Барилга нь актлагдан нураагдаад өөр сургуулийн хаяанд толгой хоргодож буй сургуулиудын амьдралаар “Ардчилал” сонин цуврал сурвалжлага хүргэж байгаа билээ. Энэ сарын 9-ний №203 /1822/ дугаарт нийслэлийн ууган сургууль болох гуравдугаар сургуулийн байдлыг танилцуулж байсан бол энэ удаад 1951 онд баригдаад, ашиглалтын хугацаа нь дуусч актлагдсан Нийслэлийн Сүхбаатар дүүргийн 11 дүгээр сургуулийг сонгон сурвалжлав. Бид өмнө нь дөрөв болон 16 дугаар сургууль дээр хуваагдан хичээллэж буй гуравдугаар сургуулийн амьдралыг сурвалжлан хүргэж байсан билээ.
11-ийнхэн хаана байна
Энэ хичээлийн жил актлагдсан сургуулийнхаа барилгыг чөлөөлсөн 11 дүгээр сургуулийнхан ойролцоох 45, 31, зургадугаар сургууль дээр хичээллэж байгаа гэсэн мэдээллийн дагуу очив. Эхлээд 45 дугаар сургуулиар ортол жижүүр багш нь “Энд 11 дүгээр сургууль байхгүй” гэсэн үгээр үүднээсээ буцаав. Ингээд тус сургуулийн урдхан талд байрлах зургадугаар сургуулиар ортол мөн л дээрх үгээр үдэх нь тэр. 11 дүгээр сургуулийнхан хаачив. Энэ асуултыг асуухаар зургадугаар сургуулийн захиралтай уулзлаа. Тэрээр “11 дүгээр сургуулийнхан 31 дүгээр сургууль дээр л хичээллэж байгаа. Манай сургууль 1800 гаруй хүүхэдтэй учраас тус сургуулийнханд анги гаргах боломжгүй” гэсэн юм.
31 дүгээр сургуулийнхан тэдэнд элэгсэг ханджээ
Ингээд АСА циркийн зүүн урд байрлах нийслэлийн 31 дүгээр сургуулийг зорилоо. 31 дүгээр сургуулийн өргөтгөлд 11-ийнхэн байрлаж байна. Гаднаас нь харахад л биеэ даасан сургууль энд байрладаг юм байна даа гэсэн бодол төрүүлэхээр тохижуулсан байранд 11-ийнхэн төвхнөжээ. Хүүхдүүд нь сургуулийнхаа үүдэн дэх талбайд хөөцөлдөж тоглоод л гуравдугаар сургуулийнхныг бодвол сэтгэл тэнэгэр байгаа нь илт. Гуравдугаар сургуулийнхан 16 болон дөрөвдүгээр сургуулийн хаяанд толгой хоргоддог нь гаднаас нь харахад цэнхэр дөрвөлжин хүрээ дотор гурвын тоог цагаанаар бичсэн самбараас өөр зүйлээр ялгарахгүй байсан. Арын болон аваарын хаалганд хоргодох тэднийг хэн ч харсан биеэ даасан сургууль гэж хэлэх аргагүй харагдсан бол 11-ийнхэн тэднээс тэс өөр байлаа.
Гуравдугаар сургуулийнхан багш нарыгаа ажилгүй болгохгүй гэсэн үүднээс ангиудынхаа тоог цөөлөлгүй, харин ч нэг анги орох зориулалттай танхимыг голоор нь хувааж, хоёр болгон хичээлүүлж байсан. Харин 11 дүгээр сургуулийнханд ингэх шаардлага алга. Учир нь, 31 дүгээр сургуулийнхан тэдэнд 10 анги гаргаж өгчээ. Математик, физикийн гүнзгийрүүлсэн сургалттай тус сургууль тийм ч олон сурагчгүй учраас 10 ангидаа хоёр ээлжээр хичээллэдэг гэнэ. Ууган сургуулийнхны хувьд хамгийн том бэрхшээл нь биеийн тамирын заал байсан. Тэгвэл 11-ийнхэн 31 дүгээр сургуультай харилцан тохиролцоод бүх ангийхныгаа долоо хоногт нэг удаа биеийн тамирын хичээлийг нь зааланд оруулахаар болжээ. Ерөнхий боловсролын хичээлийн хөтөлбөрийн дагуу долоо хоногт нэг ангид хоёр удаа биеийн тамирын хичээл орох учиртай. Тиймээс үлдсэн нэг цагийн хичээлийг нь ангидаа онол үзэх, дасгал хийх маягаар ордог байна.
Математик, физизийн гүнзгийрүүлсэн сургалттай 11 дүгээр сургуулийн захирал Д.Энхжаргалаас дараах зүйлсийг тодрууллаа.
-Хуучин сургуулийн барилгыг нурааж, цэвэрлэсэн байна. Барилын ажил хэзээ эхлэх талаар мэдэгдсэн үү?
-Барилгыг буулгасан, одоо зураг төслийг нь хийж байгаа. Бид өнгөрсөн жил хуучин байрандаа хичээллээд энэ онд чөлөөлж өгсөн. Одоо газар хөлдсөн учраас энэ жилдээ барилгын ажил эхлэхгүй л болов уу. Яаравчлууллаа гэхэд наанадаж хоёр жил болох байх гэсэн төсөөлөлтэй байна.
-Хуучин сургуулийн барилгын суурин дээр заал нь л үлдсэн байна лээ?
-Биеийн тамирын заал сүүлд 1996 онд баригдсан учраас нураах шаардлагагүй. Заалыг маань манай нэг үйлчлэгчийнх хараад тэнд амьдарч байгаа. Зааланд халаалт өгөхгүй бас хотын төвд зуух ашиглаж болохгүй учраас хүндхэн нөхцөлтэй л байгаа даа.
-Гуравдугаар сургуулийн хүүхдүүд нь их шилжсэн гэсэн. Танай суруулийн хувьд байдал ямар байна вэ?
-Манай сургууль математик, физикийн чиглэлээр гүнзгийрүүлсэн сургалттай учраас хүүхдүүд маань ийш тийшээ шилжээгүй. 31 дүгээр сургуультай маш сайн ойлголцож чадсан учраас бидэнд 10 анги суллаж өгсөн. Хоёр ээлжээр хичээллэж байна. Сургалтын тал дээр асуудал гарсан зүйлгүй.
-Хүүхдүүдээ хөгжүүлэх талын үйл ажиллагааг хэрхэн зохицуулж байгаа вэ?
-“Авьяас”, “Ном” хөтөлбөрөө хүүхдүүдэдээ хүргэхийн тулд хичээлийн сургалтын хөтөлбөрт оруулж өгсөн. Саяхан манай сургуулийн “Авьяас 2013” урлагийн наадам боллоо. Хичээлээс гадуур ажлуудыг явуулахын тулд заал түрээслэсэн л дээ.
-Математик, физикийн гүнзгийрүүлсэн сургалттай учраас эцэг эхчүүд танайд хүүхдээ өгөх гэж хошуурдаг. Энэ жил хэдэн сурагч шинээр элсүүлэв?
-Манайх элсэлтээ тавдугаар сард авдаг. 500 гаруй хүүхдээс шалгаруулж гурван ангид элсэлт авсан. Нийслэлийн хэмжээнд элсэлт авдаг учраас манай сургуульд элсэх гэсэн хүсэлтэй олон хүүхэд байдаг.
-11, 31 дүгээр сургууль хоорондоо нэлээд зайтай. Сургууль нүүсэнд эцэг эхчүүд болон хүүхдүүд санал гомдол гаргаж байна уу?
-Нийслэлийн хэмжээнд элсэлт авдаг болохоор манай сургуульд хотын хаанаас ч хүүхдүүд маань ирдэг. Нисэх, Улиастай, Баянхошуу гээд л. Хуучин сургуулийн хувьд төв зам, автобусны буудалдаа ойр байсан учраас хүүхдүүд маань хол явах шаардлагагүй байсан. Одоо бол зарим хүүхэд маань “Мөнгөн завьяа” болон төв номын сангийн автобусны буудал дээр буугаад ирж байгаа. Манай сургуульд дундаж амьдралтай айлын хүүхдүүд сурдаг. Тэр бүр ээж аав нь унаа машинаар хүргэж өгөөд байдаггүй. Төрийн албан хаагч, дундаж амьдралтай айлын хүүхдүүдийн сурдаг гүнзгийрүүлсэн сургалттай төрийн өмчийн сургууль манайхаар зогсохгүй нэмэгдээсэй гэж хүсч байна.
-31 дүгээр сургууль 10 ангиа суллачихаар ачаалал нэмэгдсэн байх даа?
-Тэгэлгүй яахав. Анх манайд найман анги өгнө гэж ярьсан ч удаа дараа уулзаж, нэлээн ярилцсаны эцэст 10 болсон юм. Өмнө нь 31 дүгээр сургуулийн зарим анги ээлжгүй хичээллэж байсан. Одоо хоёр ээлжээр хичээллэж байгаа.
-Өөр сургуулийн хажууд байрлаж байгаа гэхэд орчноо маш сайн тохижуулсан харагдлаа?
-Бид сургуулийн барилгыг нураана гэж сонсоод 31 дүгээр сургуулийн удирдлагатай тохиролцсон үеэс л бэлтгэлээ сайн хангасан. Энэ зун багш нар маань амраагүй. Гадна талаа цементлээд, орчноо тохижуулсан. Мөн сургуулийн коридорыг дундуур нь хувааж, вакум хоргоор тусгаарлаад англи хэлний под группийн өрөө, менежер, няравын өрөө хийсэн. Хүүхдүүд маань зуны амралтаараа амарч ирээд хуучин сургуулийг нь нураагаад хүндхэн нөхцөлд суралцах нь дээ гэсэн сэтгэл төрүүлэхгүйн тулд хичээж ажилласан.
-Засварын ажлыг ямар хөрөнгөөр хийсэн бэ?
-Сургуульд ногддог урсгал засварын мөнгөөрөө барилгын материал аваад л өөрсдөө ажлаа хийсэн дээ.