Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

ТӨРИЙН КОМПАНИУД ГАР НИЙЛВЭЛ ТӨСВИЙГ ХЭДЭН ТЭРБУМААР НЬ ХЭМНЭНЭ

Энэ оны байдлаар төрийн өмчит компаниуд ямархуу алдагдалтай байгааг Төрийн өмчийн хорооноос саяхан зарласан. Наймдугаар сарын 20-нд гаргасан судалгаанаас үзвэл эдгээр компанийг үндсэн гурван хэсэгт ангилж болох юм. Нэг тэрбумаас илүү хэмжээний алдагдалтай 14 компани байдаг аж. Эдгээр нь жилдээ л 50 тэрбум төгрөгийн алдагдалтай ажилладаг гэнэ. Хоёрдугаар ангилалд 100 саяас нэг тэрбум төгрөгийн хооронд алдагдалтай 13 аж ахуйн нэгж багтжээ. Таван саяас 100 сая төгрөгийн алдагдалтай 10 компани, нийтдээ 37 төрийн байгууллага их, бага хэмжээний алдагдалтай ажиллаж байна.

Иргэдийн хяналт ил тод байдлаас үүджээ

Шинэчлэлийн Засгийн газар үйл ажиллагаагаа эхлүүлээд төрийн аль ч салбарт шинэчлэх бодлого баримталж буй. Үүний жишгээр Төрийн өмчийн хороо ч шинэ хандлага эхлүүлж, төрийн албаны гурван гол зарчмыг хэрэгжүүллээ гэж Д.Цогтбаатар дарга хэлэв. Эдгээр нь, ард түмэнд нээлттэй ажиллах, ил тод байх, захирах, захирагдах ёсыг баримтлах явдал. Тийм ч учраас төрийн өмчит компанийн талаар хүн бүрт мэдээлж, зарчмаа хэрэгжүүлсэн аж. Харин өнөөдрийн байдлаар төрийн өмчит компаниудын үйл ажиллагааг нээлттэй танилцуулсны үр дүн гарч эхэлсэн гэнэ. Мэдээллийг дагаад олон нийтийн хяналт бий болсныг дурдах нь зөв. Жирийн ажилтан байгууллагынхаа алдагдалтай байгааг анхаарч, хянадаг, өөрт болон бусдад шаардлага тавьж чаддаг болжээ.
Хөндлөнгөөс харж буй иргэд ч анхаарал хандуулж, арга зам эрэлхийлэх нь нэмэгдсэн аж. Тухайлбал, малын эмч н.Сэр-Од гэдэг хүн ТӨХ-ны даргатай зорин ирж уулзаад цөм-сүргийн аж ахуйн алдагдалтай ажиллаж буй бол би саналаа хэлье гэсэн байна. Тэрээр шинжлэх ухаанч талаас нэлээд сонирхолтой дүгнэлт гаргажээ. Тодруулбал, Өмнөговь аймгийн Говьгурвансайханы ямаа хаана идээшилбэл илүү үр дүнтэй вэ гэдгийг хэлж. Өмнөд нутагт бэлтгэвэл ашиг шим нь илүү гарна гэдгийг шинжлэх ухааны тодорхой аргачлалаар нотолсноо танилцуулжээ. Мөн их, дээд сургуулийн багш нар ирж, алдагдалтай ажиллаж буй үйлдвэрүүдэд судалгаа шинжилгээ хийх, дүгнэлт гаргая хэмээн хамтрах саналаа илэрхийлсэн байна.
Компаниудад урьд нь хийж байсан судалгааг нягтлах, нэмж тодруулаад баяжуулах, компанийн үйл ажиллагааг яаж сайжруулах вэ гэдгээ ярилцаж. Жишээ нь, Санхүү эдийн засгийн сургуулийн багш нартай таван хэсэг байгуулан ажиллаж эхэлжээ. Уул уурхайн салбарт нэг компани сонгон авч, үйл ажиллагааг нь тандах байдлаар асуудлыг авч үзнэ. Энэ жишгээр зам тээвэр, эрчим хүч, мэдээлэл технологийн компаниудад судалгаа хийж буй юм. Яг энэ судалгааны ажлын явцад нөхцөл байдал эерэгээр өөрчлөгдөх шинж ажиглагдсаныг Д.Цогтбаатар онцлов.

Төрийн өмчийн “манаа” бол нүсэр ажил

Урьд нь, төрийн өмчит байгууллага алдагдалтай гэж шүүмжилж байсан бол одоо юу хийж, нийгэмд юу бүтээдэг, ямар ач тустай вэ гэдгийг тодорхой болгох асуудлыг орхиж болохгүй. Өнөөдрийн байдлаар 94 компани 100 хувь төрийн өмчит. Эдгээрээс 1-3 хүнтэй ажилладаг цөм сүргийн, эсвэл газар тариалангийн үрийн ажил эрхэлдэг байгууллагыг хасвал 57 компанийн тухай ярих болно. Дөрвөн жилд нэг удаа төрийн өмчийн тооллого болдог. 2012 оны үндсэн тооллогоор улсын хэмжээнд төрийн өмчит мянгаад хуулийн этгээд байна. Орон нутгийн өмчийн 4050 байгууллага бий гэх тооцоо гарчээ. Тэгэхээр энэ хороо нь 5000 гаруй байгууллагатай өмчийн харилцаа үүсгэж ажилладаг гэсэн үг. “Эдгээрийн тайлан, баланс болон бүртгэл, тогтолцоонд оролцдог, тэр ч утгаараа манай байгууллагын эрх үүрэг, ажиллах далайц маш том гэдгийг ойлгож болох юм. Улсын хэмжээг хамардаг нүсэр ажил” хэмээн Д.Цогтбаатар дарга хэлэв. ТӨХК-иудад 2011 оны байдлаар 43 мянган хүн ажиллаж байсан бол энэ жил 47 мянгад хүрчээ. Тэгэхээр дээрх тооны хүнийг ажлын байраар  тогтвортой хангах нь төрийн өмчит компаниудын үүрэг гэж болох аж.
Улсын хэмжээгээр 14 их наяд төгрөгийн төрийн өмч байдаг гэнэ. Эдгээр компани нийтдээ ДНБ-ий 23 хувийг эзэлж байгаа. Нийт орлого нь жилдээ 3.2 их наяд төгрөг. Цэвэр ашиг нь 250 тэрбум төгрөгт хүрнэ. Ногдол ашиг нь 119 тэрбум гэх тооцоо гарч. Харин татварт 98 тэрбум төгрөг тушаажээ. Монгол гэдэг айлын төсөв болон эдийн засагт төрийн өмчит компаниудын оруулж буй үр ашгийг үүгээр тоймлон, дүгнэх боломжтой.

Ард түмнээ ч бодно, алдагдлаа ч танана

Төрийн өмчит компаниуд алдагдлаа хэрхэн бууруулж, хамтарч ажиллах, нийгмийн сэтгэлгээ ямар байх, ард түмэнтэй яаж зөвшилдөх талаар анхаарч ажиллаж байгаа гэнэ. Гэхдээ алдагдалд гадаад, дотоод хүчин зүйл нөлөөлдгийг анхаарах нь зөв. Эрчим хүчний компаниуд үнэ тарифын асуудлаас болж алдагдалтай ажилладаг. Уул уурхайн компаниуд ч мөн адил шалтгаанаар алдагдал хүлээх нь бий. Жишээ нь, нэг тонн нүүрсийг 22500 төгрөгөөр олборлодог бол зах зээлд худалдахдаа тонн тутмыг 18 мянган төгрөгөөр борлуулдаг гэж байсан юм. Тэгэхээр дор хаяж 4500 төгрөгийн алдагдалтай. Эдгээр байгууллага нь ард түмний нуруун дээр хүнд ачаа үүрүүлэхгүйн төлөө зүтгэж буй. Гэвч төрийн өмчит учраас алдагдлаа арилгах шаардлага тулгарна. Үүний тулд зөв  менежмент сонгож хэрэгжүүлэх шаардлагатай, тийм ч боломжтой гэж ТӨХ-ны дарга үздэг аж.
Дотоод нөөц бололцоогоо, хүний нөөцөө ашиглах боломж маш их бөгөөд чухалд тооцогдоно. Зөв менежмент, сайн удирдлагатай байх, төрийн өмчит компаниудын уялдаанаас хамаарч алдагдал их гардаг байна. Иргэний нисэхийн ерөнхий газар болон МИАТ компанийн дунд өрнөсөн явдлаар жишээ татаж болно. МИАТ компани онгоцоо засч, сэлбэхийн тулд зориулалтын ангарт оруулдаг. Гэтэл ангар нь ИНЕГ-ын харьяалалд байдаг бөгөөд жилд 300 сая ам.доллар түрээст төлөх ёстой гэнэ. Өнгөрсөн хугацаанд түрээсийн төлбөр нь олон жил хуримтлагдаж, өдгөө тэрбумаар хэмжигдэх болоод байгаа. Тэгвэл яах ёстой вэ. Түрээсэлж буй ангарыг МИАТ-ийн мэдэлд шилжүүлье, тэгвэл түрээслэхээ больж, цэвэр ашгаа нэмэгдүүлнэ. Нөгөөтэйгүүр, дээр хэлсэн 4.5 тэрбум төгрөгт хүрсэн өр төлбөр ч давхар шийдвэрлэгдэх юм.
Мөн “Эрдэнэт” үйлдвэр жилдээ 20 мянган тонн ган бөмбөлөг худалдаж авдаг. Үйлдвэрийн технологид нэн шаардлагатай зүйл. Гэтэл түүнийг аль нэг иргэн, хувийн байгууллага, аж ахуйн нэгж нийлүүлбэл дундаас нь 900 саяас тэрбум төгрөгийн ашиг олох боломж бүрддэг байна. Үүнийг шинэ удирдлагууд нь Дарханы төмөрлөгийн үйлдвэртэй хамтраад шийдэх боломжтой. Төрийн өмчит нэг байгууллага нөгөөгийнхөө хэрэгцээт бараа бүтээгдэхүүнийг нийлүүлж байгаа ч хоёр талд зардал, төсөв хэмнэх боломжтой. Нөгөө талаас, Дарханы төмөрлөгийн үйлдвэр өвлийн цагт ч идэвхтэй ажиллах боломж бүрдэнэ. Одоо байгаа үнэ ханшаар эсвэл бага үнээр гэрээ байгуулж ажиллавал хоёр байгууллагын дундаас жилдээ л дөрвөн сая ам.доллар хэмнэх боломжтой ажээ. Тэгэхээр төрийн өмчит компанийн удирдлага, менежерүүд сэтгэл гаргаж, сэтгэлгээгээ дайчлах шаардлага бий.
Энэ бүхнээс гадна төр, хувийн хэвшлийн түншлэл, хамтын ажиллагааг зөв зохион байгуулахыг сануулав. Гэхдээ үүнийг аль аль өнцгөөс харж, тунгаан ойлгох хэрэгтэй. Хэдийгээр ашигтай ажиллах хамтын ажиллагаа байдаг ч алдагдал хүлээх нь ч бий гэлээ. Жишээ нь, ТЭЦ-4 компанид гэрээгээр тохиролцон гүйцэтгэж буй аж ахуйн нэгж жилдээ 1.9 тэрбум төгрөгийн үйл ажиллагаа явуулдаг. Энэ нь, засвар үйлчилгээ, судалгаа шинжилгээ эсвэл төрийн ажлыг хувийн нэгжээр нөхөн гүйцэтгүүлж ч болно. Сүүлийн гурван жил ТЭЦ-4 компанийн засвар үйлчилгээг хувийн аж ахуйн нэгжээр 1.3-1.7 тэрбум төгрөгөөр гүйцэтгүүлж иржээ. Тэгвэл ТЭЦ-3 компани энэ байдлыг өөрчлөхөөр зохион байгуулалтын шинжтэй нэг санаачилга гаргасан аж. Дотоод бололцоо, хүний нөөцөд тулгуурлаад засвар, үйлчилгээ хариуцсан, баг томилж. Ингэснээр засвар үйлчилгээнээс 406 сая төгрөг, цалингаас 200 гаруй сая төгрөгийн хэмнэлт гарчээ.
Сүүлийн гурван жилд цахилгаан, дулааны эрчим хүчний компаниудын судалгааг авч үзвэл есөн тэрбум төгрөгийн алдагдалтай гэх дүн гарч. Гэхдээ энэ харьцангуй ойлголт юм. Мэдээж хувийн хэвшлээр, гадаадын байгууллагаар гүйцэтгүүлэхээс өөр аргагүй ажил бий.
Тэр болгонд тооцоо болон төлөвлөлтийг нарийн, зөв хийх шаардлагатайг л ойлгох хэрэгтэй гэнэ. Хамгийн гол нь одоо үүссэн нөхцөл байдлаа сайн тодорхойлж таних, түүнийг шийдвэрлэх арга зам, бололцоо юу билээ гэдгийг тогтоох шаардлагатай. Тэндээс хамгийн үр ашигтай, зөв сонголт хийхийг анхаарууллаа.

Д.ЦОГТБААТАР: ТӨРИЙН ӨМЧИТ КОМПАНИУД ДНБ-ИЙ 23 ХУВИЙГ БҮРДҮҮЛДЭГ

Уулзалтын үеэр ТӨХ-ны дарга Д.Цогтбаатараас цаг үеийн асуудлаар тодруулга авлаа.

-Төрийн өмчит байг­ууллагуудын бүтэц, удирдлага данхайсан гэх шүүмжлэл их байдаг. Нөхцөл байдал ямар байгаа бол. Ер нь, байгууллагын төсвийн хэчнээн хувийг удирдлагад зарцуулдаг вэ?

-Үйлдвэрүүдэд судалгаа хийж байхад хамгийн гол нь удирдлага менежментийн хувьд алдаа гаргаж байгаа нь бүтцийн асуудал юм. Бид бүтцийг тодорхойлохдоо хүнийг нь харах бус үйлдвэр, аж ахуйн нэгжээс бүтээгдэхүүн гарахад ямар тогтолцоо шаардлагатай вэ гэдэгт л анхаардаг. Ер нь, аливаа байгууллагын удирдлагад нийт зардлын 20 орчим хувийг л зарцуулдаг юм. Гэхдээ үүнд машин унаа, тансаглалын зэргийн зүйлс, 200-300 сая төгрөгийн машин унадаг тохиолдол бий. Ялангуяа, “Эрдэнэт” үйлдвэрийн хэлтсийн дарга гэхэд хоёр орлогчтой байх жишээтэй. Хэрэв бид шуурхай ажиллана, үр ашигтай байя гэж үзвэл оновчтой бүтэц бий болгох шаардлагатай. Олон даргын бүтцийг өөрчилж, олон орлогчоор дамжих бус шууд даргатай харилцах бүтэц нэвтрүүлнэ гэж үзэж байгаа юм.
-”Эрдэнэт” үйлдвэрийн агуулахад ихээхэн хэм­жээний бараа ашиг­лахгүй, дэмий хадгалдаг гэж байсан. Үүнийг хэрхэн шийдвэрлэсэн бэ, одоо нөхцөл байдал ямар байна вэ?
-”Эрдэнэт” үйлдвэрийн үл­дэг­дэлтэй ихээхэн хэм­жээний бараа байдаг гэх шүүмжлэл бий. Үүнийг шат дараалалтайгаар шийд­вэрлэж байгаа юм. Бараа, материалыг худалдаж авах ажиллагаанд урьдчилж өгдөг асуудлыг зогсоосон. Өөрөөр хэлбэл, авлига болон түүнтэй адилтгах нөхцөл байдал үүсгэхгүй байхыг эрмэлзэнэ. Мэдээж хэрэг тухайн дарга өөрийн аж ахуйн нэгжээр дамжуулж бараа, материал нийлүүлж болно. Ингэхдээ банкаар дамжуулан баримтжуулаад, зээл аваад, түүгээрээ худалдан авалт хийх юм. Эргээд төрийн өмчит компанид нийлүүлэхдээ хэд дахин өндөр үнээр бус зах зээлийн жишиг, дундаж, болж өгвөл хямдхан үнэтэй байлгахыг шаардана. Энэ шатанд үнэлгээний баг ажиллаж байгаа. Тэгэхээр цаашид үлдэгдэлтэй бараа хадгалагдах, “шахах” байдал зогсоно. Ингэснээр агуулахад 10 тэрбум төгрөгийн бараа хадгалагдаж байсан бол 1.2 тэрбум төгрөгөөр хорогдуулсан.
-Төрийн өмчит компаниуд ДНБ-ий 23 хувийг эзэлдэг гэлээ. Яг ямар салбарын бүтээгдэхүүнүүд, тодорхой хэчнээн хувийг бүрдүүлж байгааг хэлж өгөөч?
-Дотоодын нийт бүтээг­дэхүүний 23 хувийг эзэлж байгаа. Үүнд гол байр суурийг эзэлж буй нь “Эрдэнэт” үйлдвэрийн хувь нэмэр юм. Манай улсаас дэлхийн зах зээлд гарсан хамгийн том байгууллага бол энэ шүү дээ. Өөрийн бүтээгдэхүүний баяжмал, молбиден зэрэг дулаан, эрчим хүчний салбарын нийлүүлэлтээрээ ДНБ-нд зонхилох байр суурь эзэлдэг. Гэхдээ чөлөөт зах зээлд шилжсэнээс хойш эдийн засгийн дийлэнх хэсэг нь хувийн секторт шилжсэнийг та бид мэднэ. 100 хувь төрийн өмчит компани 94 байгаа бол хувийн салбарт 65 мянга шахам компани бүртгэлтэй байдаг. Гэхдээ идэвхтэй үйл ажиллагаа явуулдаг нь ойролцоогоор 25 мянга. Үүнээс гадна нөхөрлөл, хоршоолол ажилладаг. Тэгэхээр төрийн болон хувийн хэвшлийн хамтын ажиллагааг зөв зохион байгуулах шаардлагатай. Гэсэн хэдий ч зах зээлд хувийн нэгжийн үйл ажиллагаа давамгай хэрэгжих нь тодорхой.
-Улсын төсвийн хэдэн хувийг төрийн өмчит компаниудад хуваарилдаг вэ?
-Улсын төсвийн 30-40 хувийг нь төрийн өмчит компаниудад зарцуулдаг гэж ойлгож болно.
-Таны автомашин шат­сан шалтгааныг тодор­хой болгосон уу. Шахалт, дарамтын сануулга гэж хардах хүн олон байгаа?
-Галын дүгнэлт гараагүй байгаа. Хэвлэл мэдээллийн хэрэгслээр машиныг шинэ байсан гэж бичсэн нь худлаа шүү. Өмнөх дарга нарын хэрэглэж байсан “Соната7” гэдэг машин байсан. Зүгээр явж байгаад гэнэт гал гарсныг мэргэжилтнүүд тодорхойлох болов уу. Мөн 50 мянган ам.долларын машин авчихсан гэж ярьж байгааг хүлээн зөвшөөрөхгүй байгаа. Тэнд Солонгосын Элчин сайдын авах гэж байсан машиныг дундаас нь дээрэмдэх шахам авсан гэж мэдээлсэн байсан. Надад тодорхой нотлох баримт, үзүүлэх материал бий. “Соната7”-той адилхан, “Азера” маркын энэ машины тендерийг 2012 онд төлөвлөгөөгөөр оруулаад, 2013 оны төсөвт суулгачихсан байсан. Машин авах тендер зарлахад “Хьюндэй” компани шалгарч 48 сая төгрөг буюу одоогийн ханшаар тооцоход 28 мянган ам.доллараар авсан гэсэн үг. Тэгэхээр тендер зарлаад, зургадугаар сарын 27-нд гэрээ байгуулж есдүгээр сарын 25-наас хойш хүлээн авсан машин. Өөрөөр хэлбэл, хуулийн дагуу, хөрөнгө оруулалтаараа шийдэгдсэн юм шүү.
Б.Ганбилэг

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан