Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

П.Ганболд: Олон улсын нислэгийн тоог нэмэгдүүлнэ

ИНЕГ-ын Агаарын навигацийн үйлчилгээний газрын дарга П.Ганболд тэргүүтэй төлөөлөгчид Европ-Азийг холбосон агаарын замаар нислэг үйлддэг агаарын тээвэрлэгчдэд үйлчилгээ үзүүлж буй орнуудын уулзалтад оролцоод иржээ. Эл уулзалтын үр дүн болоод цаашид авах арга хэмжээнийх нь талаар ярилцлаа.

-Европ-Азийг холбо­сон агаарын замаар нис­лэг үйлддэг агаарын тээвэр­лэгчдэд үйлчилгээ үзүүлж буй орнуудын уулзалтад оролцоод ирлээ. Уулзалтаас ямар үр дүн гарав?
-Сүүлийн жилүүдэд ма­най улс нутаг дэвсгэр дээ­гүүрээ дамжин өнгөрч буй агаарын хөлгүүдийн аюулгүй байд­лыг бүрэн хангаж, үйл­чилгээ үзүүлэх боломж нэмэгдэж байгаа. Тиймээс  агаарын орон зайн нислэгийн аюулгүй байдлыг хангах чиглэлээр хийсэн болон хийхээр төлөвлөж буй бүх ажлаа танилцуулж олон улсын агаарын тээвэрлэгчдийн холбоо, олон улсын иргэний нисэхийн байгууллага, авиа компаниудын зүгээс өндөр үнэлгээ авсан. Эл хурлаар манай улсын агаарын зайд нисэн өнгөрч буй агаарын хөлгүүдэд үйлчилгээ үзүүлэхэд ямар хүндрэл гардаг, хоёр хөршийн агаарын хилтэй ямар асуудалтай  байгаагаа ч ний нуугүй ярилцлаа.  Манайд БНХАУ-тай зургаа, ОХУ-тай есөн агаарын хаалга бий. Энэ уулзалтын үеэр бид БНХАУ-тай нэг агаарын хил нэмж нээх асуудлыг тавьсан. Манай саналыг нааштайгаар хүлээн авч, асуудлыг судалж хариу ирүүлэхээ ч  мэдэгдсэн. ICAO, IATA-гийн зүгээс ч дэмжлэг, туслалцаа үзүүлнэ гэдгээ хэлсэн.

-Манай улсын агаарын зайгаар нисэн өнгөрч буй онгоцнуудад үйлчилгээ үзүү­­лэхэд хүндрэлтэй бай­даг гэсэн?
-Өмнө нь, манай улсын агаарын хилээр өнгөрч буй онгоц­нуудын хоорондын зай 150 км байсан. Энэ оны найм­дугаар сарын 23-нд ло­ка­тораар харж удирддаг болсноор онгоц хоорондын зайг 90 км болгосон. Харин ирэх  оны  арванхоёрдугаар сард зайчлалаа улам багасган 30 км болгох зорилт тавин ажиллаж байна. Учир нь, манай урд, хойд хөршөөс орж ирж буй онгоцнууд 30 км-ийн зайтай явж байгаад манай нутаг дэвсгэр дээгүүр орж ирэхээр нь хоорондын зайг нь холдуулдаг байсан. Энэ асуудлыг удахгүй шийдвэрлэнэ. Гэхдээ манайд тоног төхөөрөмж бэлэн, харин нислэгийн удирдагч нарыг бэлтгэх чухал.  Тиймээс одоо ажиллаж байгаа нислэгийн удирдагч нараа онгоц хоорон­дын зайг багасгасан үед хэрхэн ажиллахад бэлтгэнэ гэсэн үг. Энэ ажлаа хийж чадвал манай улс дээгүүр дамжин өнгөрөх нислэгийг нэмэгдүүлэх бүрэн боломжтой. Хоёр хөршөөс шалтгаалах бас нэг асуудал бол хэмжилт. Хоёр хөрш маань хэмжилтийн хоёр өөр системтэй. Дэлхий нийтээрээ feet-ийн системд шилжчихсэн л дээ. Гэтэл Хятад, манайх хоёр л метрийн системтэй. Хоёр хөршийн хэрэглэж буй систем өөр байдгаас манайд хүндрэл гардаг.  Бид өнөөдрийг хүртэл зохицуулаад явж л байна. Яваандаа feet-ийн систем рүү орно гэдэг үүднээс ажлын хэсэг гарган, метрээс feet рүү шилжүүлэх стандартаа гаргаж байгаа. 

-Тэгэхээр  дамжин өн­гө­­рөх нислэг хэзээ нэмэгдэх үү?
-Олон улсын иргэний ни­сэхийн байгууллагын ху­ралд оролцсоныхоо дараа Олон улсын агаарын тээвэр­лэгчдийн холбооны хуралд суурилуулсан агаарын хөл­гийг харж хянадаг бодит ажиглалтын радиолокатор, агаа­рын навигацийн тоног төхөөрөмжийнхөө талаар та­нилцуулсан л даа. Манай илтгэлийн дараа Олон улсын агаарын тээвэрлэгчдийн хол­бооны бүсийн захирал “Казахстан дээгүүр өнгөрч байгаа Европоос Азийг чиглэсэн олон нислэгээс танай дээгүүр шилжүүлэн өнгөрүүлэх боломжтой болжээ. Тиймээс  танай улс дээгүүр дамжин өнгөрөх нислэгийн тоог нэмэгдүүлэх боломжтой” гэсэн баяртай мэдээг дуулгасан. Яг хэзээ нэмэгдэхийг тодорхой хэлээгүй. Ямар ч байсан эхлэл нь тавигдсан. Ер нь, манай улсын нутаг дэвсгэр дээгүүр өнгөрөх нислэгийг яагаад нэмэгдүүлэх болов гэдгийг гадаадын авиа компаниуд судалж байна лээ. Тухайлбал, “Cathy Pacific” гэдэг томоохон агаарын тээвэрлэгч компани манай улс дээгүүрх нислэгийн тоогоо нэмэх хүсэлтээ ирүүлсэн. Эндээс харахад, бидний зорьж буй ажил үр дүнтэй эхэлж байна. IATA-гийн зүгээс тоног төхөөрөмж, хүн хүчний хувьд бэлэн учир танай дээгүүр өнгөрөх нислэгийн тоогоо нэмэгдүүлье гэсэн.

-Сая томоохон авиа компаниудыг Улаанбаатарт урьж уулзалт хийсэн нь энэ ажилтай холбоотой юу?
-Манай улсын нутаг дэвс­гэр дээгүүр нислэг үйлд­дэг томоохон агаарын тээвэр­лэгчдийг урьж уулзалт хийсэн. Бид агаарын навигацийн ямар тоног төхөөрөмж ашиг­лаж байгаа, ямар болов­сон хүчинтэйгээр агаарын зайн аюулгүй байдлыг хангад­гаа газар дээр нь үзүүлж танилцуулсан. Хамгийн гол нь, Олон улсын агаарын тээвэрлэгчдийн холбоо “А­гаа­рын навигацийн тө­хөө­рөмжөөр сайн тоногложээ, одоо агаарын замаа уян хатан болгочихвол танай агаарын зай­гаар нислэг үйлдэх, дам­жин өнгөрөх онгоцны тоогоо нэмэгдүүлэхэд татгалзах зүйл­гүй” гэсэн. Казахстан улсын дээгүүр яагаад олон улсын онгоц олон өнгөрч байна вэ гэхээр тус улс нь навигацийн болон радиолокаторын маш сайн тоноглолтой юм билээ. Тиймээс агаарын тээвэрлэгч нар тэдний дээгүүр нисдэг. Бид тэр олон нислэгээс татаж, өөрийн нутаг дэвсгэр дээгүүр өнгөрүүлэхэд тоног төхөөрөмж бэлэн. Гагцхүү нислэгийн удирдагч нараа сургачихвал асуудалгүй.

-Ер нь манай улсын агаарын зам юугаараа онцлог, давуу юм бэ?
-Европоос Зүүн Өмнөд Азийг зорьж буй агаарын хөлгүүд манай улсын нутаг дэвсгэр дээгүүр өнгөрөх нь их таатай орчин л доо. Мөн Азийн орнуудаас Америк тивийг зорьсон нислэгүүд үйлдэж байна. Манай агаарын орон зайгаар өнгөрөх нь маш их зай хэмнэнэ. Үүнийг дагаад түлш шатахуун хэмнэнэ гээд тааламжтай олон нөхцөл байдаг. Тиймээс бид энэ таатай агаарын хилээ бүрэн ашиглах ёстой юм. Гэхдээ нисэн өнгөрөх аюулгүй байдлыг нь хангаж чадахгүй бол агаарын тээвэрлэгч нар тойроод л явчихна. Жишээ нь, Японы “JAL”, “ANA” гэхэд л ОХУ-ын нутгаар нисчихдэг. Зарим агаарын тээвэрлэгчид тойроод Казахстанаар нисч байна. Нислэгийн аюулгүй байдлыг нь бүрэн хангасан агаарын навигацийн тоног төхөөрөмжөөр шинэчлэн то­ноглож, нислэгийн хөдөл­гөөний сайн үйлчилгээ үзүүлэх ёстой юм. Түүнчлэн агаарын замуудаа уян хатан болгож, агаарын хаалгуудаа нэмснээр өнөөдрийн үйлдэгдэж буй нислэгийг нэмэгдүүлэх бүрэн боломжтой.

-Тэгвэл энэ талаар ямар ажил хийж байгаа вэ?
-Ирэх онд хоёр радио­локатор нэмж суурилуулан одоо байгаа локаторын бүр­хэл­тээ тэлнэ. Мөн ажиглалтын та­ван төхөөрөмж “ADS-В”-ыг суурилуулах юм. 2015 онд тавыг нэмж тавьснаар нийт нутаг дэвсгэртээ “ADS-В” бүр­хэлтээ хийнэ.  Дээр нь, “ДМE” гээд газрын навигацийн 10 гаруй тоног төхөөрөмж нэмж суу­ри­луулна. Энэ бүхэн нь “Тө­рөөс иргэний нисэхийн сал­барт 2020 он хүртэл ба­римтлах бодлогын баримт би­чиг”-т тусгагдсан ажил. То­дор­хой төлөвлөгөөтэйгөөр дэс дараатайгаар хэрэгжүүлж байна.

0 Сэтгэгдэл
Henii xiisen ajiliig yariad bainaa ooroo xiisen ym shig yamar itgeltei yarij bainaa kkkk
Хамгийн их уншсан