Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Монголын нийгмийн өнөөгийн байдал кино наадмаас тэргүүн шагнал хүртсэн

Азидаа хамгийн томд тооцогддог БНСУ-ын Бусаны олон улсын кино наадмаас “New Currents” буюу “Шинэ давалгаа” төрлөөс тэргүүн шагнал хүртсэн “Алсын удирдлага” кино багийнхан “Монгол ньюс” мэдээллийн төвд сэтгүүлчидтэй уулзаж мэдээлэл хийлээ. Уг хэвлэлийн бага хуралд “Алсын удирдлага” киноны найруулагч  С.Бямба, продюсер Ц.Ариунаа, Х.Хулан, ССАЖЯ-ны соёл урлагийн газрын дарга Н.Оргил, “Sound of cinema” компаний захирал Б.Жигжидсүрэн нар оролцлоо.

Бусаны олон улсын наадмын 18 жилийн түүхэнд байгаагүй Монгол нэрийг С.Бямба найруулагч анхдагч нь болон бүртгүүлж чадсан бөгөөд үүгээрээ монголын кино урлагийн түүхэнд өөрийн нэрийг тодоор сийллээ хэмээн мэргэжил нэгт нөхөд нь түүнийг өндрөөр үнэлж байгаа юм.

Уг киноны зураг авалтыг 2012 онд Нью Йорк хотноо олон улсын техник технологийн жишиг стандартад нийцүүлэн бүтээсэн “Пост” продакшныхан хийжээ. Киноны гол дүрүүдэд өдгөө БНСУ-д сурч байгаа залуу жүжигчин Э.Баасандорж, Ч.Ганбаатар нар болон УДЭТ-ын жүжигчин Н.Баярмаа нар тоглосон байна.

Нийслэл хотын ойролцоох жижигхэн өртөөнд амьдардаг Цог хүүд тохиолдсон хэдхэн өдрийн үйл явдал, түүний хүсэл мөрөөдөл ба анхны хайрын тухай өгүүлэх энгийн түүх мэт боловч өсвөр насны энэ хүүгийн дүрээр хувьсан өөрчлөгдөж байгаа Монголын нийгмийн өнөөгийн байдал, түүн дэх уламжлал ба шинэчлэлийн зохицол ба зөрчилдөөнийг уран сайхны аргаар дүрслэн харуулсан аж.

Бусаны олон улсын кино наадмаас “New Currents” буюу “Шинэ Давалгаа” төрлөөс тэргүүн шагнал хүртсэн С.Бямба найруулагч дэндүү даруухан нэгэн юм. Гэхдээ түүний хийсэн бүтээсэн нь их. Учир нь энэ удаагийн наадам бол түүний хувьд анхных басхүү сүүлийнх нь ч биш. Тэрбээр “Хүсэл шунал” киноноогоо 2010 онд БНСУ-ын Бусаны Олон Улсын Кино Наадмын нээлт хийж, Тайваны олон улсын Кино наадмын "Aзийн Хараа" Гран При шагналыг хүртэж, Арабын Нэгдсэн Эмират улсын Дубай, Шведийн Гётебург болон Тайландын олон улсын кино наадмуудад шилэгдэн оролцож байсан юм. Мөн тэрбээр уг киногоо 2011 оны гуравдугаар сард АНУ-ын Сан Францискогийн олон улсын кино наадмын үеэр нээж байсан бөгөөд 2010 оны “Гоо Марал” шагнал тус тус хүртэж байсан билээ.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан