Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт ашигт малтмалаа боловсруулж нэмүү өртөг шингэсэн эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэхээр тусгасан байдаг. Иймд эрдэс баялгийг эрж хайх, олборлох, баяжуулах, үйлдвэр байгуулах, борлуулах иж бүрэн бодлого боловсруулах талаар Уул уурхайн, Эдийн засгийн хөгжлийн, Үйлдвэр, хөдөө аж ахуйн сайд нарын хамтарсан тушаал өнгөрсөн сарын 27-нд гарсан байна. Ингээд “Монгол төмөр”, “Монгол зэс” гэсэн хоёр хөтөлбөр хэрэгжүүлэх ажлын хэсэг байгуулагдсан билээ. Эдгээр хөтөлбөрийг боловсруулж ирэх оны нэгдүгээр улиралд дээрх гурван сайдын хамтарсан хуралдаанаар танилцуулах ажээ. Өчигдөр “Монгол төмөр” ажлын хэсгийн анхдугаар хуралдаан болов. Энэ үеэр тус ажлын хэсгийн ахлагч, Үйлдвэр, хөдөө аж ахуйн дэд сайд Б.Цогтгэрэлтэй уулзлаа.
-Төмрийн хүдрээ бүрэн боловсруулж эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх хөтөлбөрийн талаар ярилцаж байна. Энэ хөтөлбөр хэзээ бэлэн болох вэ. Манай улсад төмөр бэлдэцийн хэд хэдэн үйлдвэр бий. Тэднийг энэ хөтөлбөрийн хүрээнд төр засгаас яаж дэмжих вэ?
-“Монгол төмөр” хөтөлбөрийн анхдугаар хуралдаан боллоо. Энэ хуралдаанаар хөтөлбөрийн зорилго чиглэл, хэдий хугацаанд хэрхэн боловсруулах, ажлын хэсгийн гишүүдийн үүрэг, арга аргачлал зэргийн талаар хэлэлцэж байгаа юм. Монгол Улс төмрийн хүдрийн асар их баялагтай. Одоогоор нэг тэрбум тонн төмрийн хүдрийн нөөц илрээд байна. Мөн зэсийн нөөц ч их бий. Тухайлбал, “Эрдэнэтийн овоо”, “Оюу толгой”, “Цагаан суварга” гээд том том ордтой. “Цагаан суварга” орд удахгүй ашиглалтад орно. Нөгөө хоёр ордыг нь ашиглаж байгаа. Энэ бүгдийг түүхийгээр нь бус баяжуулах, эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх бодлого баримталж байна. Тэгээд хэнтэй хамтрах, бүтээгдэхүүнээ хэрхэн тээвэрлэх, борлуулах гээд стартегийн олон цогц хөтөлбөр гарах юм. Засгийн газар өнгөрсөн зургадугаар сарын 7-нд төмөрлөгийн үйлдвэрлэл, барилгын арматурын үйлдвэрүүдийг дэмжих зорилгоор 50 сая ам.доллар хүртлэх хөрөнгө оруулалтын дэмжлэг үзүүлэхийг Хөгжлийн банкинд үүрэг болгосон. Энэ хөрөнгөөр төмрийн хүдрийн уурхайнууд нойтон баяжуулах үйлдвэр барих юм. Дараа нь төмөрлөгийн үйлдвэрийн үндсэн түүхий эд бөөнцөг, зээнцэг үйлдвэрлэнэ. Тэгээд хайлуулах үйлдвэр буюу металлургийн үйлдвэрлэл байгуулах ёстой.
-Урьдчилсан байдлаар ямар хүчин чадалтай ган хайлах үйлдвэр байгуулах юм бол. Ийм үйлдвэрт дор хаяж хэдий хэмжээний хөрөнгө оруулалт шаардлагатай вэ?
-Өнөөдөр яг тийм ийм хөрөнгө шаардлагатай гэж нарийн тоо хэлэх бололцоо байхгүй. Техник эдийн засгийн үндэслэлээр гарна.
-Дарханы төмөрлөгийн үйлдвэрт өргөтгөл хийх, хүчин чадлыг нь нэмэгдүүлэх яриа бий. Энэ ажил ямар шатанд явна вэ?
-Энэ асуудал одоо боловсруулах бодлогын хүрээнд гарах ёстой. Дархан, Сэлэнгийн бүс нутагт төмөрлөгийн үйлдвэрийн цогцолбор хөгжүүлэх судалгааны ажил Дэлхийн банктай хамтарч хийж байгаа. Дарханы төмөрлөгийн үйлдвэр өөрийн мэдлийн төмрийн хүдэр олборлох уурхайг саяхан нээж улсын комисст танилцуулсан. Үүн дээр суурилаад дотоодын төмөр, төмөр бэлдэцийн хэрэгцээг бүхэн хангах металлургийн үйлдвэрлэл явуулах бүрэн бололцоотой.
Манай улс өнгөрсөн онд найман сая тонн төмрийн хүдэр экспортолсон. Энэ бол том хэмжээний металлургийн үйлдвэрийн цогцолборт бүтэн жил хэрэглэх түүхий эд. Цаашид төмрийн хүдрээ түүхийгээр нь экспортлоод байхгүй. Гүн боловсруулах шаардлагатай. Нөгөө талдаа түүхийгээр нь экспортлохоор тээвэрлэлт болон логистикт маш том дарамт учруулдаг. Баяжуулах, агуулга нь нэмэгдэхээр тээвэрлэх бүтээгдэхүүн багасч, илүү үнэд хүрнэ. Энэ хэмжээгээр эдийн засгийн асар их ач холбогдолтой. Төмрийн хүдрийн асар их нөөцтэй байж дотоодын хэрэгцээнийхээ төмөр бэлдэц, арматурыг гадаадаас импортолдог байж таарахгүй юм.
-Монгол ган үйлдвэрлэх бодлого боловсруулж эхэллээ. Нэрийн бүтээгдэхүүн нь яг хэзээнээс гарах вэ?
-Бидний ажил яг төлөвлөгөөний дагуу явах юм бол гурван жилийн дараа гэхэд гангийн хэрэгцээгээ хангаад эхэлнэ.
-Томоохон үйлдвэр байгууллаа гэж бодоё. Түүнд ажиллах боловсон хүчний нөөц бий юу?
-Дарханы төмөрлөгийн үйлдвэр 1994 онд байгуулагдсанаас хойш 20 жилийн нүүр үзэж байна. Энэ хугацаанд төмөрлөгийн салбарын боловсон хүчин манай улс хангалттай бэлтгэсэн. Сүүлийн үед гадаадад энэ чиглэлээр суралцаж буй залуус олон бий. Төмөрлөгийн салбар бол дэлхийн төвшинд аваад үзвэл шинэ зүйл биш. Хүн төрөлхтөн 100 жилийн өмнө төмрийг ашиглаж л байсан. Иймд техник технологи их хөгжсөн тул чадахгүйн зовлон байхгүй.
-Тэгэхээр манай улсын төмөр, төмөр бүтээгдэхүүний жилийн хэрэгцээ ямар хэмжээтэй байдаг вэ?
-Одоогоор жилд 300 гаруй мянган тонн төмөр, төмөр бэлдэц ашигладаг. Ойрын үед гурав дахин нэмэгдэх төсөөлөл бий. Учир нь, манай улсын эдийн засгийн тэсрэлт өндөр байна. Иймд энэ өргөн уудам нутагт томоохон бүтээн байгуулалт хийхэд төмөргүйгээр төсөөлөх аргаггүй. Ер нь, орон сууц барилгын салбарт төмрийн нийт хэрэгцээний 55 орчим хувийг ашигладаг. Манай улс ойрын жилүүдэд 100 мянган айлын орон сууц барьж босгох болсон. Энэ хэмжээгээр л төмрийн хэрэгцээ улам нэмэгдэж байна. Бид төмрийн хэрэгцээгээ дотоодоос хангахгүй бол олсон жаахан орлогоо гадаад руу урсгаад л байна гэсэн үг. Тэгээд гадаад худалдааны тэнцэл, валютын урсгал гээд бүхий л зүйлд сөрөг нөөлнө шүү дээ. Иймд энэ бол цаг хугацаа алдсан ч гэсэн маш оновчтой бодлого юм.