“Улаанбаатар” олон улсын кино наадмын зохион байгуулагчаар ажиллаж буй Монголын Урлагийн зөвлөлийн гүйцэтгэх захирал Ц.Ариунаатай наадмын талаар цөөн үг солилоо.
-Манайхан сайн кино гэхээр л үнэтэй бүтсэн байх нь гэж ойлгодог. Гэтэл алдар хүндтэй шагнал хүртээд яваа нь тийм ч үнэтэй бүтсэн байх нь ховор. Энэ удаагийн кино наадмаар киночдод юу өгөхийг зорьж байна вэ?
-Монголын үзэгчид гадаадын кино гэхээр холливүдийн, арилжааны шинж чанартай хийсэн киног үзэж заншсан. Харин өнөөдөр дэлхийд хэдэн улс үндэстэн, соёл, бүс нутаг байна, төдий хэмжээний олон янзын кино түүх, түүнийг илэрхийлэх төрөл жанрын хийц байдаг. Дэлхийн нэр хүндтэй олон наадамд эдгээр өөр, өөр киног өөрсдийнхөө үзэгчдэд хүргэх, кино урлагийн салбарт гарч ирж байгаа шинэ, залуу уран бүтээлчдийг дэмжихэд оршдог. Энэ наадмын зорилго ч үүнтэй мөн ижил. Мөн бид Монголыг олон улсад сурталчлах, түгээх гарцыг уран бүтээлчдэдээ олгоход анхаарч байгаа. Ер нь, манай киноны уран бүтээлчид Монголын, өөрийн гэсэн онцгой түүхийг, өөрийн кино хэлээрээ хийх ёстой. Тэр нь түүхэн байна уу эсвэл орчин үеийн драм байх нь гол биш. Бид заавал хэн нэгнийг дуурайх албагүй. Харин биднийг тойроод дэлхийн кино салбарт юу болоод, ямар киног дэлхийн ба мэргэжлийн хүмүүс таашаав, ямар, ямар найруулагчид байна, тэд хийсэн киногоо яаж сурталчилж, яаж түгээж байгааг тэдэнтэй эн тэнцүү мэдэж байх ёстой. Ийм боломжийг энэ фестиваль олгоно.
-Гадаадын олон шагнал хүртсэн бүтээлийг гаргаж байгаа. Эдгээр бүтээлийг нэг дор үзэгчдэд хүргэж болдог юм болов уу?
-Сонгогдсон кинонуудын хувьд 2013 оны олон улсын кино наадмуудаас шагнал хүртсэн бүтээлүүд гэж дээр дурдсан. Бид оюуны өмч тал дээр ихээхэн анхаарч, сонгосон кинонуудаа албан ёсны эрхтэйгээр худалдан авсан. Тодруулбал, зөвхөн нэг удаа гарах эрхтэйгээр авсан бөгөөд дуу дүрсний хувьд дэлхийн стандартад нийцсэн чанартайгаар хүргэж байна гэсэн үг.
-Нууц биш бол энэ удаагийн кино наадам хэр хэмжээний өртгөөр зохион байгуулж байгаа вэ?
-Кино наадмыг ССАЖЯ-наас санхүүжүүлсэн бөгөөд 149 сая төгрөг зарцуулсан. Монголын үзэгчдэд ихэвчлэн Орос, Солонгосын кинонууд хүрдэг, тэр бүр олон орны олон хэллэгээр тухайн улс орны түүх, соёлыг хүлээн авах боломж хомс учраас бидний энэ ажил нэлээд ач холбогдолтой болох байх.
Наадмын хүрээнд 10 орны 12 кино гарна. Тэгэхээр бид 10 орны цонхоор шагайж, 12 өөр хүний түүхийг нийгэм, соёлынх нь хамт өргөн өнцгөөр харах боломжтой болно гэсэн үг.