд өгсөн тухай дуулгав. Шинжилгээгээр дүрэмт  хувцасыг хийсэн материал нь олон улсын стандартад нийцсэн хэмээн гарсан байна. Энэ талаар Нэхмэлийн хүрээлэнгийн захирал Д.Энхтуяа “Сурагчийн дүрэмт хувцасыг хагас ноосон даавуугаар хийсэн. Хагас ноосон даавуу гэдэг нь ноосын орц нь 40 хувь байхаар тогтсон байдаг. Манайд 20 гаруй үйлдвэрт  хэрэглэж байгаа даавууны сорьц ирсэн. Сорьцны дүнгээс харахад дүрэмт хувцасыг хийж байгаа даавуу нь стандартын дагуу байгаа нь батлагдсан. Тухайлбал, даавууны бүтэц, физик, механик шинж чанарыг харгалзаж үзсэнээс  гадна эдэлгээний үзүүлэлтийг манай лаборатор тодорхойлсон. Эдэлгээг шалгахдаа лабораторт шинжилж, хэдэн удаагийн үрэлтэд цоорох уу, угаасны дараа хэлбэр хадгалалт ямар байна, будгийн тогтолт зэргийг хянаж тогтоосон. Бөөгнөрөлтийг ISO стандартын дагуу 2500 үрэлтэд хэр байх вэ гэдгээр тодорхойлно. Бид 5000 үрэлтийг хэр дааж байна хэмээн шалгасан. Ингээд дөрвөн баллын үнэлгээ өгсөн. Бөөсрөлтийн үнэлгээ дөрвөн баллаас дээш байна гэдэг нь гадуур хувцасны стандартад нийцэж байна гэсэн үг” хэмээв.
Түүнчлэн сурагчдын дунд дүрэмт хувцасны чанарын талаар яамнаас судалгаа хийжээ. Судалгаанд 15 сургуулийн 1500 гаруй сурагчийг хамруулсан байна. Судалгаанд хамрагдсан хүүхдийн нэг хувьд нь  дүрэмт хувцсанд бөөсрөлт ажиглагджээ. Өөрөөр хэлбэл,  хүүхдүүдийн хэрэглэж байгаа байдлаас шалтгаалж чанарын доголдол гарсан байна. Тухайлбал, 77 дугаар сургуулийн сурагч цементэн гулгуурт гулгадгаас болж байнга өмдөө урдаг тул хоёр, гурван өмд авсан талаар аав нь хэлсэн аж. Мөн ширээ сандлын чанарын байдлаас бөөсрөх эсэх нь шалтгаалдаг байна. Иймээс эд зүйлийг хайнга хэрэглэвэл урагдаж, мууддаг талаар албаныхан хэллээ. Манай үйлдвэрүүдийн лаборатор гэж ямар олигтой газар байх вэ дээ хэмээн зарим хүн хэлдэг. Тэгвэл Нэхмэлийн хүрээлэнгийн лаборатор Азид итгэмжлэгдсэн чанарын баталгаа гаргаж өгдөг юм байна. Мөн лабораторын шинжилгээгээр сурагчийн дүрэмт хувцас нь ноосон даавуунд байх агаар нэвтрүүлэх чанар ч сайн гэсэн дүгнэлт гарчээ.
Ийнхүү хэл ам дагуулсан сурагчийн дүрэмт хувцасны даавууг хоёр дахь удаагаа шинжилгээнд хамруулсан байна. Өмнө нь тавдугаар сард шинжилгээнд хамруулж байж. Харин оёдлын үйлдвэрүүд оёдлын чанарт хэрхэн анхаарч байгааг  “Өэлүн минж” ХХК-ийн захирал Ж.Буянбаатар “Өнөөдрийн байдлаар нийт 62 оёдлын үйлдвэр сурагчийн дүрэмт хувцас үйлдвэрлэж байна. Энд орон нутгийн үйлдвэрүүд ч орсон. Одоогийн байдлаар үйлдвэрүүд нэгээс тавдугаар ангийн хүүхдүүдийн дүрэмт хувцасыг оёж бараг дууссан гэнэ. Сурагчийн дүрэмт хувцасыг дотоодын үйлдвэрлэгч дээры хийлгэх болсон нь бидэнд маш том дэмжлэг болж байгаа. Тэгээд ч олон монгол хүнийг ажлын байртай болголоо.
Тухайлбал, 1000 ажлын байрыг шинээр бий болгосон. Борлуулалтын хувьд БШУЯ-наас дүрэмт хувцасны талаар таниулах, сурталчлах ажил хийсэн. Энэ нь үр өгөөжөө өгч борлуулалт сайн байна. Харин гомдол гаргаж  байгаа хүмүүст хандаж хэлэхэд даавуу болохгүй байна уу, оёдол нь болохгүй байна уу гэдгийг ялгаж хандах хэрэгтэй. Оёдлын үйлдвэрүүдийн хувьд хамгийн сүүлийн үеийн дэвшилтэт техник технологийг ашиглаж оёж байгаа учир тэгж их гологдоод байхгүй байх. Дүрэмт хувцас үйлдвэрлэх үйлдвэрүүдийг олон шалгуур тавьж авсан. Хэрэглэгчдэд чанартай бүтээгдэхүүн үйлдвэрлэж хүргэх нь бидний зорилго. Тиймээс зарим жижиг техник технологи муутай үйлдвэрүүдийг хамруулаагүй” хэмээн ярьсан юм. Түүнчлэн сургуулийн дүрэмт хувцас үйлдвэрлэх явц костюм үйлдвэрлэх явцтай адил учир боловсон хүчин, хүний нөөц, техник технологитой үйлдвэрүүдийг хамруулсан байна. Дүрэмт хувцас үйлдвэрлэх саналаа өгсөн үйлдвэрээс одоогийн байдлаар 12 нь хасагджээ.
Өнгөрсөн наймдугаар сарын 10-наас сурагчийн дүрэмт хувцасны үйлдвэрлэл эхэлсэн. Нийслэлийн хэмжээнд бага ангийн хүүхдийн нийтдээ 121971 ширхэг дүрэмт хувцасны захиалга ирсэн. Өнөөдрийн байдлаар үүнээс 119091 ширхэг иж бүрэн дүрэмт хувцасыг үйлдвэрлэж, сургуулиудад нийлүүлжээ. Гэхдээ дүрэмт хувцасны үлдэгдэл их байгаа тул нийслэлд одоогоор бага ангийн хүүхдийн дүрэмт хувцас үйлдвэрлэх ажлыг зогсоогоод байгаа аж. Харин дунд ангийн хүүхдүүдийн дүрэмт хувцасыг гэрээний дагуу арваннэгдүгээр сарын 1-нээс үйлдвэрлэж эхлэх аж. Орон нутгийн хувьд  бага ангийн хүүхдийн 80 мянга 931 ширхэг дүрэмт хувцас үйлдвэрлэн  нийлүүлжээ. Харин эцэг эхээс дүрэмт хувцасны хувьд гомдолтой байгаа бол үйлдвэрлэгч дэд хандаж солиулж болох юм байна.
 Дашрамд сонирхуулахад,  ноосон давуугаар сурагчийн дүрэмт хувцас хийхийг Австрали улс анх санаачилж олон улсын стандарт болгож батлуулсан байдаг. Иймээс манай улсад урлаж буй сурагчийн дүрэмт хувцасыг дээрх стандартын даавуугаар үйлдвэрлэж байгаа гэдгийг ҮХААЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Х.Золжаргал албан ёсоор хэлж байлаа. Мөн ноосон материалын бөөсрөлтийн тухайд хонины ноосны ширхэг 20-60 мм байдаг. Тэгэхээр утас болгож ээрээд дараа нь синтетиктэй холиод даавуу болгохоор үндсэндээ 20  мм-ийн урттай богино хэсгүүд нь ноос учир утаснаасаа сугарч гарсан нь даавуун дээрээ бөөгнөрдөг байна. Харин энэ үйл явц удаан үргэжлэхгүй бөгөөд хоёр гурван удаагийн цэвэрлэлтийн дараа зогсдог. Иймээс дүрэмт хувцас нь бөөсөрч өмсөх аргагүй муухай боллоо хэмээн эцэг, эхчүүд санаа зовоох хэрэггүй гэдгийг албаны хүмүүс хэллээ.

Б.Мягмаржав

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан