Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо өчигдөр хуралдах байсан ч өмнөх өдөр нь асуудлаа хэлэлцэж шийдсэн юм. Тиймээс өчигдөр Байнгын хороод хуралдаагүй. Харин УИХ дахь МАН-ын болон МАХН-МҮАН-ын “Шударга ёс” бүлэг ээлжит бус хурлаа хийв.
МАН-ын бүлэг хуралдаандаа Монголбанкны ерөнхийлөгч Н.Золжаргалыг оролцуулж, мөнгөний бодлогын талаар ярилцсан гэнэ. Мөн Засгийн газраас боловсруулж, өргөн барьсан 2014 оны улсын нэгдсэн төсвийн тухай хуулийн төслийг хэлэлцэж, байр сууриа нэгтгэжээ. МАН-ын бүлэг ирэх оны төсвийг хараахан хэлэлцэх болоогүй, юуны өмнө 2013 оны төсвийн тодотголыг хэлэлцэх ёстой гэж үзсэн. Засгийн газар хуралдаанаараа төсвийн тодотгол хийхээр шийдсэн ч УИХ-д өргөн бариагүй байгаа юм.
Өнөөдөр болох УИХ-ын нэгдсэн чуулганд Ерөнхий сайд Н.Алтанхуяг танилцуулна. Иймээс тус бүлгийн гишүүд яаралтай хуралдаж, хэрхэхээ ярилцсан аж. Гэвч МАН-ын бүлгээс албан ёсоор мэдээлэл өгөөгүй.
Харин МАХН-МҮАН-ын “Шударга ёс” бүлэг өчигдөр мөн ээлжит бус хуралдаан хийж, зарим асуудлыг авч хэлэлцсэн байна. Төрөөс 2014 онд баримтлах мөнгөний бодлогын талаар хэлэлцсэн учраас Монголбанкны удирдлагуудаас мэдээлэл сонсчээ.