Нийслэлийн хүн амын 70 гаруй хувийг эзлэх гэр хорооллын айл өрхүүд хүйтний ам наашилсан энэ өдрүүдэд өвлийн бэлтгэлээ базааж, нүүрс түлээгээ бэлтгэж буй. Гэр хорооллын 174 мянган өрхийн хэрэгцээг хангах хамгийн ойрын эх үүсвэр буюу олборлолтын уурхай нь Налайх, Багануур. Жил ирэх бүр үнэ нь өсдөг хар алтны ханш энэ жил ч гэсэн хаданд гарах бололтой. Учир юу гэвэл, нийслэлээс холгүй орших Налайхын уурхайн ердөө найман амнаас л олборлолт хийж байгаагийн дээр голцуу гүнээс нь татаж байгаа нь үнэ өсөх шалтгаан болж буй. Багануурын уурхайн хувьд тонн нүүрсийг 35-40 мянган төгрөгөөр олборлодог ч Улаанбаатар хотоос 100 гаруй км зайтай болохоор тээвэрлэлтийн зардалд хамаг л үнэ нь шингэдэг аж. Хар алтны ханшийг судлахаар түлээ нүүрсний төвлөрсөн захын нэг Цайзыг зорьсон юм. 16 дугаар хорооллын автобусны буудлаас аваад л нүүрс ачсан машинууд зам дагуу үргэлжилсээр Цайз зах руу хөтлөв.
Явган хүний зам дагуу шар, ногоон шуудайтай нүүрс, том жижгээр нь савласан түлээ модыг дээр, дээрээс нь давхарлан хураасан байх ба суудлын жижиг тэрэгтэй хүмүүс цас орж, үнэ нь өсөхөөс өмнө бага ч болтугай хураая гэсэн шиг багажныхаа хэрээр ачаална. Захын үүднээс аваад зайгүй чихцэлдэн байрлуулсан том жижиг машинууд тэвш дүүргэн ачаалсан нүүрсэндээ налчийтал суусан харагдана.
Тостой хар жолооч гэдэг шиг тортогт дарагдсан ачааны тэрэгнүүд хэн нүүрсийг нь авч хэсэгхэн ч болов амраах бол гэсэн шиг ачсан нүүрсэндээ түүртэн байх шиг. Захын үүдэнд нэг машины ачаан дээр овоон дээр цугласан шаазгай шиг овооролдон байгаа жолооч нар хөзөр тоглон орилолдоно. Их чимээн дундаас “Нүүрсний үнэ сонирхож явна” гэсэн үгийг минь сонсоогүй нэг жолоочийн цамцнаас зөөлөн дугтарвал инээд алдсан хэвээр эргэн хараад шууд л “Нүүрс авах уу” хэмээн хариу асуув. “Нүүрс” гэсэн үгийг сонсмогцоо л бөөгнөрөн суусан жолооч нар бүгд эргэн харж “Хаана авах юм, хэдэд хайж байна” гэхчлэн шаазгай адил шаагилдаж эхлэх нь борлуулалт муу байгааг илтгэх аж. Арга ч үгүй биз. Налайхын уурхайд 2-3 хоног хонон өнжин дугаарлаж авсан ганц портер нүүрс нь хурдан борлогдох аваас эртхэн Налайх руу буцаж, ганц нэг машины өмнө дугаарлахаа бодно. Багануурын нүүрс тортог ихтэйгээс гадна олбортолтын зардал нь Налайхаас хоёр дахин бага учир 200-220 мянган төгрөгийн ханштай байгаа бол хал цэргийн бакал шиг гялтганасан хар Налайхын нүүрс 1.5 тонн буюу портер нь 250-260 мянгаар үнэлэгдэнэ. Маяти буюу Зил-130 машинаас арай багахан багтаамжтай машинаар нүүрс авахад хүргэж өгөх газраас хамаарч 450-500 мянган төгрөг. Өндөрлөгөөгүй буюу үндсэн тэвшээр ачсан Зил-130 машинтай нүүрс 680 мянгаас дуудагдах бол өндөрлөгөөтэй нь 700 гарах аж. Нүүрс ч гэлтгүй модны үнэ ч өмнөх жилтэй харьцуулахад ихээхэн нэмэгдсэн байв. Энэ жил модны олдоц муу байгаа болохоор ийн үнэ нь өсчээ. 1 куб/м хар мод 220 мянгаас нэг их буухгүй бол 40 кг-ын шуудайнд савласан нь 5500-6000 мянган төгрөг. Харин хүнсний дэлгүүрийн гялгар тор шиг жижигхэн ногоон шуудайтай мод бөөний үнэ нь 1400 төгрөг, ширхэг нь 1500-аас буухгүй хэмээн хөлс даасан бор царайтай хүнгэнэсэн дуутай эр бүдүүн гуалин модон дээр тухлангаа хэлэв. Цааш яван захын гүн рүү орж зэрэгцүүлэн байрлуулсан хоёр машинаас зэрэг зэрэг нүүрс хүрздэх хоёр хүнтэй хэсэг яриа өрнүүлсэн юм. “Энэ жил нүүрсний үнэ чамгүй нэмэгджээ” гэвэл хүрзний иш тулан зогсох нэг нь “Олдоц муутай болохоор аргагүй шүү дээ. Бензин тосны үнэ нэмэгдсэн энэ үед дулаан хоноё гэсэн хүмүүс үнэтэй гэж гололгүй авч л байна. Бид ч үнэрхээд шальсан юмгүй өгч л байна даа” хэмээн хуучлав. 40 кг-ын шуудайтай нүүрс 4000-4500 төгрөгийн хооронд байх бол тохой хүрэхгүй жижигхэн шуудайтай нь 1500 төгрөг гэнэ. Үнэтэй нүүрсийг нь дийлэхгүй зарим айл үртэс түлэх нь элбэг болохоор үнийг нь сонирхвол нэг портер нь 35-40 мянга аж. Хар алтны ханшийг тандсан би тортог оволзож, тоос бужигнасан захаас гарахаар нүүрс ачаалсан машинуудын дундуур явахад “Дүү нүүрс ав л даа, сайн яриад өгнө шүү” гэх нь олон. Жилийн жилд нэмэгддэг нүүрсний үнийг жинтэйхэн буулгая гэвэл төр засгаас тулхтайхан бодлого боловсруулж ажиллах нь эхний алхам болох болов уу.
Хязгаарлалтын бүсийнхэн яах вэ
Агаарын бохирдлыг бууруулах зорилгоор нийслэлийн зургаан дүүргийн 50 гаруй хороог хязгаарлалтын бүс болгоод нэг жилийг ардаа үджээ. Айл өрх, аж ахуй нэгжүүдийн түүхий нүүрсний хэрэглээг хориглосон болохоор хахир өвлийг өнтэй давахад орлуулах бүтээгдэхүүн зайлшгүй шаардагдана. Тиймдээ ч боловсруулсан түлш хэрэглэх лүндэн буулгаснаар өнгөрсөн өвөл коксжсон нүүрс, үртсэн түлшийг хязгаарлалтын бүсийнхэнд хямдралтай үнээр борлуулсан. Жилийн жилд утаан дунд өвөлждөг нийслэлчүүд өнгөрөгч онд боловсуулсан түлш хэрэглэж боловсон өвөлжсөн эсэх нь агаарын чанараас танигдах биз. Нэрэн дээрээ буурсан гэдэг ч нэдэр дээрээ ихэссэн ч юм шиг. Хотын А бүсэд харьяалагддаг Гандан орчмын агаарын бохирдол 3.9 хувиар, Толгойт, Зүүн салаа орчмоор 2.8-3.5 хувиар буурсан гэсэн тоог Нийслэлийн агаарын чанарын албанаас мэдээлж байсан. Бодитой ч бай, будлиантай ч бай тоо л бол тоо. Ямартай ч, буурсан буураагүй эл үзүүлэлт энэ жил эргэн нэмэгдэх нь гарцаагүй болов. Дулааны цахилгаан станц II ТӨХК-ийг түшиглэн баригдаж буй хагас коксжсон шахмал түлшний үйлдвэр энэ онд ашиглалтад орохгүй. Мөн боловсруулсан түлш үйлдвэрлэгч цөөхөн хэдэн жижиг үйлдвэрүүд ч нийлүүлэх боломжгүй болсон. Үүнээс шалтгаалан хязгаарлалтын бүсийн айл өрхүүд ирэх өвөл түлэх түлшгүйн улмаас даарч суух уу, түүхий нүүрсээрээ галлах уу гэсэн асуултад хариу өгөх хүн алга. Муу л бол баруун хойд овоохой гэгчээр хязгаарлалтын бүс хэмээн ад үзэгдэн хахир өвөл түлэх түлшгүй болоод буй айл өрхүүд хөлдөж үхэх хэрэг үү.
“Нүүрс” хөтөлбөр цус сэлбэх үү
Өнгөрсөн жил жавартай өвлийг өнтэй давахад жаахан ч гэсэн нэмэр болсон “Нүүрс” хөтөлбөр энэ жил дахин хэрэгжинэ. Өнгөрсөн жилийн өвөл дөрвөн вагон буюу 220 орчим тонн нүүрсийг борлуулалтын арван цэгээс гэр хорооллын айл өрхүүдэд түгээж үнэ нь өсөөд байсан “шаг” гэгдэх нүүрсний амыг татаж иргэдэд ихээхэн дэм болсон. Энэ жил түгээх цэгийг 55 болгож, арван вагон нүүрсээр ард иргэдийг тэтгэх аж. Гэвч одоо үнэ нь хаданд гараад буй хар алтны үнэд нөлөөлөх болов уу гэдэг нь эргэлзээтэй. Одоогоос хэдхэн жилийн өмнө улаанбаатарчууд 8-9 мянган тонн нүүрс нэг өвөлдөө хэрэглэж байжээ. Гэтэл энэ жил дулааны улиралд тэр хэмжээний нүүрс хэрэглэсэн нь эрчим хүчний эх үүсвэр болсон эл бүтээгдэхүүний хэрэглээ ихээхэн өссөн гэдгийг илтгэнэ. Үүнийг дагаад тээвэрлэлтийн болоод бусад зардал өсөх нь мэдээж. Дарин дээр давс гэгчээр саяхан 50 төгрөгөөр өссөн шатахуун ч нүүрсний үнэд нөлөөлж байна. Налайхын уурхайтай эн тэнцүү нөөцтэй Багануураас автомашинаар тээвэрлэж буй нь хар зах дээрх хар алтны үнэ өсөх бас нэгэн шалтгаан болж байгаа аж. Дэлхийд нүүрсний орд, нөөцөөр чамгүй дээгүүр ордог манай улс 170 мянган өрх, гуравхан цахилгаан станцынхаа хэрэглээг чүү ай хангаж байгаа нь инээдэмтэй, эмгэнэлтэй ч гэмээр.