Сүүгээр, гэхдээ бүр шингэн сүүгээр даашинз хийнэ гэвэл та итгэх үү. Мэдээж сүүг хатааж, биетэй болгохоос нааш даашинз хийх тухай бодох аргагүй мэт. Тэгвэл Польшийн гэрэл зурагчин Ярослав Виезоркиевич гэрэл зургийн аргаар сүүн даашинз “хийсэн” байна.
Гэхдээ үүний тулд нөр их хөдөлмөр зориулж, хэдэн зуун удаагийн оролдлого, чамгүй их сүү гарзадсан нь тодорхой. Тэрээр модель бүсгүйчүүд дээр хэдэн арван удаагийн оролдлогоор их хэмжээний сүү асгаж, тэр бүрийнх нь зургийг аваад эцэст нь 200 өөр зургийг фотошопын аргаар нийлүүлснээр сүүн даашинз бүхий энэ гайхамшигтай зургууд бэлэн болжээ.
Гэхдээ зурагт фотошопын аргаар нэмсэн, хассан, шинээр бий болгосон юу ч байхгүй, зөвхөн авсан зургуудаа л хооронд нь нийлүүлэхэд ашигласан бөгөөд гэрэл зургийн аппарат нь ч энгийн нэг хэрэгсэл байсан гэж Ярослав ярьжээ. Мэдээж энэ бүхэн залхмаар их нарийн ажиллагаа шаардсан ажил байсан ч үр дүнгээ үзэхэд гайхалтай сайхан байна гэж гэрэл зурагчин хэлжээ.