Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Сургийн эдийн засаг, ”сурталчилах” улстөрч


Дунд сургуулийн орос хэлний багшийн ажилтай эгч маань “Эдийн засаг чинь ойлгоход хэцүү” гэж ярихыг сонслоо. 42 настай түүний нөхөр Сэлэнгэ аймгийн төвийн  зах дээр лангуу түрээслэн амьдралаа авч яваа. Гэвч энэ гэр бүл эдийн засагт юу болж байгааг төдийлөн сонирхдоггүй бөгөөд анхаарлаа ч ойлгох нь цөөн учир төвөгшөөдөг. Намайг бодвол орос хэлтэй, наймаа хийдэг хэрнээ эдийн засагт “улаан нойль” байхаар тэднээс доогуур боловсролтой, худалдаанд идэвхтэй оролцдоггүй хүмүүс ямар болж таарах вэ.

Ах эдийн засаг ойшоодоггүй гэхээр нь “Та яаж наймаагаа хийдэг юм бэ” гэвэл “Бусдын жишгээр” гэж хээв нэг хариулах. Түүний хэлснээр “Нарантуул” эсвэл “Хархорин” зах дээр бараа зардаг хүмүүс бусдын жишгээр үнээ нэмдэг болж таарав. Өөрөөр хэлбэл, ямар нэгэн бодитой шалтгаангүйгээр үнэ өсгөж, түүнийгээ ганцхан хариултаар тайлбарлана. “Юанийн ханш өсчихөөд байхад...” Ийм үг сонсоод даруй 10 хувиар үнэд орчихсон нь илэрхий гутал, ороолт, хувцсаа иргэд дуугүй аваад буцна. Тэдний оюунд нэгэн бодол төрөх нь юанийн ханш өсвөл барааны үнэ нэмэгддэг. Гэхдээ ханш эргээд буурахад бараа хямдардаггүйг умартаж орхино. Үүнийг сургийн эдийн засаг гэж хэлж болох юм. Утга учир, үнэн мөнийг олж мэдэхээс залхуурч хов жив, шуугиан сенсацаас шалтгаан эрнэ.
Үүнийг улстөрчид овжин ашиглахаа мартахгүй. Ер нь, улстөрчдийн амжилт олдог ганц гарц нь иргэдийн бүрэн мэдлэггүй байдал. Өнөөдөр эдийн засагт хүндрэл, шийдвэрлэхэд хэцүү нөхцөл тулгарчихлаа. Гэвч үүнээс гарах гарцыг Засгийн газар, төв банк хамтран хэрэгжүүлж буй. Харин гүйцэтгэх засаглалыг сөхрүүлж, орыг нь залгах хүсэлтэй улстөрчид аль эрт эсрэг тоглолтоо эхлүүлжээ. Мэддэг хэрнээ мэдэхгүй дүр эсгэж, хөлд нь суухыг хүсэгчдээс болгоомжлох цаг ирээд байна.


Мэдэх атлаа мэддэггүй дүр эсгэгч

Саяхан нэг намын нө­хөд Монголбанкны удирд­лагуудыг дуудаж ирүүлээд өнгөрсөн онд “үрсэн” хөрөнгө, зарцуулсан мөнгөнөөс болж эдийн засаг хямарчихлаа гэж буруутгажээ.

Гэвч бүх зүйл тэдний бодсон шиг байгаагүй бөгөөд наад захын зүйлээ хольж хутгаад эдийн засаг гээчээ ойлгодог эсэх нь эргэлзээтэй болоод ирж. Жишээ нь, хөрөнгө оруулалт, төсөв, мөнгөний нийлүүлэлт. Эхнийхэд нь “Чингис” бондын хөрөнгийг тооцож болох бол сүүлчийнхэд Монголбанкнаас гаргасан гурван их наяд төгрөгийг ойлгоно. Харин төсөв бол УИХ, Засгийн газар хамтран “эзэмшдэг” тухайн ондоо зориулсан мөнгө юм. Өөр өөр нэртэй, өөр зориулалттай, ондоо эзэмшигчтэйгээс эхлээд л хоорондоо ялгаатай болохыг анзаарч болмоор. Гэтэл төсвийн долоон их наяд, бондын хоёр их наяд, төв банкны гурван их наяд төгрөг нийлээд 10 гаруй их наяд төгрөгөөр юу хийгээд, үрээд дуусгачихав гэж асуух нь тэр. Үнэндээ, наад захын эдийн засагч ч ойлгочих зүйлийг улстөрчид мэдсээр байж мушгиж асууж байх магадлал их. Эсвэл үнэхээр мэдэхгүйгээ ийнхүү илэрхийлэв үү. Тэгвэл түүнийг парламентад илгээсэн 100 мянган сонгогч мөн л буруу ойлголттой, гажуу мэдлэгтэй байх эрсдэл өндөр. Мэдэхгүй хүмүүсийн толгойг эргүүлж, бурууг “Зөв зөв” гэж хашгичих нь хурдан хүчээ авах аюултай эд.
Уг ёсондоо, төсвийн хөрөнгөөр төр өөрийн ажил хэрэгтээ хамааралтай бүхнийг зохион байгуулж, үргэлжлүүлдэг учиртай. Харин хөрөнгө оруулалт нь эргээд ашгаа нөхөх, бизнесийн шинж чанартай гэж болно. Тэгвэл мөнгөний нийлүүлэлт буюу М2 гэж юуг хэлж байна вэ. Төв банкны ерөнхийлөгч үүнийг “Хүний биеийн цусны эргэлтийг сайжруулахаар шахсан донор цус гэхэд болно” хэмээн тайлбарлав. Бид биедээ шаардлагатай цусан хангамжийг хоол хүнс, амралтаар авч байдаг бол эдийн засагт мөнгөний нийлүүлэлтээр төлөөлүүлж болох юм. 2012 оны наймдугаар сард арилжааны банкууд зээл олгохгүй зогсчихсон байсныг бид мэднэ. Харин яагаад гэж асуувал “цусны дутагдалд” орчихсон байсных аж. Үүнийг төв банкнаас мөнгө нийлүүлэх зарчмаар ажиллаж хэвийн болгосон. Мэдээж, эдгээр мөнгө нь “Май хө” гээд баруун, зүүнээр солилцоод буцаагаад авчихдаг зүйл биш. Тодорхой барьцаа, хүү, хугацаа заасан гэрээгээр зохицуулагдана. Үүний араас хавар бүр хомсдоод ирдэг махны асуудлыг шийдэх, хааяа нэг дутагддаг шатахууны хангамжийг сайжруулахад чиглэсэн мөнгөний нийлүүлэлт хийсэн. Мөн барилгын салбарыг хөл дээр нь босгохын тулд цемент нийлүүлдэг, арматур үйлдвэрлэдэг, төмөр хийц гаргадаг байгууллагууд болон барилга барьдаг компанийг тус тус “тэтгэсэн”. Адаг сүүлд нь худалдан авагчдад жилд найман хувийн хүүтэй ипотекийн зээл олгож эрэлт, нийлүүлэлтийг зэрэг дэмжив. Өөрөөр хэлбэл, барилгын салбарыг хөл дээр нь босгож, өдгөө өдөр, шөнийг ялгалгүй барилгын ажил оволзлоо. Мэдээж хэрэг, зах зээл эрчимжээд, эргэлдээд ирэхэд өөрөө өөрийгөө тэтгэх цаг ирнэ. Гэвч тэр цаг хэзээ вэ гэдгийг одоо хэлэхэд эрт.
Үүний эсрэг “мэдлэггүй” улстөрчид популизм хийгээд эхлэв. “Та нар эдийн засгийг хямраачихлаа” гэнэ. Хаана хямарчихав аа гэхээр “Валютын ханшаа хараач” гэдэг аж. Тэр ханшийг чинь бид тодорхойлж, тогтвортой байлгах үүрэг хүлээгээгүй гэхээр “Төгрөгийн тогтвортой байдлыг хангах ёстой биз дээ” гэж гөрддөг байна. Энэ зуур төгрөг болон ханшийн тогтвортой байдал гэх ухагдахууныг авч үзье. Төгрөгөөр илэрхийлэгдэх бараа, бүтээгдэхүүний үнийн тогтвортой байдлыг төгрөгийн тогтвортой байдал гэж үздэг байна. Харин валютын ханшаа тогтвортой байлгахын тулд хатуу бодлого барих шаардлага үүснэ, гэвч ийм аргачлал тийм ч удаан үргэлжилдэггүй. Үүнийг таван жилийн өмнөх түүх бодитоор харуулна.
Монголбанкны ерөнхий­лөгчөөр А.Батсүх ажиллаж байх үед ам.долларын нөөц нэг тэрбум хүрч, ханш 1000 төгрөгт ойрхон байв. Гэвч үүнийг “хүчээр” барьж байсан бөгөөд тун удалгүй алджээ. Ханш 1700 хүртэл “нисэхэд” байсан нөөцийнхөө хагасыг зах зээлд гаргаж интервенцлээд 500 сая ам.доллартай үлдсэн аж. Тэр үлдэгдлийн 300 сая нь Худалдаа хөгжлийн банкных байсан бөгөөд ам.долларын ханш дийлдэхээргүй болоод байв. Үүний үргэлжлэл болгож Ерөнхий сайд нь төсвийн алдагдлаа хянаж, шаардлагатай мөнгөө төсвөөс гаргуулаад, бодлогын хүүгээ өсгөнө гэж мэдэгдэв. Бодлогын хүү 14 хувь хүрч, иргэд арилжааны банкнаас 23 хувийн хүүтэйгээр зээл авч байсан үе. 2009, 2010 онд барилгын салбар тэр чигтээ зогсолтод оржээ.


Ханшийн хэлбэлзлийг тайван байлга

Харин өдгөө шоу хийж, нэр олохыг хүсч буй улстөрчдийн хүсэл нь дээрх явдлыг давтаж, ам.долларын ханшийг нам дор байлгах явдал гэнэ. Үнэндээ зах зээлд мөнгө дутаж байвал нэмэх, илүүдэж байвал татах нөхцөлийг илэрхийлдэг ганцхан бодит шалгуур нь валютын ханш аж. Өөрөөр хэлбэл, түүний хэлбэлзлээр дамжуулж мөнгөний бодлогоо хэрхэн жолоодохыг урьдчилан харна. Эс бөгөөс айсуй аюулыг мэдэхгүйгээр хад мөргөж дампуурах нигууртай. Нөгөөтэйгүүр, ханшийн өөрчлөлт нь хамгийн үнэн нөхцөл байдлыг илтгэдэг. Тодруулбал, зах зээл өөрийн шаардлагаар ханшийг өсгөдөг аж. Одоо үед орж ирэх ам.долларын урсгал сох дутаж, хөрөнгө оруулалт нам зогсчихоор ховордсон ам.долларын ханш өсөхөөс аргагүй. Тэгээд ч эдийн засаг хэмээх ачааны машины амортизатор нь валютын ханш гэнэ. Хэрэв хэлбэлзэж, чөлөөтэй хөдөлж байхгүй, хав хатуу байх л юм бол ачсан өндөгнүүд тэр чигтээ хагарна.

Монголд тулгамдсан өнөөгийн нөхцөл байдал 2009 онд үүсч бүрэлдсэн үеэс тийм ч их ялгарахгүй. Хүндрэл, бэрхшээл, асуудлууд бараг адилхан хэдий ч төв банкнаас авч хэрэгжүүлэх арга хэмжээ нь өөр. Төсвөөс ямар ч мөнгө авахгүй, түүнийг нь парламентад даатгаж үлдээнэ. Хөрөнгө оруулалтаас ямар ч мөнгө авахгүй. Засгийн газраа ч дэмжээгүй бөгөөд жил бүр худалдаж авдаг байсан Засгийн газрын үнэт цаас аваагүй, Сангийн сайдад мөнгө зээлээгүй. Гагцхүү гурван их наяд төгрөгийг хувийн секторт хуваарилаад өгчихжээ. Түүний хамгийн том хүрээлэлтэй нь барилгын салбар. Ийм л аргаар хүндрэлийг даван туулахаар ажиллах замд тээг болж, бүхэл бүтэн улс орны эдийн засагт тушаа болох улстөрч олон байх аж.

Тэдний эсэргүүцэл, гомдол тасрахгүй үргэлжлэх бөгөөд “Та нарын хөтөлбөр эхлэхээс өмнө эдийн засаг хэвийн байсан. Харин ч эхэлснээс хойш валютын ханш хөөрч, хүндэрсэн” гэх. Бүх зүйлийг дээр тайлбарласны дараа ийнхүү хэлэх аж. Дахин хэлье, ам.долларын орох урсгал сох дутаж байгаа үед импортын бараа бүтээгдэхүүний үнэ өсөх нь тодорхой. Дотоодод үйлдвэрлэсэн бүтээгдэхүүний үнэ ханш хэвийн байх ёстой ч ус, ундааны төрлийн бараа гаргахад хуванцар сав, түүхий эдийг гадаадаас авдгийг санавал зохино. Гэхдээ хүнс, гурилан бүтээгдэхүүний үнэ ханш харьцангуй тогтвортой байгааг сануулъя. Нөгөө талаас, намрын цагт бараа, бүтээгдэхүүний үнэ өсөх хандлагатай байдгийг олон жилийн дунджаас харсан Үндэсний статистикийн хороо мэдээллээ.

Хамгийн сүүлд нь улстөрчдийн амнаас “Та нар тэр их мөнгөө тэрүүгээрээ л хуваагаад авчихаж байгаа шүү дээ” гэх хардлага унагах нь шалдаа унаж буйн илрэл гэлтэй. Мөнгөний нийлүүлэлт М2 хэмээх ойлголтын хүрээнд гарсан гурван их наяд төгрөгийг арилжааны банкуудаар дамжуулан түгээнэ. Ингэхдээ зээлийн ерөнхий шалгуур, гэрээнд заасан шаардлага хангах ёстой. Хэн ч, хэзээ ч “Голомт”, “ХААН” банкнаас “За, хө. 50 сая төгрөг зүгээр зээлчих” гээд авчихдаггүй. Зайлшгүй шалгуур, барьцаа, хугацаанд харгалзан олгодгийг ахлах ангийн хүүхэд ч мэднэ. Хамаг хөрөнгөө барьцаалж, бүх зүйлээрээ дэнчин тавьж авсан зээлээ хувийн хэвшлийнхэн хог дээр хаяна уу, хөрөнгө босгоод авна уу, шатаана уу, хадгална уу тэдний л хэрэг. Үүнд, хөндлөнгийн хүмүүс, ялангуяа УИХ-ын эрхэм гишүүд оролцон, хошуу дүрж, сэтгэлээ чилээх асуудал биш гэдгийг төв банкны захирал хэлж. Гэтэл хариуд нь “Тэгвэл бид яах гэж байдаг юм бэ” хэмээн асуужээ. Юу хийх гэж ирснээ ч мэдэхгүй хүмүүс бололтой, уг нь хууль дүрэм, баримт бичигтээ бүрэн эрхийн хугацаанд хууль батлах үүрэгтэйг нь тодорхой тусгасан байдаг сан.
Ийм л хүмүүсийн сураг, суртал ухуулгаар энгийн ард түмэн эдийн засгийн мэдлэгээ зузаатгаж буйг мартах учиргүй.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан