1957 оны энэ өдөр дэлхийн түүхэнд нэн чухал ач холбогдолтой үйл явдал болсон гэдгийг та мэдэх үү? Энэ өдөр одоогийн Казахстан улсад байгаа “Байконур” сансрын хөөрөх станцаас “Спутник” буюу “Дагуул” нэртэй төхөөрөмж тээсэн пуужин хөөрснөөр та бид зөвхөн Дэлхий нэртэй энэ гарагаар хязгаарлагдалгүй хаа хүссэн газар руугаа нисэх боломжтой гэдгийг бэхлэнээ харуулсан билээ. Нэг муу радио дохио явуулахаас цаашгүй дагуул сансарт гаргаа л биз, тэгээд юу гэж гэх хүн өнөөдөр цөөнгүй болсон.
Гэтэл хамгийн энгийн бүтэцтэй “Спутник” хиймэл дагуул нь өнөөдөр өдөр тутмын хэрэглээ болсон олон зүйлсийн эхлэлийг тавьсан юм.
Наад захын жишээ нь, “GPS” буюу дэлхийн хэмжээнд байрлал тогтоох систем. Өнөөдөр энэ системийг хөдөө гадаа явж байгаа хүмүүсээс эхлээд хот дотор бараг л хүн болгон гар утаснаасаа хэрэглэж болж байна. Ийм боломжийг нээсэн үйл эхлэл нь “Спутник”-ийг хөөргөсөн явдал юм. “Спутник”-ийг дагаад Зөвлөлт, Америкийн олон арван хиймэл дагуул дэлхийн тойрог замд гарч, олон арван дагуул Сарнаас эхлээд Ангараг, Буд гариг хүртэл нарны аймгийн олон гараг дээр бууж судалгаа хийсэн.
“Сониуч” нэртэй Америкийн сансар судлалын агентлагийн хөөргөсөн төхөөрөмж өнөөдрийг хүртэл Ангараг гариг дээр ажиллаж та биднийг олон сонирхолтой мэдээ, мэдээллээр хангаж байгаа.
Сансарт пуужин, тэр тусам хүн хөөргөх шаардлага юу байна гэх хүн олон болсон нь харамсалтай. Осолтгүй л “GPS” систем байгаа болохоос бусад нь хамаагүй гэх яриа байх юм. Гэтэл сансрын уудамд хөөрсөн олон хиймэл дагуул нь газар зүйгээс эхлээд эртний олдвор судлал, цаг агаар, харилцаа холбоо, батлан хамгаалах зэрэг асар олон салбарт шийдвэрлэх үүрэг гүйцэтгэж байна.
Уул уурхайн салбар эрчимтэй хөгжиж байгаа улсуудын хувьд “GPS” систем үнэлж баршгүй хувь нэмэр оруулсан гэж болно.
Дээр нь, энэ систем дэлхийн улс орнуудын батлан хамгаалах салбарт, бүр нарийвчилбал дайн тулаан явуулах стратеги ба тактикт хувьсгал гаргасан юм. Хуучин зөвхөн дарга нарт л газрын зураг хадгалагддаг байсан бол одоо байрлах газар, довтлох цэг цэрэг болгон өөрт байгаа “GPS” төхөөрөмжөөр шууд авдаг болсон. Тэр бүү хэл, ямар ч манан будантай, шуургатай байсан төөрнө гэдэг ойлголт байхгүй болов. Иймдээ ч Америкчуудын араас Оросууд өнөөдөр “ГЛОНАСС” нэртэй өөрийн гэсэн байршил тогтоогч системтэй болсон. Манай урд хөрш таван жилийн дараа гэхэд мөн адил өөрийн гэсэн системтэй болох нь гарцаагүй.
Хяналтын системийг улс гүрний хэмжээнд төдийгүй жирийн нэг компанийн хэмжээнд хүртэл ашигладаг болсон. Тухайлбал, байрлал тогтоогч системийн тусламжтайгаар тээвэр зуучийн болон хүн тээврийн компаниуд бүх машинуудаа хянадаг болоод байна. Ингэснээр зорчигч тээврийн автобусуудыг метрийн нарийвчлалтайгаар яг хаана яваад, хэдий хэмжээний шатахуун зарцуулаад байгааг хянах боломжтой болов.
Нэг дайтаад эхэлбэл бие биенээ төдийгүй дэлхийг хэд дахин устгах хэмжээний цөмийн зэвсэг бүхий Орос, Америк хоёр нэгнээ хиймэл дагуулын тусламжтайгаар хянаж байдаг. Ийм хяналт үгүй байсан бол хий хардалтаас болж дэлхий хэд дахин сөнөх байсныг хэлэхэд хэцүү. Дэлхийн анхны хиймэл дагуул “Спутник” зөвхөн радио долгион ашиглан дуут дохио илгээдэг байсан бол өнөөдрийн хиймэл дагуулууд тэртээ олон зуун км өндрөөс хүний бугуйнд байгаа цагийг хараад зогсохгүй нүүрний хувирал, ганц хоёр мм-ийн зөрүүтэй үйлдлийг ч хянах хэмжээнд хөгжсөн.
Цаашилбал цаг агаарын хяналт байна. Зөвхөн аль нэг хот гэлгүйгээр улс, бүс нутаг, тивийн хэмжээнд цаг агаар ямаршуу байх, хаанаас хар салхи, шуурга ирэхийг зөвхөн хиймэл дагуул байж л урьдаас мэдэх боломжтой юм. Үгүй бол Америкаас эхлээд Япон, Хятад, Орос хүртэл асар их хэмжээний хохирол амсах байлаа.
Өнөөдөр хэдэн мянган км-ийн цаана байгаа хүмүүстэй утсаар ярихдаа бид гайхдаггүй. Зүгээр л анхнаасаа ийм байсан мэтээр хүлээж авдаг. Гэтэл 56 жилийн тэртээ “Спутник” сансарт хөөрч, сансрын уудмаас радио хүлээн авагчтай хүн болгон руу хамгийн энгийн дохио дамжуулаагүй бол байдал ямар байх байсныг төсөөлөхөд бэрх. Өнөөдөр дэлхийн ямар ч оронд байсан холбооны хиймэл дагуул ашиглаад дурын оронд байгаа ямар ч хүнтэй холбоо барих боломжтой болсон. Телевизийн нэвтрүүлэг байна. Социализм гэж байхад бид гадаадаас ганцхан суваг хүлээж авдаг байлаа. Бүгд “Орбит” гарч байна уу гэхээс оросын суваг байна уу гэж асуухгүй. Одоо ч манайд ийм нэртэй нийтийн тээврийн шугам байгааг та андахгүй биз. Гэтэл энэ нь “Орбита-3” гэдэг нэртэй сансрын хиймэл дагуулаас мэдээлэл хүлээн авч дамжуулах станц гэдгийг мэдэх хүн цөөн. Цаашилбал, өнөөдөр та биднийг кабелийн суваг нэртэй зүйлээр гайхуулах боломжгүй. Захын айл л боломжийн төлбөр төлөөд 50-иас 200 хүртэл дэлхийн маш олон орны зурагтын суваг хүлээн авч, тухайн улсад нь байгаа мэт тухлан үзэх боломжтой болсон. Энэ хаанаас эхтэй вэ? Нөгөөх л “Спутник” юм шүү дээ. Гэхдээ хамгийн гол нь харилцаа холбооны хиймэл дагуулуудын гүйцэтгэж байгаа ажил. Өнөөдөр дэлхийн хүн амын дийлэнхийн амьдралд шийдвэрлэх үүрэг гүйцэтгэж байгаа интернэтгүйгээр та бидний амьдралыг төсөөлөх аргагүй. Интернэтгүй зүйл өнөөдөр хүний амьдралд үгүй болсон гэвэл онц хэтрүүлэг болохгүй байх. Тэгвэл орчин үеийн интернэтийг сансрын хиймэл дагуулгүйгээр төсөөлөхөд бэрх.
“Шилэн” гэх мэт олон тодотголтой кабелийг уулын мухарт байгаа малчны гэрт хүртэл татна гэдэг боломжтой ч гэлээ асар өндөр зардалтай. Ийм нөхцөлд зөвхөн сансрын дамжуулагч хиймэл дагуулыг ашиглан ямар ч алс бөглүү газар хүссэн мэдээллээ хүргэх боломжтой. Тиймээс дэлхий- нийтээр 56 жилийн тэртээ болсон энэ үйл явдлыг марталгүйгээр тэмдэглэх байх гэж найдаж байна.