Ургацын урьдчилсан балансаар энэ жил 423.4 мянган тонн үр тариа, үүнээс 404.6 мянган тонн буудай, 211.8 мянган тонн төмс, 103.4 мянган тонн хүнсний ногоо, 65.2 мянган тонн тосны ургамал, 21.0 мянган тонн малын тэжээлийн ургамал тус тус хураан авах талаар Ургацын төв штабаас мэдээллээ. Энэ жилийн хувьд хур бороо ихтэй байснаас тариалангийн бүс нутгуудаар үр тариа, хүнсний ногооны болцод сөргөөр нөлөөлж байсан ч ургац хураалтын ажил хэвийн үргэлжилж байна. Улсын хэмжээнд одоогийн байдлаар үр тарианы хураалт 88.3хувь, төмс 94.4хувь, хүнсний ногооны хураалт 98.7 хувь, буюу улсын хэмжээнд ургац хураалт 93 гаруй хувьтай байгаа аж. Өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад үр тариа 16.1 хувиар илүү, төмс, хүнсний ногооны хураалт өнгөрсөн оны мөн үеийн төвшинтэй тэнцүү. Энэ сарын 25-ны дотор ургац хураалтыг дуусгах төлөвлөгөөтэй байгаа аж.