Гадаад харилцааны сайд Л.Болдын урилгаар ИБУИНВУ-ын Гадаад хэрэг, хамтын нөхөрлөлийн сайд ноён Уильям Хэйг Монгол Улсад айлчиллаа. Монгол, Британийн хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойн хүрээнд болж буй энэ айлчлалын үеэр албан ёсны хэлэлцээ хийж, хоёр талын болон олон улсын харилцааны харилцан сонирхсон асуудлаар санал солилцлоо.
Сайд У.Хэйг Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, Ерөнхий сайд Н.Алтанхуяг нарт бараалхсан байна.
Хэлэлцээгээр манай улс Британи Улстай уул уурхай, олон улсын санхүүгийн харилцаа, дэд бүтцийн салбарт хамтран ажиллахын сацуу олон улсын тавцан дээр харилцан бие биеэ дэмжих бодлого баримтлахаар болов. Үүний зэрэгцээ Монгол Улсын Боловсрол, шинжлэх ухааны яам, Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Вант Улсын Гадаад хэрэг, хамтын нөхөрлөлийн яам хоорондын “Чевнингийн сургалтын тэтгэлгийн түншлэлийн тухай Харилцан ойлголцлын Санамж бичиг” болон “Шивээ-Овоо нүүрсний уурхайд түшиглэн цахилгаан станц барих асуудлаар “Эрдэнэс МГЛ” ХК, Британийн “IM Power” компанийн хооронд Харилцан ойлголцлын Санамж бичиг”-т тус тус гарын үсэг зуржээ.