Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Шороон замыг яаралтай засварлах ёстойг онцлов

Зам тээврийн сайдын тушаалаар Таван толгойгоос Гашуун сухайт чиглэлд нүүрс тээвэрлэхдээ зөвхөн хатуу хучилттай авто замаар нүүрс тээвэрлэж байхаар болсон билээ. Харин өнгөрсөн зун УИХ-ын гишүүн Д.Бат-Эрдэнэ, Зам тээврийн сайд Р.Гансүх нараар ахлуулсан ажлын хэсэг орон нутагт ажиллаж, нөхцөл байдалтай танилцсан бөгөөд сайдын тушаалд өөрчлөлт оруулж,  нүүрсийг эргэн шороон замаар тээвэрлэх шийдвэр гаргасан юм. Ингэж шийдвэрлэх нэг шалтгаан нь нүүрс тээвэрлэлтийн компаниуд “Энержи ресурс” компанийн хатуу хучилттай авто замаар нүүрс тээвэрлэхдээ 400 мянган төгрөгийн хураамж төлдөг учраас компаниудад ашиггүй, зарлага ихтэй байдаг байна.      

Энэ ажлын хүрээнд Монгол Улсын Засгийн газраас аймгийн  Засаг даргад Таван толгойгоос Гашуун сухайт чиглэлд 257км шороон замыг засварлах үүрэг өгсөн юм. Үүнтэй холбогдуулан аймгийн Засаг дарга ӨМӨЗО-ны Баяннуур хотын хамтын ажилллагааны хүрээнд шороон зам засварлах ажилд 20 тэрбум төгрөг шийдвэрлүүлж, зам засварын ажил явж байгаа. Харин ажлын хэсгийнхэн энэ долоо хоногт хуралдаж замын нөхцөл байдлын талаар ярилцсан юм. Тухайлбал, зам засварлах үед төмөр замын транс нэлээдгүй газар огтлолцож байгаа, мөн Гашуун сухайтын заставын ойролцоо шороон зам дайран өнгөрдөг учраас 20-иод км шороон зам нэмж бий болгох шаардлага тулгарч байна. Түүнчлэн шороон замаар нүүрсээ тээвэрлэн буцахдаа хатуу хучилттай авто замаар явуулах талаар Засгийн газарт уламжилснаар асуудал шийдвэрлэгдэх шатандаа явж байгаа гэж мэдээлж байна.   

Ер нь, дэлхийн зах зээлд нүүрсний үнэ уналтын байдалтай байгаагаас  Монгол Улсын болон Өмнөговь аймгийн эдийн засагт хүндрэл гарах болж. Тиймээс нүүрс тээвэрлэлтийг хэвийн хэмжээнд болгон өмнөд хөршид борлуулах ажлыг түргэвчлэх нь зүйтэй гэж албаныхан үзэж байгаа юм. Ямартаа ч, Монгол Улсын Засгийн газраас Өмнөговь аймагт энэхүү шороон замыг яаралтай засварлах, засварлахын хажуугаар нүүрс тээвэрлэлтээ зогсоохгүй байх хүндхэн үүрэг даалгавар өгсөний дагуу бүх бололцоогоо ашиглан энэ ажлыг гүйцэтгэж байна.  
Гурвантэс чиглэлд 10 км зам шинээр ашиглалтад орлоо

Өмнөговь аймаг 2016 он гэхэд Даланзадгад хотыг Гурвантэс сумтай хатуу хучилттай авто замаар холбох зорилт тавин ажиллаж байгаа. Ингэснээр аймгийн төв нь сумтайгаа засмал замаар холбогдсон анхны аймаг болох юм. Энэ ажлын хүрээнд  өнгөрсөн жил долоон км авто зам барьсан бол өнгөрсөн долоо хоногт 10 км авто замыг нь ашиглалтад хүлээн авсан байна.     

Дэд бүтэц хөгжиж байж улс орон хөгждөг. Тэгвэл орон нутгаа хөгжүүлэх нэг томоохон сүлжээ бол авто замын сүлжээ. Энэ ажлыг Өмнөговь аймаг амжилттай хэрэгжүүлж байна. Тухайлбал, тус аймаг өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд 38 км авто замыг 10 гаруй тэрбум төгрөгөөр тавьсан бол энэ дөрвөн жилд аймгийн төвөөс алслагдсан сум болох Гурвантэстэй хатуу хучилттай авто замаар холбогдох ажлыг санаачлан хэрэгжүүлж байна.  Одоогоор аймгийн төвөөс баруун хойш 17 км авто зам баригдаад байна. Энэ замын долоон километрийг нь өнгөрсөн жил ашиглалтад хүлээн авсан бол энэ жил 10 км-г барьж дуусгаж байгаа юм. Эл замыг  барихад орон нутгийн төсвөөс найман  тэрбум төгрөг зарцуулжээ. Замын гүйцэтгэлийг “Дардан говь” болон “Гурван зам” зэрэг компани гүйцэтгэсэн байна.

Өмнөговь аймгийн хувьд Таван толгой, Оюу толгой зэрэг уул уурхайн томоохон стратегийн орд газар байрших Цогтцэций, Ханбогд зэрэг зүүн бүсийн сумд, сүүлийн жилүүдэд хүн ам илүүтэй төвлөрч бусад сумдтай харьцуулахад илүү хурдан хотжих талтай байгаа. Тиймээс баруун бүсийг орхигдуулалгүй зэрэг хөгжүүлэх нь чухал гэж орон нутгийн удирдлагууд үзэж байна. Харин энэхүү 320 км хатуу хучилттай авто зам ашиглалтад орсоноор Баяндалай, Ноён, Сэврэй, Гурвантэс зэрэг баруун сумдад дэд бүтэц даган хөгжил урагшлахад томоохон хувь нэмэр болох юм.

Ер нь орон нутгийн төсвөөр 300 гаруй км авто зам барина гэдэг хүнд ажил. Нэг км замыг барихад ойролцоогоор 800 гаруй сая төгрөг зарцуулж байгаа учраас орон нутаг энэ ажлыг дангаараа гүйцэтгэхэд хүндрэлтэй юм. Гэхдээ нөөц бололцоондоо түшиглэн эхлэлийг нь тавьчихлаа, цаашид Засгийн газарт уламжлан бусад төсөл хөтөлбөрийн дэмжлэгээр барьж дуусгахаар төлөвлөж байгаа аж.   

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан