,Монголын нэгэн нууцлаг компани Токиод таван тэрбум иен буюу 51 сая ам.доллараар 10 давхар байшин худалдан авахаар дуудлага худалдаанд санал өгсөн гэдэг мэдээлэл Японы хэвлэлүүдээр гараад байна.
Токиогийн Чиёода дүүрэгт орших, хуучин Хойд Солонгосын төлөөлөгчийн газар байрлаж байсан Чонгрён хэмээх уг байшинг дуудлагаар худалдах шүүхийн шийдвэр гараад өнгөрсөн гуравдугаар сард эхний шатны дуудлага худалдаа зохион байгуулсан юм байна. Тухайн үед нэгэн шашны сүм 46 сая ам.доллараар худалдан авах санал гаргасан ч шаардлагатай зээлээ авч чадаагүй тул дахин дуудлага худалдаа зарласан байна. Ингээд хоёр дахь шатны дуудлага худалдаанд Монголд бүртгэлтэй "Avar" LLC буюу "Авар" хэмээх компани таван тэрбум иенийн санал тавьснаар ялагч болоод байгаа аж. Гэхдээ тус компани үнэхээр энэ мөнгийг төлөх чадвартай эсэхийг нягтлан шалгаад, ирэх пүрэв гаригт албан ёсны шийдвэр гаргах гэнэ.
Өмнө нь Монголын компаниудаас Японд үл хөдлөх хөрөнгө худалдаж авсан тохиолдол байхгүй учир энэ явдал япончуудыг ихэд гайхашруулж байгаа бололтой. Тиймдээ ч "Авар" компанийг судлах гэж үзэхэд Монголд бүртгэлтэй гэдгээс өөр мэдээлэл олдоогүй байгаа аж. Чонгрён хэмээх 1986 онд баригдсан энэ барилгад Хойд Солонгосыг дэмждэг “Япон дахь Солонгосын оршин суугчдын ерөнхий холбоо” хэмээх байгууллага үйл ажиллагаа явуулж байжээ. Гэвч байгууллага нь дампуурсан тул байшинг нь дуудлагаар худалдах шийдвэр гарсан аж. Гэтэл нэр нь ч танил бус, ямар үйл ажиллагаа эрхэлдэг нь тодорхой бус Монголын нууцлагдмал компани анх дуудсан үнээс нь /26 сая ам.доллар/ бараг хоёр дахин өндөр үнэ хэлсэн нь тагнуул туршуултай холбоотой хэрэг юм биш биз гэсэн хардлагыг төрүүлээд байгаа аж. Өмнөх дуудлага худалдаанд ялаад байсан сүм ч Хойд Солонгосын нөлөө бүхий хүмүүстэй холбоотой байсан гэх.
“Япон дахь Солонгосын оршин суугчдын ерөнхий холбоо” хэмээх байгууллагын тухай танилцуулвал...
Дэлхийн хоёрдугаар дайны үеэр Солонгосын хойгийг эзэлсэн япончууд хүнд хүчир, болоод бүтээн байгуулалтын томоохон ажлууддаа солонгосчуудыг дайчлахаар асар ихээр нь нутгийн зүг зөөсөн байдаг. Боолын хөдөлмөр эрхэлж, зарц барлагийн ажил хийж байсан солонгосчууд их наран улсыг дайнд ялагдсаныг сонсоод битүүхэндээ баярлаж, бослого хөдөлгөөн их хэмжээгээр өрнүүлж эхэлсэн байдаг. Японы хүн амд багагүй хувь эзлээд байсан солонгосчууд дуулгавартай зарц байхаа болж асар ихээр хөдөлгөөнд орж эхэлсэн нь Японы нийгмийг багагүй доргиосон нь тодорхой.
Тэднийг дарах хүч тухайн үеийн Японы төрд байгаагүй учраас эртний түүхтэй якуза нартаа хандсан гэдэг яриа бий. Солонгосчуудыг ямар нэг байдлаар дарж, болбол нутаг буцаах ажлыг якуза нар гардан гүйцэтгэж, харин төрийн зүгээс энэ бүхний хараагүй мэт суух үүрэг хүлээсэн байдаг. Зөвхөн солонгос ч гэлтгүй, тайваньчууд ч энд багтаж. Удалгүй хоёр Солонгосын дайн дэгдэж, хойд өмнөд болон хуваагдахад Японд байсан солонгосчууд ч хоёр хэсэгт хуваагдсан нь ойлгомжтой.
Социалист үзлийг баримтлах болсон хойд солонгосчуудын хувьд Японд ажиллаж амьдарна гэдэг амаргүй даваа болж эхэлсэн байна. Арга буюу хойд солонгосчуудын холбоо байгуулан Японы засгийн газартай тохиролцон ажлын байраар хангах боломж хүссэн гэдэг.
Ийнхүү Японы хуулиар хориотой байдаг мөрийтэй тоглоомын газрыг хойд солонгосчууд анхлан ажиллуулж эхэлсэн байн. Мэдээж хоёрхон тоглоомыг л хүлээн зөвшөөрсөн байдаг нь тэдэнд харьяалагдаж эхлэв. Мөрийтэй тоглоом гэдэг асар их мөнгө дагуулж байдаг болохоор Хойд Солонгосчуудын халаасанд мөнгө урсах мэт орж ирж байсан гэнэ. Гэвч солонгосчуудын хувьд нэгд эх орон байдаг. Юун мөнгө хуримлуулах агуу эх орон руугаа мөнгөө зогсолтгүй шилжүүлж байгааг мэдсэн япончууд үндэсний аюулгүй байдал гэх мэтээр далайлган хойдуудын бизнесийг хумих, шахах бодлого явуулж эхэлсэн гэдэг. Япон Солонгосын хооронд явдаг байдаг ганц усан онгоцоо зогсоов.
Гэхдээ зөвхөн үүнээс болж хойдуудын бизнес хумигдаж эхэлсэн төдийгүй, нийт орлогынхоо багагүй хувийг эх орон руугаа шилжүүлж байсан нь дараа дараагийн бизнесээ өргөжүүлэх боломжийг нь ч асар ихээр боосоор Хойд Солонгосын нийгэмлэгийн үйл ажиллагаа үндсэндээ дампуурчээ.
Тэгэхээр Монголын чухам ямар компани, хойд солонгосчуудын эзэмшиж байсан энэ байшингийн эзэн болох гэж улайрав? Япончууд яагаад үүнд онцгой анхаарал хандуулж эхлэв гэдгийг бид цаашид сурвалжлан хүргэх болно.