Долоо хоног бүрийн даваа гарагт Засгийн газрын сайдууд салбартаа хийж буй бүтээн байгуулалтын ажлын явцынхаа талаар Ерөнхий сайдад мэдээлдэг уламжлалтай. Энэ удаагийн уулзалтаар Ерөнхий сайд Н.Алтанхуяг болон бусад албаныхан ТЭЦ-3 станц, Баянголын аманд өрнөж буй бүтээн байгуулалтын ажлын явцыг газар дээрээс нь телевизийн шууд эфир ашиглан танилцлаа. ТЭЦ-3 станцын өргөтгөлийн бүтээн байгуулалт энэ оны долдугаар сарын 20-ноос эхэлсэн, одоогоор 60 хувийн гүйцэтгэлтэй байгаа аж. Тус станцыг 50 мегаваттын хүчин чадлаар нэмэгдүүлэхээр төлөвлөсөн бөгөөд өргөтгөтгөлийн ажил станц дээр болон БНХАУ-д тоног төхөөрөмжийн үйлдвэрлэл гэсэн хоёр үндсэн чиглэлийн дагуу явж байна. Тоног төхөөрөмжүүд нь БНХАУ-д үйлдвэрлэгдэж буй бөгөөд зарим нь хил дээр ирсэн гэсэн. Ашиглалтад бүрэн хүлээн авах хугацаа ирэх арванхоёрдугаар сарын 25, гэрээт хугацаандаа амжиж дуусгахаар шахан ажиллаж буйг тус станцын ерөнхий инженер Б.Ганбаатар газар дээрээс нь мэдээллээ.
Барилга хот байгуулалтын яамны “Дэд бүтэц” төслийн хүрээнд Баянголын аманд инженерийн дэд бүтцийн гурван багц ажил хийхээр төлөвлөсөн. Шинэ суурьшлын бүс болгож, орон сууцны хорооллууд босгохын тулд эхлээд төсвийн хөрөнгөөр халуун хүйтэн ус, бохир, дулаан цахилгааны шугам сүлжээг тавьж байна. Ажлын явц 40 гаруй хувьтай байгааг гүйцэтгэгчид мэдээлэв. Баянголын аманд нийт 40-50 мянган айлын орон сууц барихаар төлөвлөснөөс 5500 айлын орон сууцны ажлыг хувийн хэвшлийнхэн эхлүүлээд буй юм. Ирэх хавар эхний 700 айлын орон сууцыг ашиглалтад оруулах аж. Удахгүй Туркийн Засгийн газрын зээлийн санхүүжилтээр босгох 6000 айлын сууцны барилгын ажлыг эхлүүлнэ гэж БХБЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Р.Эрдэнэбүрэн хэллээ.
Цементийн нийлүүлэлтийг нэмэх зохицуулалтыг БХБЯ-наас шуурхай хийж, өмнөд хөршид очиж нийлүүлэгчидтэй яриа хэлэлцээ хийснээ тэрээр мөн танилцуулав. Одоогоор өдөрт 80-100 вагон цементийг машинаар ачин оруулж ирэхийн зэрэгцээ Эрээнээс 20 вагон цемент шууд нийлүүлж буй гэсэн. Хэдийгээр барилгын ажлын оргил үе дуусч байгаа ч ирэх хавар эрт эхлэх барилгын суурийн цутгалтаа хийхээр компаниуд цемент их хэмжээгээр авч буйгаас эрэлт буураагүй байна. Ийм үед нийлүүлэлт нэмснээр цементийн үнэ буурч байгаа гэсэн. Харин “Магнай трейд” компани өчигдөр 18 цагаас өмнө шатахууны үнээ буулгана гэдгээ мэдэгдсэн байна.