ССАЖЯ-ны Соёл урлагийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын мэргэжилтэн Ж.Бодьбаатартай “Улаанбаатар” кино наадмын талаар ярилцлаа.
-1990 онд “Монгол кино нэгтгэл” хувьд шилжсэнээс хойш монгол кино зогсонги байдалд орсон гэдэг. Салбарын яам шинээр байгуулагдаж, энэ бүхнийг нааштайгаар эргүүлэх, киночдыг нэгтгэх арга хэмжээ авч байгаагийн нэг ажил нь энэ удаагийн наадам гэж ойлгож байна?
-1990-ээд оноос хойш Монголын киноны зах зээл, киноны уран бүтээлчид хувьдаа гарч, санхүүгийн болон бодлогын түвшинд төрөөс дэмжлэг дутмаг байсаар өдийг хүрсэн. Энэ талаар ч кино уран бүтээлчид хамтарч ажиллая, дэмжлэг үзүүлээч гэсэн санал тавьж ирсэн. Тиймээс сүүлийн үед ССАЖЯ-наас кино урлагийн энэ салбарыг дэмжих, хэд хэдэн ажил төлөвлөн ажиллаж байна. Бодлогын түвшинд киноны хуультай болъё, эрх зүйн орчинг нь бүрдүүлж өгье гэсэн үүднээс ажлын хэсэг байгуулагдсан. Ерөнхийдөө, киног цогц хэлбэрээр олон талаас нь дэмжье гэдэг үүднээс хийж буй нэг ажил бол энэ кино наадам.
ССАЖЯ, Монгол-Францын төв, Нийслэлийн Соёл урлагийн газар, Монголын Урлагийн зөвлөл хамтран зохион байгуулж буй энэ удаагийн наадамд бид кино сонирхогч, уран бүтээлчдэд дэлхийн А зэрэглэлийн гэж хэлж болохуйц кино наадмуудаас шагнал хүртсэн, өнөөгийн кино урлагийн хөгжлийн чиг хандлагыг тодорхойлох бүтээлүүдийг хүргэж байна. Мөн Франц, Тайвань, Сингапур, Мексик, Турк, Итали, Германы шилдэг найруулагч, жүжигчдийг урин авчирч Монголын үзэгч, кино бүтээгчидтэй уулзах боломж олгох юм. Түүнчлэн гадаадын хүндэт зочиддоо өөрийн орны зургаан бүтээлийг сонирхуулахаар болсон. Олон улсаас сонгогдсон кинонуудын хувьд арт хаус чиглэлийн, сүүлийн хоёр жилд кино урлагт мэргэжлийн хувьд өндөр үнэлэгдсэн бүтээлүүд байгаа.
-Гадаадын чадварлаг уран бүтээлчдийг “Улаанбаатар” кино наадамд оролцуулна гэдэг амаргүй ажил. Наадмын үеэр толилуулахаар сонгосон бүтээлүүдийн эзэд энэ ажлыг хэрхэн хүлээж авсан бэ?
-Мэдээж, сонгогдсон киноны уран бүтээлчид сайхан хүлээж авсан. Тэр ч утгаараа тодорхой төлөөлөл үзэгчдэд бүтээлээ танилцуулсныхаа дараа цөөн хором уулзалт зохион байгуулахаар болсон. Олон улсын кино наадмын зах зээл, оршин тогтнож буй зорилго бол бидний хэлээд байгаа арт хаус буюу жинхэнэ урлагийн бүтээлийн оршин байх ганц үндэс болдог. Бид ч мөн энэ орон зайг бий болгоё, олон улсад киноны чиг хандлага, дүрслэл, хэллэг ямар түвшинд байна, тэрийг Монголын киночид, үзэгчидтэй хуваалцах зорилго агуулсан.
-Мөн гадаад болон монгол уран бүтээлчдийн дунд “Улаанбаатар” кино форумыг зохион байгуулна гэсэн. Үүнээс манай уран бүтээлчид ямар олзтой гарах бол?
-Олон улсын киночид, урлагийн бодлого боловсруулагчид киног ямар шат дараалалтайгаар бүтээдэг, хэрхэн төслөө бичих, яаж мөнгө босгох зэрэг кино бүтээх шилдэг туршлага ба боломжуудын талаар Монголын кино уран бүтээлчдэд танилцуулах зөвлөлгөөн гэж болохоор форум болно.
-Дэлхийн алдартай, чадвартай уран бүтээлчдэд Монголын киночдын бүтээлийг толилуулна гэсэн шүү дээ. Тэгэхээр Монголын өнөөгийн кино ертөнцийг харуулж чадахаар бүтээлийг ямар шалгуураар сонгов?
-Монгол киноны хөтөлбөрт нийт найман кино сонгогдсон. Сонголтын хувьд олон төрөл жанрын бүтээлийг чухалчилсан л даа. Тиймээс гадаадын уран бүтээлчдэд манай кино урлагийн хөгжлийн чиг хандлагыг үзүүлж чадахуйц бүтээлүүд гэж хэлж болно.
-Тухайн салбарыг хөгжүүлэхийн тулд үзэгчдийг нь бэлтгэх хэрэгтэй гэх үг бий. Тэгвэл энэ удаагийн үнэ төлбөргүй толилуулах бүтээлүүдээр үзэгчдэд юу өгөх гэсэн юм бол?
-Бид олон улсын кино наадмын хөтөлбөрийг боловсруулдаг Францын зөвлөх Тибу Бракийг урьж ажиллуулсан. Зөвлөх маань бидэнд энэ жилийн нэртэй наадмуудад сонгогдсон, шагнал авсан бүтээлүүдийг санал болгосон. Тийм ч учраас энэ удаагийн кино наадмаар үзэгчдэд арай өөр ертөнцийг харуулах гэж зорьсон. Магадгүй, үзэгчид бидний энэ санааг хүлээн авч, цаашид Монголын киночдоос өөр зүйлийг хүсдэг болох ч юм бил үү. Тэр л кино урлагийн хөгжлийн бас нэг чухал ахиц байх болов уу.