Энэ сарын 7-нд В.Путин Бали аралд 61 насныхаа төрсөн өдрийг тэмдэглэжээ. Түүний төрсөн өдөрт зориулан Индонезийн Ерөнхийлөгч Happy Birthday to You дууг өөрөө гитар дээр тоглон дуулж өгчээ. Улс орны төрийн тэргүүнүүд төрсөн өдрөөрөө ямар бэлэг авч байсан талаар зарим мэдээллийг хүргэе.
Обамад зориулсан хайрын захидал
Мишель Обама 2013 оны наймдугаар сарын 4-нд олон нийтийн сүлжээгээр дамжуулан нөхөртөө хайрын захидал илгээсэн байна. Тэрээр өөрийн “Twitter”-т “ Төрсөн өдрийн мэнд хүргэе Барак. Чи минь нас нэмж байна. Гэхдээ би чамдаа өмнөхөөсөө илүү хайртай болсоор байгаа шүү” хэмээн бичжээ. Тэрээр энэ үгийнхээ өмнө залуу насандаа хамтдаа авхуулсан хар цагаан зургаа постолсон байна.
Назарбаевын 73 метр хивс
Казахстаны Ерөнхийлөгч 73 насныхаа төрсөн өдрөөр энэ жил тун сонирхолтой бас маш том бэлэг авчээ. Түүнд зориулж, гар аргаар урласан 73 метр урт хивс бэлэглсэн байна. Мэдээж үүнийг хийхийг тулд хэдий хэмжээний хонины ноос орох бол хэчнээн хүний хөдөлмөрөөр бүтэх бол гээд тооцоод үзвэл ...
Энэхүү хивсийг бүтээхийн тулд уран бүсгүйчүүд долоо сарын хөдөлмөрөө зарсан гэнэ билээ.
Жижиг Бушид бэлэглэсэн хямдхан цамц
Британийн Ерөнхий сайд Тони Блэр Жорж Бушийн төрсөн өдөрт зориулж бэлэг бэлтгэхдээ бэлэгний үнэ өртгөөс илүү анхаарлыг нь татах хэмээн үзсэн байна. Тийм ч учраас “Burberry London”-гээс 140 ам.долларын үнэтэй цамц авчээ. Хэдийгээр энэхүү брэндийн сүүлийн үеийн загвар байсан ч бусдаасаа хавьгүй хямд нь байж. Улстөрчид тэврэлдэн уулзах үеэр Буш зориудаар Блэрээс та өөрөө энэ цамцыг сонгоо юу хэмээн асуусан аж. Хэрийн бэлэг илгээгч тэгэлгүй яахав. Энэ бол зөвхөн чамд зориулсан миний бэлэг гэжээ.
Горбачев ба цахирмаа
2001 онд Оросын төрийн тэргүүн байсан Михаил Горбачевд зориулан цахирмаа цэцгийн нэгэн шинэ төрлийг бэлэглэсэн байна. ЗХУ-ын сүүлийн төрийн тэргүүнд түүний эртний найз Германы цэцэрлэгч Франк Бранденбург Боливиас олдсон цахирмаа цэцгийн нэгэн гайхамшигтай төрлийг Maxillaria gorbaschowii (максиллярия горбачеви) гэж нэрлэн найздаа зориулан илгээлээ хэмээн бичсэн байжээ.Мэдээж амьд цэцгийг биш зургийг нь илгээсэн ч энэхүү төрөл Горбачев гэсэн нэртэй болсон аж. Цэцэрлэгч эр “бүх экологичдийн хувьд та бол хамгийн нэгдүгээр “ногоон” хүн. Түүний ачаар дэлхий атомын бөмбөгийн аюулаас холдож чадсан” гэж онцолжээ.
Эцэг Бушид илгээсэн тод өнгөтэй оймс
Эцэг Буш өөрийнхөө 89 жилийн төрсөн өдрөөр цахим ертөнцөөс тун өвөрмөц бэлэг авсан нь тод өнгийн оймс өмссөн 100 хөлний зураг. Тод хурц өнгөнд дурлагчид Эцэг Бушид хүндэтгэл үзүүлсэн нь энэ. Учир нь бага Бушийн зургийг Цагаан ордонд байрлуулах ёслолын үеэр тэрээр тод улаан цэнхэр өнгөтэй оймстой ирсэн байдаг. Мэдээж тэрхүү тод өнгөтэй оймс өмсөгчдийн дунд Кондолиза Райс мөн ач охин Жена Хэгер нар байсан нь фото зурагчдын дуранд буужээ.
Кастрод зориулсан гей хурим
2011 онд Фидель Кастро гийн эрх чөлөөний аралд анх удаа ижил хүйстнүүд гэрлэлтээ албан ёсоор батлуулсан байна. Кастрогийн 85 жилийн ойгоор хоёр ижил хүйстэн эр гэрлэлтээ батлуулжээ. Гэхдээ нэг нь бүрэн эмэгтэй хүн болсон хэмээн хүлээн зөвшөөрүүлсэн байж. 30 жилийн руш энэ аралд ижил хүйстэн хоорондын харьцааг хүлээн зөвшөөрүүлэх гэж зүтгэсэн эрс Кастрогийн төрсөн өдрийг сонгож эсэргүүцлээ илэрхийлсэн нь энэ. Гэрлэсэн хосын сүйт бүсгүй Венди нь 2007 онд хүйс солиулах хагалгаанд орсон бол түүний сүйт залуу Игнасио Эстрада нь ижил хүйстний эрхийг хамгаалах хөдөлгөөний тууштай тэмцэгчдийн нэг аж.
Төрсөн өдрийн бэлэг шинэ эхнэр
2007онд Свазиленд Мсвати III хаан төрсөн өдөртөө зориулж өөртөө гэнэтийн бэлэг бэлдсэн нь түүний 13 дахь эхнэр байв. Тухайн үед 39 настай байсан хаан өөрийн 13 дахь эхнэрээр 19 настай Финдайл Кэмбал хэмээх бүсгүйг сонгожээ. Хуримын ёслолд зөвхөн хааны гэр бүл оролцсон гэнэ. Свазилендын хэвлэлүүд хаан гэргийдээ BMW X5 машин хуримын бэлэг болгон гардуулав хэмээн бичжээ.
Лукашенкогийн Maybach
2012 онд Александ Лукашенко төрсөн өдрийн бэлгэнд Maybach машин авчээ. Сонирхолтой нь түүнд энэ бэлгийг нэгэн ядуу орос эр явуулсан гэнэ. Белорусын тэргүүн энэхүү машиныг унана гэж бодохгүй байна гэж хэлсэн бол сүүлд гараашид нь байгаа зургийг хэвлэлүүд нийтэлсэн байдаг.
Януковичийн алтан зоос
Энэ жил Украйны Ерөнхийлөгч Януковичид төв банк нь түүний хөрөг бүхий хагас кг жинтэй алтан зоосоор бэлэг барьжээ. Хоёр үнэт чулуунд шигтгэн зоосон мөнгөний нөгөө талд урт наслаарай хэмээн бичсэн байсан гэнэ. Ерөнхийлөгч энэ оны долдугаар сард 63 нас хүрсэн юм.
Ким Чен Уны галт тэрэг дүүрэн бэлэг
2010 онд Ким Чен Ун бүхэл бүтэн галт тэрэг дүүрэн бэлэг авах ёстой байсан гэнэ. Гэвч галт тэрэг эзэндээ хүрээгүй аж. Пхеньянд хүрэх ёстой байсан зурагт, үнэтэй цаг гэх зэрэг олон зүйл ачсан галт тэрэг замаасаа гарсан талаар өмнөд Солонгосын хэвлэлүүд тухайн үед мэдээлсэн байдаг. Яг үнэндээ чухам юу болсон тэрхүү галт тэрэг хаана алга болсон талаар ямар ч мэдээлэл байдаггүй гэнэ. Нэг бол дээрэмчид замаас нь олзолсон эсвэл галт тэрэг осолдсон гэсэн хоёр л таамаг өнөөдрийг хүртэл явдаг байна.