Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Монголын эдийн засаг цаашид буурах дүр зураг гарчээ

Азийн хөгжлийн банкны Монгол дахь Суурин төлөөлөгчийн газраас дэлхийн болон манай улсын эдийн засгийн нөхцөл байдлын талаарх мэдээллийг өглөө. Тэдний төсөөллөөр манай улсын эдийн засгийн өсөлт энэ оны сүүлчээр 12 хувьтай гарах бол Азийн хөгжингүй орны эдийн засгийн өсөлт 6.1 хувийн өсөлттэй байх гэнэ. Энэ нь 2011 онтой харицуулахад таван хувиар буурсан хэдий ч хөгжиж буй орнууд дундаа дээгүүр гарсан үзүүлэлт ажээ. Харин инфляци 10 орчим хувьтай байх ажээ. Үүнээс гадна тэдэнд ирэх онд манай улсын эдийн засаг 13 хувьтай буюу энэ жилийнхээс нэг хувиар өснө хэмээн таамаг ч бий. Энэ нь дэлхийн банкнаас гаргасан таамаглалтай хол зөрж байгаа юм. Тодруулбал дэлхийн банкнаас гаргасан улирлын тайланд ирэх онд манай улсын эдийн засгийн өсөлт буурах тооцоо гарсан. Ирэх онд л гэхэд манай улсын эдийн засаг 10.3 хувийн өсөлттэй байх бол 2015 онд 10 хувь болж буурна гэж төсөөлсөн нь цаашид тасралтгүй буурах дүр зураг юм. Азийн хөгжлийн банкны ахлах эдийн засагч Ян Хансэн “БНХАУ, Энэтхэгийн эдийн засийн нөхцөл байдал төсөөлж байснаас сул байгаа бөгөөд АНУ-ын эдийн засгийн өсөлтийг дэмжих зөөлөн бодлого хэрхэх бол гэсэн эргэлзээ сүүлийн үед газар авч байгаа” хэмээсэн. Түүний хэлж буйгаар энэ нь шинээр хөгжиж буй орнууд хийгээд манай улсын санхүүгийн зах зээлийг тогтворгүй болоход нөлөөлсөн байна. Тодруулбал, АНУ-ын Холбооны сангийн үйл ажиллагаа хумигдаж, хөрөнгө оруулалт Энэтхэг, Индионез, Монгол зэрэг шинээр хөгжиж буй орнуудын зах зээлээс эрс татарсан байна. Үүнээс гадна өмнөд хөрш эдийн засгийн бодлогоо өөрчилж, экспортлогч, импортлогч бус дотоодын хэрэглээндээ суурилсан эдийн засгийн бүтэцтэй болохыг зорьж байгаа нь манай улсын эдийн засагт нөлөөлнө гэдгийг дуулгалаа. Гэвч бид хүссэн хүсээгүй ойрын хэдэн жилдээ гадаад нөхцөл байдлаас хамааралтай, уул уурхайд тулгуурласан эдийн засагтай байх нь ойлгомжтой. Оройтсон ч гэсэн төмөр замын их бүтээн байгуулалтыг 78 жилийн дараа эхэлсэн нь сайн хэрэг л дээ. Гэвч одоог хүртэл төмөр зам дагуу байгуулах зогсоол, галт тэргээ хэрхэн хаанаас авах тухай яриа ч гарч эхлээгүй байна. Тийм учраас цаашид уул уурхайн бүтээгдэхүүний олборлолт, тээвэрлэлт, борлуулалтын хамгийн зөв бодлогыг барих зайлгүй шаардлага урган гарч байна. Цөөн үгээр хэлбэл өмнөд хөршийн эдийн засаг цаашид хэрхэх вэ? гэдэг асуултад хариулт өгч байж бодлого шийдвэрээ гаргах нь зөв ч болж мэдэхээр байна. Эдийн засагч, судлаач Ж.Дэлгэрсайхан нэгэнтээ “Бид өнөөдөр бодлогоо алдсаны улмаас магадгүй хямд үнээр нүүрс зарж байна. Тээврийн бодлогоо хийж чадаагүй учраас тээврийн зардал өндөртэй нүүрс гаргаж байна. Тиймээс гадаад харилцааны зөв бодлого, уул уурхайн менежментийг цогцоор нь сайжруулах ёстой” хэмээсэн нь бий. Харин мөнгөний нийлүүлэлт энэ оны хоёрдугаар улирлалд 14 хувиар өссөн нь эдийн засагт шаардлагатай арга хэмжээ байсан гэдгийг Азийн хөгжлийн банкны эдийн зсагчид дуулгалаа. Гэвч “Үнэ тогтворжуулах” гэх мэт хөтөлбөрийн нөлөөгөөр инфляци өссөн гэдгийг өгүүлсэн юм. Тиймээс инфляци өсч, төгрөг суларч байгаа учраас цаашдаа мөнгөний хатуу бодлого баримтлах хэрэгтэйг санууллаа. Яг одоогийн байдлаар төгрөгийн ханш оны эхэн үеэс 15 орчим хувиар буурсан билээ. Тиймээс Засгийн газрыг өргөн хэрэглээний бараа бүтэгдэхүүний үнийн өсөлт, валютын нөөц буурах зэрэг шинээр үүссэн дарамтыг багасгах ажлыг яаралтай хийх нь зүйтэй хэмээн үзэж буй юм.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан