Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Эдийн засгийн тогтвортой байдал буюу Иргэдийн халаасан дахь мөнгө


Мөнгөний бодлогын гол зорилт нь инфляцыг нам, тогтвортой төвшинд байлгаж, макро эдийн засгийн болон санхүүгийн салбарын тогтвортой байдлыг бэхжүүлэх, эдийн засгийн дархлааг сайжруулахад чиглэнэ гэдэг. Ингээд макро эдийн засгийн байдал ямар байгаа талаар дор өгүүлье.

Нүүрс, зэс гээд ашигт малтмалын үнэ өндөр байх үед манай улсын эдийн засгийн өсөлт 17 хувьд хүрсэн нь Ази, Номхон далайн бүс нутагтаа хамгийн өндөрт нь тооцогдсон. Гэвч ашигт малтмалын үнэ унах цикл, дэлхийн эдийн засгийн хямралын нөлөөгөөр огцом буурсан билээ. Үндэсний статистикийн хорооноос гаргасан судалгаагаар энэ оны хагас жилийн байдлаар 11.3 хувьтай гарав. Дэлхийн банк, Азийн хөгжлийн банк болон эдийн засагч, судлаачдын үзэж буйгаар энэ онд эдийн засгийн өсөлт 12 хувиас буухгүй гэсэн тооцоо бий.
Монголбанк бол баялаг үйлдвэрлэгч биш. Иймээс нийт эдийн засагт байгаа мөнгийг л нэмж баялаг үйлдвэрлэгчдийг дэмжсэн гэсэн үг. Товчхондоо,  хямд эх үүсвэртэй зээлээр л тэтгэсэн аж. Төв банк нийт эдийн засагт мөнгө нийлүүлэхдээ арилжааны банкуудаар дамжуулсан учираас төр засгийн үйл ажиллагааг бус  нийт эдийн засгаа дэмжих л гэж гаргажээ.  Эдийн засагт байгаа нийт мөнгө буюу М2 өнгөрсөн наймдугаар сарын байдлаар 20 хувиар өссөн гэж Монголбанкнаас мэдээлсэн. Энэ нь, сүүлийн гурван жилийн дундажтай харьцуулбал хоёр дахин буурсан үзүүлэлт. Тухайлбал, 2010 онд мөнгөний нийлүүлэлт 60, 2011 онд 40 хувиар өсч байж. Ингээд Монголбанк бодлогын хүүгээ өсгөх замаар эдийн засагт нийлүүлж буй тэр мөнгийг эргүүлэн татаж иржээ. 

Хямрал нүүрлэсэн 2009 онд арилжааны банкуудын найдваргүй зээл нийт гаргасан зээлийнх нь 25 хувь байсан. Энэ жилийн байдлаар найдваргүй зээл гурван хувьтай байна. Банкуудын олгосон зээлийн өрийн үлдэгдлийн өсөлт  46 хувь гарлаа. Энэ нь, сүүлийн гурван жилийн дундажтай ойролцоо аж. Тухайлбал,  сүүлийн жилүүдэд 40 хувийн өсөлттэй байж.  Монголбанкны мэдээллээс үзвэл, арилжааны банкуудын төлбөрийн чадвар сайжирчээ. Өнгөрсөн жилийн байдлаар арилжааны банкуудын өөрийн хөрөнгийн үзүүлэлт 12.8 хувьтай гарсан. Харин энэ оны эхний хагас жилээр 3.1 нэгж хувиар сайжирч 15.9 хувьтай болсон аж.  Төв банкны ирэх онд баримтлах  мөнгөний бодлогыг  УИХ одоо хэлэлцэж байгаа. Уг бодлогод  “Банкны эрсдэлийг багасгах замаар  яваандаа  зээлийн хүүг  бууруулах нөхцөл бүрдүүлнэ. Иймд   банкны зээлийн барьцаа хөрөнгийн эрх зүйн орчинг шинэчилнэ гэж үзэж байгаа юм. Санхүүгийн зах зээлийн дэд бүтцийг   шинэчлэх ажлын хүрээнд төлбөр тооцооны системийн найдвартай тасралтгүй ажиллагааг  хангана.  Энэ системийн шинэчлэлтэй төлбөр тооцооны шинэчлэлийг 2014-2016 онд эрчимжүүлж шинэ төвшинд хүргэнэ.  Санхүүгийн зах зээлийн харилцагчдын эрх ашгийг хамгаалах, олон нийтийн санхүүгийн суурь мэдээллийг дээшлүүлэх хөтөлбөр боловсруулах ажлыг холбогдох байгууллагатай нь хамтран эхлүүлнэ” гэж тусгасан  байна.


Махны үнийн өсөлт хоёр дахин доогуур байгаа гэнэ

Өнгөрсөн онд инфляц 12.4 хувьтай гарсан ч наймдугаар сард  9.4 хувь  болж буурчээ. Өөрөөр хэлбэл, инфляц гурван нэгж хувиар буусан байна. Ирэх онд манай улсын гадаад валютын орох урсгал эерэг, их байх тусам Монголбанк  бодлогын хүүгээ бууруулах замаар инфляцыг найман хувьд барих боломж бүрдэх ажээ.  Гэвч инфляц найман хувьтай байна гэдэг бас л өндөр тоо хэмээдэг. Инфляцад нөлөөлдөг хүчин зүйлийн нэг нь яах аргагүй махны үнэ. Ийм ч учраас жил жилийн хавар махны үнийн асуудал босч ирдэг. Монголбанкнаас үнэ тогтворжуулах хэд хэдэн хөтөлбөр хэрэгжүүлсэн. Үүний нэг нь махны үнийг тогтворжуулах хөтөлбөр юм.  Үндэсний статистикийн хорооны мэдээллээс үзвэл энэ онд махны үнийн өсөлт сүүлийн гурван жилийнхээс хоёр дахин доогуур гарчээ. Өөрөөр хэлбэл,  махны үнийн өсөлт энэ жил 16.3 хувь байна.  Харин  2010-2012 онд махны үнэ жилд 33.7 хувиар өсч иржээ. Үнийн энэ өсөлт нь махны нийлүүлэлт хаврын улиралд хомсдсоноос болдог аж. Зун, намрын улиралд нийлүүлэлт нэмэгддэг ч нэгэнт өссөн үнэ буурахдаа дургүй бөгөөд өндөр хэвээр тогтож үлддэг. Монголбанкны хөтөлбөрийн хүрээнд нийлүүлэлт тал дээр шок үүсгэж үнэ өдөөдөг механизмаас салсан гэж байгаа. Энэ нь цаашдаа боловсронгуй болох бөгөөд гурван жилийн дотор төв банк уг хөтөлбөрөөс  гарах аж.  Одоогоор эрсдэлээ бууруулаад эхэлжээ. 


Шатахууны үнэ 50 хувиар нэмэгдэх байлаа

Шатахууны үнэ жил бүр л нэмэгдэж ирсэн. Газрын тосны газраас хийсэн судалгаагаар жилд дунджаар нэг литр АИ-92 бензин 75, дизелийн түлшний үнэ 145 төгрөгөөр нэмэгдэж иржээ. Энэ онд шатахууны үнийг тогтвортой барьж ирсэн. Өнгөрсөн жилүүдэд шатахууны байнгын нөөц 44 мянган тонн байсан. Энэ онд нөөц нь 95 мянган тонн болж өссөн байна. Шатахууны үнэ бол иргэд, бүх бизнест шууд нөлөөлдөг тул инфляц өдөөх гол хүчин зүйлийн нэг.  Монголбанкны ерөнхийлөгч Н.Золжаргал шатахууны үнийг тогтворжуулах хөтөлбөрийг ийнхүү тайлбарласан юм. Тэрээр “Шатахууны үнийг хатуу бариад байгаа юм шиг буруу ойлголт бий. Бензиний үнийн схемд нийт үнийн өсөлтийн гадаад буюу дотоод нөлөөллийг зургаан сарын дотор жигд шингээж явах бодлого баримталж байгаа. Зах зээлийн гадаад болон дотоод хүчин зүйлийн нөлөөгөөр шатахууны үнэ оны эхэнд 30 хувиар өсөөд эхний хагас жилд 20-оод хувиар буурахаар байсан.  Мөн  наймдугаар сард  гадаад валютын ханшийн нөлөөллөөс болж эргээд 20 хувиар өсөх байлаа. Дээрх  хөтөлбөрөөр бид боломжийнхоо хэрээр зургаан сарын хугацаанд нөлөөллийг нь жигд шингээж,  өгсөний дүнд үнэ өсөөгүй, тогтвортой байна.  Гаднаас нь харахад иргэд дээр очихдоо энэ маань тэг нөлөөлөлтэй юм. Энэ нь, зах зээлд үүссэн хоёр талын 20, 30 хувийн өсөлтүүдийг саармагжуулсан болохоос биш импортлогч компаниуд нь дампуураад тэд алдагдал хүлээсэн юм байхгүй” гэсэн билээ.

Орон сууцны жилийн найман хувийн хүүтэй зээл олгож эхэлсэн. Ингээд эхний гурван сарын дотор буюу өнгөрсөн наймдугаар сард орон сууцны ипотекийн зээлдэгчийн тоо 40.6 мянгад хүрсэнийг статистикаас харж болно. Ийнхүү ипотекийн зээл өссөн нь иргэдийн хуримтлал нэмэгдэж байна гэж болно. Нөгөө талаар, ажлын байраа хадгалж үлдэх, иргэд цалинтай орлоготой байх нь эдийн засгийн тогтвортой байдлын нэг чухал үзүүлэлт. Тухайлбал,  ипотекийн зээл нэмэгдэхийн хэрээр хөдөлмөрийн зах зээл ил болж нийгмийн даатгалын сангийн орлого өсчээ. Өнгөрсөн оны эхний найман сарын байдлаар тус  сангийн орлого  669 тэрбум төгрөг байж. Тэгвэл энэ оны мөн үед 819 трэбум төгрөг болж өссөн дүн гарлаа. Монголбанк энэ жил барилгын салбарыг дэмжсэн. Үүний үр дүнд тус салбарын ДНБ-нд эзлэх хувийн жин ч өсчээ. Өнгөрсөн оны хоёрдугаар улирлын байдлыг энэ жилийнхтэй харьцуулан үзвэл 125 хувиар өссөн дүн бий. Өнөөдөр манай улсын эдийн засаг уул уурхайгаас 95 хувиар хамааралтай гэдэг. Тэгвэл барилгын салбар ирэх хоёр,  гурван жилд энэ эрчээрээ өсвөл  уул уурхайн хамаарал буурч,  70 орчим хувьтай болгоход нөлөөлнө гэсэн тооцоог төв банкнаас хийжээ. Иймд ирэх жил ч барилгын салбарыг дэмжсэн бодлого, жилийн найман хувийн хүүтэй орон сууцны зээлийг  үргэлжлүүлэх ажээ.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан