Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Шарлиз Терон: Бүхий л амьдрал минь ганцхан чемоданд багтаж байсан үе бий

Шарлиз Терон 1994 онд 18 настайдаа анх Холливудад ирэхдээ гартаа 400-хэн доллар атгасан ч зүрх сэтгэлдээ асар том мөрөөдөл тээсэн ганц бие охин байлаа. Түүнээс ердөө 10 жилийн дараа Тэрээр Академи авардсын шагнал гардуулах тайзнаа Оскарын шилдэг эмэгтэй дүрийн шагналаа гардахаар алхаж байсан билээ. Тэр бол үзэшгүй амьтны дүрд тоглосон үзэсгэлэн гоо. Гэвч энэ гоо сайхнаа дэлхий дахинаа гайхуулах хувь тавилан тийм ч амар түүнд олдоогүй юм.
Өмнөд Африкийн хөдөө фермд төрсөн тэрээр 15 настайдаа ээж нь аргагүйн эрхэнд архичин нөхрөө буудаж хөнөөхийг харсан юм. Энэ явдлаас жилийн дараа Милан руу загвар өмсөхөөр явж, тэндээс удалгүй Нью-Йоркт нүүж ирээд балетчинаар ажиллаж байгаад бас л удалгүй Лос Анжелесыг зорьсон гэдэг. Гэхдээ энэ удаа тэрээр буцах замгүй, нэг талын л тийз захиалсан байсан нь тэнд гялалзсан амжилт олох ирээдүйгээ зөгнөсөн мэт.
Үзэсгэлэнт Шарлиз Тероны Опра Уинфрид өгсөн ярилцлагыг хүргэж байна.


-30 гарсан, 40 дөхсөн бүсгүй хүний амьдрал танд ямар сэтгэгдэл төрүүлж байна?
-Амьдралын номны нэгэн шинэ бүлэг мэт санагдаж байна. 20-иод насанд бол агшин бүрийг мэдэрч, ямар нэг юм хийх гэж яардаг байлаа. Тэр үед би 27 насандаа хорвоог орхихсон гэдэг мөрөөдөлтэй байсан шүү.
-Яагаад тэгж мөрөөдөх болсон юм бэ?
-Мэдэхгүй ээ. Ямартай ч 28 нас хүрээд нэг их сэтгэл амарч билээ. Мөрөн дээр байсан бүх ачааг аваад хаячих шиг санагдсан. Түүнээс өмнө бол яг л цагийн цохилттой өрсөх гэсэн мэт бүх зүйлийг хурдан хийж амжуулах гэж яардаг байлаа. Магадгүй энэ нь багадаа ойр дотны хүмүүсийг алдсантай холбоотой байх.
-Та аавынхаа тухай ярьж байна уу?
-Тийм ээ. Гэхдээ зөвхөн аав ч биш, авга ах нар, найзууд гээд л. Оршуулга гэдэг жирийн зүйл болтлоо дассан өдрүүд байсан юм.
-Ярилцлагын өмнөхөн нэг хүн надаас “Та Шарлизаас эцгийнх нь тухай асуух уу” гэхэд нь би “Тийм зүйл хүний амьдралд тохиолдсон бол шарх нь 10, 20 жилийн дараа л аньдаг юм” гэж хариулсан.
-Яг үнэн.

-Гэхдээ та бол тэр гунигт түүх цаашдын чинь амьдрал, хувь заяаг тодорхойлохыг хүлээн зөвшөөрөөгүй шүү дээ. Таны оронд байсан бол олон хүн амьдралаа тэгээд л өнгөрлөө гэж бодох байсан.
-Бурхны авралаар тийм шүү.  Тэр явдал зүрх сэтгэлд минь хүнд шарх үлдээсэн. Гэвч шарх гэдэг эдгэдэг зүйл. Болдогсон бол аавын минь тэр эмгэнэлтэй үхэл амьдралд минь хэзээ ч тохиолдоогүй байсан ч болоосой гэж хүсдэг. Гэвч нэгэнт өнгөрснийг өөрчилж чадахгүй. 20-иод насанд бол би энэ тухай ярихыг хүсдэггүй байлаа. Учир нь, би их өрөвдөлтэй, хохирогч шиг харагдана гэж боддог байв.  
-Хүмүүсийг бүтээгсэд болон хүлээгсэд гэж хувааж болох юм шиг санагддаг. Та бол гарцаагүй бүтээгч хүн. Холливудад ердөө 400 доллартай ирээд энэ амжилтад хүрсэн. Юу таныг үүнд хөтлөв өө?
-Зүгээр л залуу насны гэнэн тэнэглэл.
-Би таны оронд байсан бол “хаана очиж ажиллах билээ, хаана амьдрах вэ, юу идэх үү” гээд л түмэн зүйл бодох байсан. Танд ядаж Лос Анжелест таньдаг хүн байсан уу?
-Хэн ч байгаагүй. Би тийм л цыган шиг амьдралтай хүн байсан юм. Хэрвээ болж бүтэхгүй бол шинэ газар үзсэн амьдралын минь бас нэг адал явдал болно биз. Загвар өмсөх ажлаар би Европын бараг бүх хот Милан, Парис, Лондонд амьдарч байсан. Анхнаасаа л Өмнөд Африкийг орхихдоо би гэдэг хүн “Хэрвээ бүх зүйл бүтэлгүйтлээ ч ядаж л дэлхийг үзчих юм чинь” гэсэн бодолтойгоор аялалд гарсан юм.
-Загвар өмсөгчийн ажлаа яагаад үргэлжлүүлээгүй юм бэ?
-Миний хийх ажил биш байсан. Би ярих дуртай хүн.
-Би багадаа хөөрхөн бүсгүйчүүдийг шүтдэг байлаа. “Би эдэн шиг болвол ямар харагдах бол” гээд л. Гэтэл нас ахих тусам тэр бүхэн дэлхийн хамгийн уйтгартай зүйл гэж бодох боллоо.
-Загварын ертөнцөд мэдээж уран сайхан ямар нэг хэмжээгээр оршдог л доо. Гэхдээ би хувьдаа тэр уран сайхныг үзүүлж биш өөрөө ярьж, энэ толгой доторхио үгээрээ уудлан гаргахыг хүсдэг. Харин загварын ертөнцөд бол амаа тат, зүүн тийшээ эргэ, чи хөөрхөн байна хонгор минь гэнэ шүү дээ.
-Тэгвэл бүжгийн тухайд?
-Миний хувьд бүжиглэх нь жүжиглэхтэй адилхан санагддаг. Техникийн хувьд би тийм ч агуу сайхан бүжигчин биш. Гэхдээ би хэрвээ амьсгал хурааж буй хунгийн дүрд бүжиглэвэл яг тэр хун болж чадна. Бүжгийн өгүүлэх чадварыг би илэрхийлж чадна. Гэхдээ өвдөгний өвчнөөс болоод бүжгээ зогсоохоос өөр аргагүй байсан юм.
-Үүний дараа Холливудад ирэхдээ та юу хүсч мөрөөдөж байсан бэ?

- Би онгоцноос буугаад л таксины жолоочоос Холливудын хамгийн хямдхан зочид буудалд хүргээд өгөөч гэж хүссэн. Тэр намайг хоногийн 28 ам.долларын төлбөртэй Фермерийн охин гэдэг буудалд авчирсан. Тэр ядруухан буудлын өрөөгөө шохойдож засаад, хэдэн хивс дэвсэж, цэвэрлээд хэдэн долоо хоног амьдарсан. Өрөөний цонхоор Холливуд гэсэн бичиг харагддаг байлаа.
Надад мэдээж мөрөөдөл байсан. Гэхдээ юуны өмнө би амьдрах, амь зуух хэрэгтэй байв.
Тиймээс зөөгч хийж, түрээсийнхээ мөнгө олдог байв. Бас загварын агентлагт ажилд орсон. Гэхдээ нэртэй модель болох гэсэнгүй. Ердөө л өдөрт өгдөг гурван грандын хөлсөнд нь болсон юм. Тэгж байгаад л анхны дүрээ авсан.
-Кинон дээр эмэгтэй хүн мөрөөдлөө биелүүлэхээр замд гарахдаа нэг юм уу хоёр чемодан барьж яваагаар харуулдаг. Тэр үед би эмэгтэй хүний бүхэл амьдрал ердөө л энэ гэж үү хэмээн боддог.
-Миний бүхий л амьдрал ганцхан чемоданд багтаж байсан үе бий. Даавуун материалтай тэр чемодан маань урагдаад сүлбээр зүүгээр торгоож байсан үе ч бий.
-Та яаж тийм зориг гаргаж чадсан юм бэ?
-Түүнээс өөрөөр бол гэртээ харих л сонголт байсан болохоор. Өмнөд Африкт надад ямар ч ирээдүй байгаагүй. Би бүр ахлах сургуулиа ч төгсөөгүй, коллежид ч ороогүй шүү дээ.
-Танайх жирийн л дундаж орлоготой айл байсан биз дээ?
-Тийм ээ, гэхдээ асуудал нь бид тэгж амьдрах нөхцөлгүй атал тэгж амьдраад байсанд байгаа юм. Бидэнд ямар ч мөнгө байхгүй байхад аав маань хэтэрхий их мөнгө зарцуулж, тансаглаж байсан. Үр дүнд нь, түүнийг өнгөрсний дараа бид асар их өртэй хоцорсон.

-Та 28 долларын буудлаасаа хөөгдөж гарч байсан гэдэг. Тэр тухайгаа яриач?
-Ядуу дорой амьдралтай эмэгтэй хүнээс илүү хүчтэй зүйл гэж байдаггүй. Би өөртөө байсан хүчийг мэдэрч байсан. Гэхдээ надад аз таарч, яг хэрэгтэй газартаа хэрэгтэй хүнтэй таарсан. Банкид эцсийн мөнгөө шавхчихаад,  сохор зоосгүй царай алдаж, бусдыг гуйж явахыг минь Жон хараад надад нэрийн хуудсаа өгөөд хэрэв хүсвэл төлөөлөгч чинь болъё гэж хэлсэн. Хэрвээ түүнтэй тэр өдөр таараагүйсэн бол би цаашид юу хийх байснаа ч мэдэхгүй байна. Магадгүй энд ингээд суухгүй ч байсан байх. Энэ хорвоо дээр бусдад танигдаагүй, боломж олдоогүй авьяаслаг жүжигчид маш олон бий шүү дээ. Надад бол  боломж олдсон. Түүнийгээ ч сайн ашигласан.  
-Би бол азанд итгэдэггүй.
-Би харин өөрийгөө азтай гэж боддог. Та төсөөл дөө. Хэрвээ би түүнтэй таараагүй, зүгээр л өөрөө аль нэг агентлагт очоод хэний ч мэдэхгүй Өмнөд Африкийн аялгаар яриад намайг жүжигчин болгооч гэсэн бол ямар хариу сонсох байсан бол. Миний аялга дур булаам франц ч биш, испанирхуу ч биш.
-Магадгүй та түүнийг гоо үзэсгэлэнгээрээ татсан байж болох шүү дээ?
-Тийм ээ. Тэр эрэгтэй хүн шүү дээ.
-Таны гоо үзэсгэлэнгийн талаар ярилцъя. Таныг анх хараад би гоо үзэсгэлэн гэж энийг л хэлнэ гэж бодож байлаа.
-За боль доо. Манай гэр бүлд гоо сайхан гэдгийг тэгж чухалчилдаггүй байсан юм.
-Гэхдээ энэ бол чи өөрөө өөрийгөө үзэсгэлэнтэй гэж хэлсэн хэрэг биш. Хүмүүс, энэ нийгэм тэр аяараа таныг үзэсгэлэнтэй бүсгүй гэж хүлээн зөвшөөрч байгаа хэрэг шүү дээ.
-Энэ надад тийм ч таатай санагддаггүй.
-Та дасах л хэрэгтэй байх даа. Нэгэн тэрбумтан надад ингэж хэлж байсан юм. “Баян эр, хөөрхөн хүүхэн хоёр хэзээ ч үнэнийг сонсдоггүй” гэж. Та юу гэж бодож байна?
-Худлаа. Ээж минь хажууд байгаа цагт хэзээд үнэнийг хэлсээр байх болно. Дээр нь, манайх шиг оронд багаасаа гоо сайханд биш аж амьдралдаа илүү анхаарч сурдаг. Амьдрал хэцүү байхад, эмзэг турьхан байж таарахгүй. Босоод, амьдралыг сөрөх хэрэг гарна. Бид ингэж л амьдардаг. Тийм ч болохоор жүжигчний карьерын эхэнд намайг секс бөмбөг гэж нэрлэхэд их таагүй санагддаг байсан.
-Monster-ын дүр танд яаж ирсэн бэ?
-Хамгийн анх удаа ихэнх хүний хардгаас өөр өнцгөөр намайг харсан учраас их сонирхолтой санагдсан. Би зохиолч Паттитай хамт энэ гал тогооны өрөөндөө нүүр будалтаа туршиж үзэж байлаа. Хиймэл шүд, линз зүүж, нүүрийг маань наранд гэмтсэн болгож харагдуулахын тулд спирттэй шингэн цацаж, сэнсээр хатааж байсан. Бас 30 фунт жин нэмэхийн тулд хүссэнээрээ идэж, би ер нь хэр таргалах нь вэ гэдгээ үзсэн. Зул сарын баяр байсан учраас хүн бүрийн тавагтай бялууг би л идэж дуусгаж байлаа шүү дээ.
-Та ер нь амттанд хэр дуртай вэ?
-Тийм ч их дуртай биш. Харин бяслаг, маслотой талх, пастанд үнэхээр дуртай.
-Энэ дүрээр Оскарын шагналд нэр дэвшсэнээ мэдэхэд хаана байсан бэ?
-Гэртээ, унтаж байтал үүрийн таван цагт утас дуугартал хэвлэлийн төлөөлөгч маань энэ тухай дуулгадаг байгаа. Тэгээд л би зугтчихсан.
-Яагаад тэр вэ?
-Эхлээд Алтан бөмбөрцөг, дараа нь дэлгэцийн жүжигчдийн шагнал гээд л ар араасаа арай дэндүү гэмээр цуварч байсан болохоор. Би шууд л зугтахыг хүссэн. Тэгээд л үүргэвчээ аваад Бразиль руу, загасчны жижигхэн тосгон руу явсан даа. Ингээд Оскараас гурван хоногийн өмнө би буцаж ирсэн. Гэтэл хүмүүс та яагаад баяр хөөрөө хэвлэлтэй хуваалцсангүй вэ гээд л. Харин би “Б хийх ёстой зүйлээ кинонд хийчихсэн” гэж хэлсэн.
-Таныг Оскараа гардахаар тайзан дээр гарах мөч дахин давтагдашгүй үзэсгэлэнтэй байсан болохоор би бүр амьсгал давчдаж байсан шүү.
-Тэр үдэш сайхан байсан. Gucci-гийн загвар зохион бүтээгч найз маань сайхан даашинз урлаж өгсөн. Ээж, найз залуу, менежер гээд миний дотны бүх хүн тэр орой гахайн мах, шардан өндөг ханатлаа идэж, лонх оргилуун дарс задалж, хөгжим тавьж бүжиглэж байгаад Оскарт очсон.

Б.Сэвжидмаа

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан