Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Хөшигийн хөндийд өрнөсөн бүтээн байгуулалт урагштай байна


Наран авхай буцаж, намрын сэрүү орсон ч Төв аймгийн нутаг Хөшигийн хөндийд бүтээн байгуулалтын ажил ид өрнөж байна. Монгол, Япон, БНСУ, АНУ, Англи, Филиппин зэрэг дэлхийн өнцөг булан бүрээс ирсэн уран гартнууд тус аймагт барьж буй Улаанбаатар хотын олон улсын нисэх онгоцны буудлын ажлыг гардан гүйцэтгэхээр ханцуй шамлан оржээ.

700 гаруй хүн хүч хөдөлмөрөө шингээн хийж буй уг ажилтай Ерөнхий сайд Н.Алтанхуяг өчигдөр газар дээр нь очиж танилцав.
Шинэчлэлийн Засгийн газраас долоо хоног бүрийн даваа гарагт салбартаа хийж буй бүтээн байгуулалтын ажлаа олон нийтэд танилцуулдаг.

Энэ удаагийн “Бүтээн байгуулалтын цаг” уулзалт Хөшигийн хөндийд болсноороо онцлогтой байв. Нийслэлийн хүн амын төвлөрлийг сааруулах зорилгоор Төв аймгийн нутагт дэлхийн жишигт нийцэхүйц нисэх онгоцны буудал барьж, ашиглалтад оруулснаар хот хүрээгээ тэлнэ хэмээн мэргэжилтнүүд тооцоолжээ. Бүтээн байгуулалтын ажлын хүрээнд барилга барих талбайд 2.8 сая ам.метр хөрс хуулж, энэ жилийн төлөвлөсөн ажлынхаа 94 хувийг гүйцэтгээд байгаа аж. Мөн барилга, онгоц хөөрч буух зурвасын суурь ухах болон дүүргэлтийн ажлыг төлөвлөснөөсөө 27 хувиар давуулан биелүүлээд байгааг дээрх төслийн удирдагчид хэлж байсан. Ажил урагштай байгаа учир онгоц хөөрч буух зурвасын далангийн газар шорооны ажлыг гүйцэтгэж ирэх жил бетон хучилт хийхэд бэлтгэхээр ажиллаж буй гэсэн. Энэ талаар тус төслийн захирал Н.Энхбат “Зорчигч үйлчилгээний барилга, Нислэг хөдөлгөөний удирдлагын цамхаг, Гал унтраах авран хамгаалах албаны барилгын суурь цутгах ажлыг гүйцэтгэх, ажилчдын байр, түр оффисын барилга барьж дуусгах, барилгын талбайн хамгаалалтын түр хашаа барих ажил төлөвлөгөөний дагуу явж байна. Харин Засгийн газраас хөрөнгө мөнгийг нь шийдэх гурван барилга бий. Захиргаа, аэродром, ачаа шуудан тээвэрлэх үйлчилгээний барилгыг нисэх онгоцны буудалтай хамтад нь барихгүй бол болохгүй” гэдгийг ч хэлж байсан. Түүнчлэн замын асуудлыг ч шийдэх шаардлагатай байгаа аж. Төслийн хүрээнд 30 орчим барилга байгууламж баригдахаас өнөөдрийн байдлаар гурвынх нь суурийг цутгаж, ажил нь эхлээд буй гэсэн.

Төслийн барилгын ажлыг гүйцэтгэхэд 49.5 тэрбум иен зарцуулах бөгөөд төслийг Япон улсын хөгжлийн албан ёсны туслалцааны хөнгөлөлттэй зээлээр санхүүжүүлж байгаа аж. Энэ нь 0.2 хувийн хүүтэй, 40 жилийн хугацаатай, эхний 10 жилдээ зээлийн үндсэн төлбөрөөс чөлөөлөгдөх нөхцөлтэй юм байна. Шинэ нисэх буудал цахилгаан эрчим хүчээр хоёр талын эх үүсвэрээр хангагдахаар төлөвлөгдсөн бөгөөд Налайхаас 110 кВ-ын цахилгаан дамжуулах шугам татаж, дэд станц байгуулах ажил дуусч ашиглалтад хүлээж авахаар бэлтгэж буй аж.
Харин өнгөрсөн хугацаанд барилгын талбайд манай тал түр хугацаанд цахилгаан эрчим хүчээр хангаж байжээ. Мөн хоёр дахь эх үүсвэр болох Сонгины дэд станцтай холбох шугамын угсралтын ажил дууссан бөгөөд ирэх онд холболт хийхээр төлөвлөж буй гэсэн. Хүйтний улирал эхэлж, барилга, газар шорооны ажил хийх хугацаа дуусч байгаатай холбоотойгоор ирэх сарын 15-наас төслийн багийнхан ирэх жил хийх барилга, бүтээн байгуулалтын ажлын 9000 гаруй хуудас бүхий нарийвчилсан ажлын зураг боловсруулах, зургийн хяналтыг хэрэгжүүлэх, зарим материал, тоног төхөөрөмжийг татан авах аж. Түүнчлэн ирэх хавраас барилгын ажлыг эрчимжүүлж, хүн хүч, техник тоног төхөөрөмжийг нэмэгдүүлэх замаар гүйцэтгэгчийн гэрээнд заасан 43 сарын хугацаанаас өмнө Улаанбаатар хотын олон улсын нисэх онгоцны шинэ буудлыг барьж дуусгах зорилт тавиад байгаа аж. Эдгээр ажилтай Ерөнхий сайд танилцаад “Бодит ажил эхлээд дөрвөн сар болж буй ч ажлын явц сайн байна. Энэ эрчээрээ үргэлжлүүлбэл Хөшигийн хөндий дэх бүтээн байгуулалтын ажил төлөвлөсөн хугацаандаа дуусах боломж байна” гэв.

Тус төсөлд Япон улсын “Азуса Сэккэй/Ориентал Консалтантс” түншлэл зөвлөхөөр, “Мицүбиши/Чиёода” түншлэл ерөнхий гүйцэтгэгчээр, БНСУ-ын “Самсунг Си энд Ти” корпорац ерөнхий туслан гүйцэтгэгчээр ажиллаж байна. Мөн бүтээн байгуулалтын ажилд манай улсын “Дельта констракшн”, “БҮТИ”, “Насны зам”, “Нэйшнл Девелопер” зэрэг компанийн инженер, техникийн ажилтнууд гар бие оролцож байгаа юм.    

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан