Монголчуудын нийгэм болон эдийн засгийн нөхцөл байдлыг сар бүрээр тоймлон танилцуулдаг ээлжит өдөрлөгөө Үндэсний статистикийн хороо зохион байгуулав. Оны эхний есөн сарын байдлаар Монгол хэмээх айлын аж байдал, нийгэм ахуй хэрхэн өөрчлөгдсөнийг харвал дийлэнх үзүүлэлт сайн байх аж.
Гэмт хэргээс бусад үзүүлэлт эерэг дүнтэй
Хамгийн эхэнд дуулгах сайн мэдээ бол амаржсан эх болон амьд төрсөн хүүхдийн тоо өссөн явдал. Өнгөрсөн есөн сарын хугацаанд 59685 эхээс 59990 хүүхэд мэндэлж, өсөн торниж байна. Энэ нь, 2012 оны мөн үеэс эхийн тоо 4074-өөр, нярайн тоо 4134-өөр тус тус нэмэгджээ. Улсын хэмжээнд халдварт өвчнөөр өвдсөн хүний тоо 29242 болсон нь өнгөрсөн оныхоос 3159 хүн буюу 9.7 хувиар буурсан үзүүлэлт.
Бүртгэлтэй ажилгүй иргэдийн тоо өнгөрсөн сарын эцэст 37.6 мянга байжээ. Энэ нь, өмнөх оны мөн үеэс 6500 хүн буюу 14.7 хувиар буурсныг илтгэнэ. Үүнийг дагаад нийгмийн даатгалын сангийн орлого, зарлага зэрэг өсчээ. Тодруулбал, 913.1 тэрбум төгрөг төвлөрч, 785.1 тэрбум төгрөг зарлагадсан байна. Ингэснээр нийгмийн даатгалын сангийн эргэлт өнгөрсөн онтой харьцуулахад ойролцоогоор 140 орчим тэрбум төгрөгөөр нэмэгдсэн гэсэн үг. Харин Нийгмийн халамжийн сангаас 183.8 мянган хүнд 99.4 тэрбум төгрөгийн тэтгэвэр, тэтгэмж олгосон байна. Өмнөх онтой харьцуулахад нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж авах хүний тоо 9.1 мянга хүртэл өсч, олгосон тэтгэврийн хэмжээ 31.1 тэрбум төгрөг буюу 45.5 хувиар нэмэгдлээ. Тэгвэл “Хүний хөгжил сан”-гаас олгож буй хүүхдийн мөнгө, хувь хишигт олгох мөнгө ч багагүй байсан аж. 18 хүртэлх насны 953.1 мянган хүүхдэд 168.6 тэрбум төгрөг, 215.1 мянган хүнд хишиг болгон 21.8 тэрбум, 5.4 мянган ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэнд 4.3 тэрбум төгрөгийг хишиг хувьд зориулан олгожээ.
Мөнгө ба зах зээлийн үзүүлэлт
Эдийн засгийн үзүүлэлтийг авч үзэхийн өмнө бараа, бүтээгдэхүүний үнэ ханшийг онцлох нь зөв. Есдүгээр сард хэрэглээний үнийн улсын индекс өсөлттэй гарчээ. Тодруулбал, наймдугаар сараас 1.4 хувь, нэгдүгээр сарынхаас 8.2 хувь, 2012 оны мөн үеэс 9.9 хувиар тус тус өссөн байна. Бараа, бүтээгдэхүүн үнэд ороход хүнсний бараа, ундаа, усны бүлгийн дүн 0.5 хувь, хувцас болон бөс бараа, гутлынх 2.6 хувь, орон сууц, ус, цахилгаан, түлшний бүлгийнх 1.8 хувиар өссөн нь голлон нөлөөлсөн гэв.
Харин мөнгөний нийлүүлэлт /М2/ өнгөрсөн сарын эцэс гэхэд 8.482 их наяд төгрөг бол 2012 оны энэ үеэс 1.3 их наяд төгрөгөөр нэмэгджээ. Гүйлгээнд байгаа бэлэн мөнгө өнгөрсөн онтой харьцуулахад 129.3 тэрбумаар нэмэгдэж 875 тэрбум төгрөг болсон ч наймдугаар сартай жишиж үзвэл 7.1 тэрбум төгрөгөөр буурсан дүнтэй. Зах зээлд буй мөнгөнөөс аж ахуйн нэгж, байгууллага, иргэдэд олгосон нийт зээлийн өрийн үлдэгдэл есдүгээр сарын эцэст 10.1 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 3286.2 тэрбум төгрөг буюу 47.9 хувиар өсөв. Үүнийг дагаад хугацаа хэтэрсэн зээлийн өрийн үлдэгдэл нэмэгдэж, 153.4 тэрбум төгрөг хүрчээ. 2012 онтой харьцуулахад 36.4 тэрбум төгрөг буюу 31.1 хувиар өслөө. Банкны системийн хэмжээнд чанаргүй зээл 537.2 тэрбум төгрөг болж өмнөх оны мөн үеийнхээс 230.9 тэрбум төгрөг буюу 75.4 хувиар өссөн байна.
Өнгөрсөн сард үнэт цаасны арилжаагаар 20.1 тэрбум төгрөгийн гүйлгээ хийж, 42.9 сая ширхэг үнэт цаас арилжжээ. Үүнийг өнгөрсөн онтой харьцуулбал үнэт цаасны гүйлгээ 122.8 тэрбум төгрөг буюу 86.0 хувь, арилжсан үнэт цаасны тоо 86.6 сая ширхэг буюу 66.9 хувиар буурчээ. Улсын нэгдсэн төсвийн урсгал орлого оны эхний есөн сард 3936.1 тэрбум төгрөг, урсгал зардал 3166.9 тэрбум төгрөг хүрч, тэнцвэржүүлсэн урсгал тэнцэл 769.2 тэрбум төгрөгийн ашигтай гарлаа. Татварын нийт орлого өнгөрсөн оны мөн үеэс 385.8 тэрбум төгрөгөөр нэмэгдэхэд бусад татварын орлого 113.1 тэрбум төгрөг буюу 19.7 хувиар буурсан. Гэвч дотоодын бараа, үйлчилгээний татварын орлого 192.1 тэрбум, орлогын албан татварын орлого 139.1 тэрбум, нийгмийн даатгалын шимтгэлийн орлого 136.8 тэрбум төгрөгөөр тус тус өссөн нь голлон нөлөөлөв. Харин татварын бус орлого 2012 оноос 99.5 тэрбум төгрөг буюу 27.6 хувиар өсчээ. Үүний дотор 59.1 тэрбум төгрөг торгуульд, газрын тосны орлого 59.9 тэрбум, хувьцааны ногдол ашгийн орлого 28.4 тэрбум төгрөг байж жин дарсан байна.
Есөн сарын хугацаанд Монгол Улс дэлхийн 126 оронтой худалдаа хийж, гадаад худалдааны нийт бараа эргэлт 7923.3 сая ам.доллар, үүнээс экспорт 3097.8 сая ам.доллар, импорт 4825.4 сая ам.доллар хүрлээ. Гэвч гадаад худалдааны тэнцэл 1.7 тэрбум ам.долларын алдагдалтай гарч, өмнөх оноос 286.6 сая ам.доллар буюу 14.2 хувийн бууралт ажиглагджээ. Уул уурхайн болон дотоод үйлдвэрлэлийн нөхцөл байдалтай уялдаж экспорт багассан бол импорт ч ялгаагүй буурсан аж. Тодруулбал, импорт найман хувь буюу 420.4 сая ам.доллараар, экспорт 133.8 сая ам.доллар буюу 4.1 хувиар буурлаа. Экспортын 96.9 хувийг эрдэс бүтээгдэхүүн, нэхмэл бүтээгдэхүүн, үнэт ба хагас үнэт чулуу, үнэт металл, гоёлын зүйлс, зоос, түүхий болон боловсруулсан арьс, шир, ангийн үс, тэдгээрээр хийсэн эдлэл, тэдгээрийн эд анги эзэлж байна.
Дэд бүтцийн салбарын орлого нэмэгджээ
2012 оны эцсээр тоолсон төллөх насны нийт 17.7 сая хээлтэгч малаас улсын хэмжээнд 86.4 хувь буюу 15.3 сая мал төллөөд байна. Газар тариалангийн салбарт аравдугаар сарын 1-ний байдлаар 205.4 мянган тонн үр тариа, 162.0 мянган тонн төмс, 88.3 мянган тонн хүнсний ногоо хурааж, 923.8 мянган тонн хадлан, 20.8 мянган тонн гар тэжээл, 2.4 мянган тонн дарш бэлтгэжээ.
Аж үйлдвэрийн салбарын бүтээгдэхүүний нийт үйлдвэрлэл 2005 оны зэрэгцүүлэх үнээр 1796.2 тэрбум төгрөг болж, өмнөх оноос 11.5 хувиар өслөө. Өсөлтөд зэсийн баяжмал, газрын тос, алт зэрэг бүтээгдэхүүн 37.9-67.8 хувиар, амтат ус, ундаа, катодын зэс, хиаман төрлийн бүтээгдэхүүн, ган төмөр хийц, самнасан ноолуур, бетон зуурмаг, вакум цонх, хаалга, нэхий дээл, хэвлэмэл хуванцар карт зэрэг нэр төрлийн бүтээгдэхүүний үйлдвэрлэл 0.5 хувиас 7.5 дахин нэмэгдсэн нь голлон нөлөөлсөн байна.
Бүх төрлийн тээврээр есөн сарын дотор 30.7 сая тонн ачаа, давхардсан тоогоор 258.8 сая зорчигч тээвэрлэсэн нь өмнөх оноос тээсэн ачаа 0.5 сая тонн, зорчигчийн тоо 41.5 сая хүнээр нэмэгджээ. Төмөр замын тээврээр 15495.8 мянган тонн ачаа, давхардсан тоогоор 2898.8 мянган зорчигч тээжээ. Салбарын орлого 313.5 тэрбум төгрөг болсон нь 0.1 хувиар өссөн үзүүлэлт. Агаарын тээврээр эхний есөн сард 3117.4 тонн ачаа, давхардсан тоогоор 600.7 мянган зорчигч тээвэрлэсэн. Салбарын орлого 173.2 тэрбум төгрөг болсон нь 2012 оныхоос 9.2 хувиар нэмэгдсэн дүн.
Барилга угсралт, их засварын ажил он гарсаар 1.132 их наяд төгрөг болж, 1.024 их наяд буюу 90.0 хувь нь дотоодын, 10.0 хувь нь гадаадын барилгын байгууллагад ногдож байна. Барилга угсралт, их засварын ажил 2012 оны мөн үеэс 731.7 тэрбум төгрөг буюу 2.8 дахин өсөхөд дотоодын байгууллагын гүйцэтгэсэн ажил 626.6 тэрбум төгрөг буюу 2.6 дахин нэмэгдсэн нь голлон нөлөөлжээ.