Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

УРСАХ МӨНГӨӨ УЛСДАА ШИНГЭЭЕ

Монголчууд нэг үеэ бодвол Солонгос явж ажил хийнэ хэмээн хөл алдах нь багасч. Энэ жил ажиллах хүч авахаар Солонгосоос ирсэн компанийн төлөөлөгчид юун шилж сонгох, ажил хийхээр явья хэмээн ирсэн нэгнийг нь авбал их юм байсан биз. Гэтэл өмнөх жилүүдэд монголчууд Солонгос явна гэхээр тэнгэрт нисэх гэж байгаа мэтээр хөөрөн баясч, өдөр шөнөгүй хэрэлдэн дугаарлаж, солонгосчууд үүнийг нь далимдуулан нас, эрүүл саруул бие хаа шаардаж, бараг л царайлаг бол илүү цалин өгөх мэтээр ярьж байсан. Харин сүүлийн хэдэн жил монголчуудын хувьд амьдрал учиргүй сайжраагүй, тэнд очиж авах мөнгө эндээсээ авах хэдэн төгрөг нь зөрүүтэй ч хийх ажлын хувьд Монголдоо дээр гэдгийг мэдэрсэн гэхэд хилсдэхгүй. Монгол Улс өөрөө ажиллах хүчний асар их хэрэгцээтэй байгаа энэ үед аль аль талаа бодоод бид өөрсдөө л Монголдоо эхлүүлэх ёстой.
Чухамдаа өнөөдөртөө бид гадагшаа мөнгө урсгах биш дотооддоо мөнгөө шингээх нь юу юунаас илүү билээ.  Гэвч Монголбанкнаас гаргасан судалгаагаар сүүлийн жилд гадаадаас орж ирдэг биш гадагшаа гардаг мөнгө нэмэгдсээр байгааг онцолж буй.
Тоон судалгаанаас үзвэл өнгөрсөн оны мөн үед манай улсад 103 орны 22284 иргэн хөдөлмөр эрхэлж буйн 70,2 хувь нь хятад, 8,2 хувь нь ардчилсан солонгосчууд, 2,3 хувь вьетнамчууд, 3,3 хувь нь оросууд, 2,2 хувь нь америкчууд, 2,0 хувь нь австраличууд байдаг гэнэ.  Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих санд л гэдэг гадаадын иргэдийн ажлын байрны төлбөр гэж 51 тэрбум төгрөг төвлөрсөн аж.
Засгийн газрын 139 дүгээр тогтоолоор гадаа­даас ажиллах хүч авсан байгууллага ажилтан тутам­даа хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг хоёр дахин нэмэгдүүлсэн хэмжээний татвар улсад төлөх ёстой.Тэгэхээр цалин нь үүнээс багадаа хоёроос гурав дахин их байна гэж тооцвол хэдий хэмжээний мөнгө гадагшаа урсдаг нь тодорхой. Гэтэл өнгөрсөн сарын статистик мэдээллээр 37,6 мянган хүн бүртгэлтэй ажилгүй гэж гарч.
Харин гадаадаас авдаг 22 мянган хүний 40 хувь нь барилгын сарбарт 30-аад хувь нь уул уурхайн салбарт ажилладаг гэхээр бид ажилгүйчүүдийнхээ хэдэн хувийг ажлын байраар хангаж болох вэ. Энэ жилийн хувьд автомашин засварт ажиллах гадаадын ажилчдын квот нэмэгдсэн тухай уншсан. Бид өөрсдөө үүнийг хийж чадахгүй учраас тэр гэж үү. Тэрхүү автомашин засварт бид хэчнээн хэмжээний мөнгө зарцуулдаг билээ. Уншигч та машиндаа жилд хийлгэдэг урсгал засварын мөнгөө гадагшаа урсгадаг гээд бодоод үзээрэй.
Бид өөрсдөө хийдэггүй тэр “хар” гээд байгаа хүчир ажлаа гадаадын ажиллах хүчээр хийлгэх хэмжээнд хүрчээ гэж бодъё. Харамсалтай нь, гадаадад ажилладаг монголчууд маань юу хийдэг билээ. Аяга тавга, шал угааж, усан онгоцны үйлдвэр хавиар хүнд хүчир зүйл хайж ажилладаг биз.
Хэрвээ ажил олгогчид маань гадаадын ажилчиндаа өгөөд байгаа цалин дээрээ улсад төлдөг багаар бодоход 280 мянган төгрөгийн татвараа нэмээд монгол ажилчдадаа өгвөл...

Гадаадад ажилладаг хятад иргэд жилд 60 тэрбум ам.доллар гэр рүүгээ илгээдэг

Тэгвэл гадаадад ажиллаж амьдарч, мөнгөний төлөө зүтгэгсэд дэлхийн зах зээл дээр хэдэн ам.доллар эргэлдүүлж, эх орон, гэр орондоо хэдий хэмжээний мөнгө илгээдгийг сонирхоё.
Дэлхийн банкны тооцоолсноор 2013 онд дэлхийн өнцөг булан бүрт ажиллаж буй гадаадын ажиллах хүч нийтдээ 414 тэрбум ам.долларыг өөрийн гэр орон руу шилжүүлэх гэнэ.  Тэдний  хийсэн тооцооллоор ядууралтай тэмцэх ажлыг эрчимжүүлэх тусам гадаадад хөдөлмөр эрхлэгчдийн гэр орон руугаа явуулах мөнгөний хэмжээ нэмэгддэг байна.
Тэгвэл өнөөдрийн байдлаар 2013 онд харийн оронд ажиллаж байгаа цагаачдын нутаг руугаа явуулах мөнгөн шилжүүлгийн хэмжээ 550 тэрбум ам.долларт хүрчээ. Хорин жилийн өмнө ийм шилжүүлгийн хэмжээ 100 тэрбум ам.доллар байсан бөгөөд шинжээчдийн үзэж буйгаар 2016 он гэхэд 700 тэрбум ам.доллар хүрч өсөх ажээ.
Зөвхөн энэтхэгүүд гэхэд 71 тэрбум, хятадууд  60 тэрбум ам.доллар ар гэр рүүгээ явуулсан аж. Харин тажикууд болоод киргизүүд улс орныхоо ДНБ-ний 31 болон 48 хувийг гадаадаас явуулдаг байна. Саяхан эдгээр улсын төр захиргааны зүгээс гадаадаас орж ирж байгаа мөнгөн урсгалын хэмжээг олон нийтэд зарлахыг хориглосон гэнэ.
Энэ жил манай хойд хөрш анх удаа зарим улсаас ажиллах хүч авахаас татгалзсан байдаг. Латви, Литви, Чили, Уругвай гэх мэт улс жагсаалтад нь оржээ.
Мэдээж орчин үеийн эдийн засаг их бүтээн байгуулалтыг гадаадын ажиллах хүчгүйгээр төсөөлөх аргагүй. Гэвч зарим улс орон гадаадаас ажиллах хүч ихээр авахад хориг арга хэмжээ болгож, мөнгө гуйвуулгад хязгаар тогтоодог төдийгүй татварын хэмжээ нь өндөр байдаг аж. Тэгэхээр манайхны гадаад руу мөнгөн гуйвуулга хийхэд амархан хялбархан боллоо, хүү бага гэж сурталчилаад байдаг нь олон улсын жишгээр тийм ч сонгодог санхүүгийн систем биш бололтой. Жишээ нь, Германаас Босни Герцеговин руу шилжүүлэг хийхэд багадаа 13,5 хувийн татвар авдаг байна. Харин хамгийн бага татвар авдаг нь Оросоос Азербайжан руу хийх шилжүүлэг гэнэ. 1,8 хувь байдаг аж. Ер нь дунджаар гадаад руу хийх мөнгөн гуйвуулгын хүү  9 хувь орчим байдаг гэнэ.

Эрчүүд машин авах гэж эмэгтэйчүүд хүүхэддээ чанартай боловсрол олгохын төлөө...

“Бүсгүйчүүд эр нөхрөө ажил хийлгэхээр хаа нэг орон руу үдэж өгөхөөс илүүтэйгээр өөрсдөө гадагшаа гарч ажил хийдэг. Гадаадад ажиллаж байгаа бүсгүйчүүд гэр бүлийнхээ орлогын гол эх үүсвэр болоод зогсохгүй тэжээгч нь байдаг” хэмээн НҮБ-ын UNFPA сангийн дэд захирал асан Пурнима Мане хэлсэн юм. Эрчүүдтэй харьцуулбал бүсгүйчүүд орлогынхоо дийлэнх хувийг гэр рүүгээ илгээдэг. Тэгвэл ядуу буурай болоод хөгжиж буй орнууд руу илгээсэн мөнгө юунд зарцуулдаг вэ гэж сонирхмоор санагдана. Эмэгтэйчүүдийн илгээсэн мөнгө ихэвчлэн боловсрол эрүүл мэндэд зарцуулагддаг бол эрчүүдийнх гэр орон, машин тэрэг гэх мэт зүйлд илүүтэй хөрөнгө оруулалт болдог байна.
Н.Бат

0 Сэтгэгдэл
Зүйрлэх, зйүрлэхгүй юм гэж байдаг даа. гадагшаа манай мэргэжил багатай хүмүүс явж, тэндээс мөнгөө эх нутаг руугаа илгээж байгаа. гадаадаас мэргэжилтэй хүмүүс ирж манайд илүү их баялаг бүтээлцэж түүнээсээ хүртэж байгаа гэдгийг ойлгохгүй байна уу. гадаадын мэргэжилтэй ажилчдыг авахгүй бол манай дотоодын компаниуд ажлаа өнөөгийн дайтай явуулаад таны шунаад байгаа мөнгийг өгөх боломжтой болж байгаа юм. Зөвхөн гадаадын ажилчдад ч биш, бас дотоодын олон иргэн тэдэнтэй хамт бүтээлцэж мөнгө авч байгаа шүү. ажил олгогч юу ч хийж чадахгүй хүнд мөнгө өгөхгүй шдээ. Ийм тэнэг юм бичихээ болиоч.
Хамгийн их уншсан