Калифорнийн Купертино хотын эрх баригчид Apple корпорацын шинэ оффисыг өөрийн нутаг дэвсгэрт байгуулах зөвшөөрөл олгожээ. Энэхүү шинэ барилгын төсөл дээр 12 мянган хүн ажиллаж, 5 тэрбум ам.доллар зарцуулах юм байна. Мэдээж энэ их мөнгөний багагүй хувь нь дотоод засал чимэгдэлд зарцуулагдана. Барилгын төсөлд “Apple”-ийн үүсгэн байгуулагч Стив Жобсын амьд ахуйдаа мөрөөдөж байсан олон хүсэл, тэмүүлэл шингэсэн гэнэ. Сансрын хөлөг санагдуулам дизайн бүхий оффисын барилга нь дотроо том хэмжээний задгай цэцэрлэгт хүрээлэнтэй байх аж. Шилэн хийцийг ихээр ашиглахаар төлөвлөсөн төсөлд шаардлагатай зарим материалыг Германд үйлдвэрлэж эхэлсэн гэнэ. 2016 он гэхэд барилгыг барьж хүлээлгэж өгөхөөр төлөвлөгөөнд тусгажээ.