Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

П.Сүхбаатар: Эцэст нь хуурамч мөнгө ашигласан хүн л хариуцлага хүлээдэг

Монголбанкны Мөнгөн тэмдэгт, үнэт зүйлсийн газрын захирал П.Сүхбаатартай уулзаж, үндэсний мөнгөн тэмдэгтийн талаар ярилцлаа.

-Манай улс гадаадын улсад мөнгөн тэмдэгтээ өндөр үнээр хэв­лүүлдэг гэсэн. Том мөнгөн тэмдэгт, жи­жиг дэвсгэртийг хэвлэх тоо, хэм­жээг тогтоосон төлөвлөгөө байдаг уу?
-Хуваарь, төлөвлөгөө гэж байхгүй л дээ. Энэ маань гүйлгээнд байгаа мөнгөний нөөцөө л бүрдүүлэх зорилготой ажил. Одоо мөнгөний насжилт хэр болсон билээ. Цэвэрхэн, гамтай эдэлбэл мөнгөн тэмдэгтийг удаан хугацаанд хэрэглэнэ. Харин эсрэгээрээ базаж, нухлаад, халтартуулаад хайрлахгүй байвал хэвлэгдээд нэг жил өнгөрөхөд л муудахаас аргагүй. Тэгэ­хээр бид мөнгийг тэр үед тийм хэмжээтэй хэвлүүлнэ гэх урьдчилсан төлөвлөгөө тооцоо хийдэггүй. Гагцхүү зах зээлд эргэлдэж байгаа мөнгөний хэмжээ, нөөцдөө тулгуурлаж дутууг нь гүйцээх, нөхөх зарчмаар ажилладаг. Цоо шинэ дэвсгэрт гаргаж хэвлэх, үйлдвэрлэх асуудал бүр ч биш.Цаашид бид мөнгөний чанарыг сайжруулах бодлого баримталж байгаа. Тухайлбал, Австрали, Малайз, Япон, Филлипин зэрэг олон орны том мөнгөн тэмдэгт нухлагдаж, мууддаггүй. Базаж, нугалаад буцаагаад тавихад өөрөө дэлгэгдчихдэг, хулдаасан материалтай, чанар­тай дэвсгэр­түүд бий. Манайх тийм бол­гоно гэвэл үнэ нь улам л нэмэгдэнэ.
-Тэгвэл төгрөгийн цаас болон нууцлалын чана­рыг та бусад орныхтой харь­цуулбал ямар гэж үзэх вэ?
-Дэлхийн дийлэнх оронд хэрэглэдэг тусгай цаасаар бид төгрөгөө үйлдвэрлэдэг. Хөвөнгөөс гаргасан энэ цаас өөрөө төгрөгийн үнэ цэнэ. Нөгөөтэйгүүр, нууцлалаараа ч бусад орноос дутахгүй.
Хуурамч мөнгө хийдэг хүмүүс гаднаас нь хараад дуурайлгаж, скайннердах юм уу хувилаад л гүйлгээнд гаргах гэж оролддог. Үнэндээ мөнгөний нууцлалыг ахуйн орчинд, дураараа хийж чадахгүй л дээ. Хүнийг хуурч, яарч сандарсан эсвэл анхаарал болгоомжгүйг нь далимдуулж ашиг олох гэсэн хүн байдаг. Гэхдээ л явцгүй ажил, нэг их удалгүй баригдчихдаг юм.
-Мөнгө хуурамчаар хийсэн хэрэг хэр олон гардаг бол. Түүнийг таслан сэргийлэх чиглэлээр ямар арга хэмжээ авч байгаа вэ?
-Хуурамч мөнгө гүйлгээнд гаргасан хүн өөрөө хуулийн хариуцлага хүлээдэг. Мөн хуурамч мөнгөөр бараагаа зарж, үйлчилгээ үзүүлсэн хүн л төлбөрт орж, хохирно шүү дээ. Өөрөөр хэлбэл, 20 мянган төгрөгийн бүтээгдэхүүн, үйлчилгээгээ хуурамч мөнгөөр солиод авчихвал тэр хүндээ л хохиролтой. Тэгэхээр ТҮЦ, хүнсний дэлгүүр, шатахуун түгээх станц зэрэг газарт ажилладаг бол мөнгөний нууцлал хаанаа, ямар байдгийг маш сайн мэдэж авах хэрэгтэй. Мөнгөн дэвсгэртийг таних хамгийн энгийн арга бол ердөө гараараа тэмтрээд үзэхэд товгороор бичсэн монгол, крилл бичиг, тоо болон Чингис хааны дүрс гарт мэдрэгдэх юм. Дараа нь, нарны гэрэлд бариад харах, Монголбанк гэсэн жижиг бичгийг ч сайтар анзаарч байвал хуурамч мөнгөнд хууртахгүй байх боломжтой. Тэгэхээр мөнгөтэй харьцдаг хэн ч өрөнд орж, хариуцлагад унахгүйн тулд яарч, сандрах зүйлгүй, алгуур тайван, хянамгай хандахыг зөвлөе.
-Мөнгөний нууцлал хаа­на, ямар хэлбэртэй байдгийг харуулсан зурагт хуудас зарим дэлгүүрт харагддаг. Тэгвэл ийм олон нууцлалыг ямар шат дарааллаар нэмж хийсэн бэ. Дараагийн нууцлалыг хэзээ оруулахаар төлөвлөж байгаа бол?
-Нууцлалыг тэр үед нэмнэ гэсэн төлөвлөгөө байдаг. Гэхдээ манай дийлэнх нууцлал том мөнгөн дэвсгэртүүдэд л байдаг шүү дээ. Энэ нууцлалыг дэлгэрэнгүй танилцуулсан зурагт хуудсыг дэлгүүр, олон нийтийн газарт нэлээд олноор тараасан. Цаашид ч тараана. Үүний үр дүнд хуурамч төгрөгийн илрүүлэлт нэлээд сайжирч байгаа. Нөгөө талаас, мөнгөтэй харьцдаг хүмүүсийн сонор, сэрэмж, анзаарга ч улам дээшилсэн. Хэн ч өртэй хоцоръё гэж бодохгүй шүү дээ. 2013 он гарсаар 2-3 бүлэг мөнгө хуурамчаар үйлдсэн гэх үндэслэлээр иргэдийг хорьж, мөрдөн шалгаж байгаа юм билээ.
-Хуурамч мөнгө илэрч байгаа орчин нөхцөл ямар газар байдаг бол. Дэлгүүр үү, шатахуун түгээх станц уу. Эсвэл өөр газар байна уу?
-Хот хоорондын бензин колонк эсвэл хотын захын гуанз, хүнсний дэлгүүрт л хамгийн их хуурамч мөнгө өгөхийг завддаг. Бөөн мөнгөн дунд 4-5 ширхгийг хийсэн байх жишээтэй. Тэгээд хүнийг хуурч байгаа юм чинь аль болох сиймхий ашиглахыг хичээнэ. Унтаж амардаг цагаар эсвэл ачаалал ихтэй яарч, сандарсан үед л хуурамч мөнгөөр гүйлгээ хийхийг оролддог. Ийм нөхцөлд л хүн бүр хуулийн хариуцлагад татагдахгүйн төлөө анхаа­рал болгоомжтой байх шаард­лагатай. Нөгөөтэйгүүр, манай иргэд харьцангуй ухамсартай болчихсон учраас шууд цагдаад мэдэгдэж, гэмт хэрэгтнийг шуурхай илрүүлдэг болсон байна.
-Хүний хуурамч мөнгийг санаандгүй авчихаад, түүнийгээ мэдэлгүй дахиад гүйлгээ хийвэл хариуцлага хэн дээр ирэх вэ?
-Хамгийн сүүлд хэнд байсан тэр хүн л хариуцлага хүлээнэ шүү дээ. Би тийм хүнээс авсан юм гээд хэлэхээр нөгөө хүнээ танихгүй, олж чадахгүй байх нь бий. Тийм болохоор л хүнээс мөнгө авах, мөнгөтэй харьцахдаа аль болох хариуцлагатай хандах хэрэгтэй. Үгүй бол хуурамч мөнгө дамжуулж, гүйлгээнд оруулсан гэдэг утгаараа өөрсдөө л хохирох нь.
-Зарим үед усанд угаа­чихсан, цайраад, үнгэгд­чих­сэн мөнгөн тэмдэгт таардаг. Хуурамч мөнгөн тэмдэгтийг тийм хэлбэрт оруулж, гүйлгээнд оруулахыг завд­даг болов уу?
-Тийм боломж байхгүй л дээ. Мөнгийг тусгай цаасаар, тусгай бэхээр хэвлэ­дэг болохоор санаандгүй угаачихвал хэр бараг цай­рахгүй. Харин хуурамч мөнгийг бичгийн цаасаар эсвэл давхарласан цаас, ватум ч гэх юм уу аль болох зузаан цаасаар л хийхийг боддог. Гэхдээ бүгд энгийн цаас учраас усанд ороод л үрчийж, бөөгнөрөөд юу ч биш болчихдог. Тиймээс төдий хэмжээгээр илүү сайн танина гэсэн үг. Нөгөөтэйгүүр, төгрөг шатахдаа хүртэл нууцлал нь товойгоод үлддэг юм шүү дээ. Саяхан Нарантуул худалдааны төвд гарсан галын үеэр дотор нь иргэдийн хадгалсан мөнгө болон бэлэн мөнгөний машинаас гарсан мөнгөнүүд нууцлалаараа танигдаж байх жишээтэй.
-Хуучирсан, урагдсан, шатсан мөнгийг шинэ дэвс­гэртээр солиулах шаард­лага гардаг. Ингэж солих эрхийг банкууд эзэмшиж байна уу, тухайлсан банк хариуцах уу. Эсвэл Мон­голбанкны касс бие дааж авдаг уу?
-Ер нь, бүх банкаар солиулж болно. Гэхдээ шатсан мөнгөний тухайд арай өөр. Юу гэхээр түймрийн шалтгаан, гал гарсан талаархи акт, дүгнэлт шаардаж, Монголбанк өөрөө сольж өгдөг. Харин хуучирсан юм уу, урагдсан мөнгийг аль ч банк сольж өгөх эрх нээлттэй. Гагцхүү солих уу, үгүй юу гэдэг нь тухайн банкны хэрэг. Гэхдээ төв банкны журмаар урагдсан хэсэг нь мөнгөн дэвсгэртийн гуравны хоёроос багагүй байх, хоёр серийн дугаар нь зөрөөгүй гэхчлэн шаардлага хангах ёстой. Мөн төв банкны кассанд ч сольж байгаа. 2013 оны эхээр биднээс 80 хүн хуучирч үнгэгдсэн мөнгөө шинээр солиулж авсан байна. Гадуур банкууд сольж байгаа болохоор манайх руу заавал зорьж ирэх хүн цөөн болов уу.
-Сольж авсан мөнгийг цааш нь ямар шат дамжла­гад оруулдаг бол?
-Нэгэнт ашиглах боломж­гүй болсон гээд авч бай­гаа учраас гүйлгээнд оруу­лахгүйгээр устгалд оруул­даг. Эргээд түүнийгээ нөхөж хэвлүүлэх ажил үргэлжилнэ. Ийм болохоор л мөнгөний нөөцөөс хамаарч шинэ дэвсгэрт хэвлэх асуудал хэмжигддэг гэсэн үг. Зах зээл, гүйлгээнд хорогдсон мөнгийг нөхөхөөс өөр аргагүй шүү дээ.
-2013 онд шинээр мөнгөн тэмдэгт хэвлэсэн үү?
-Хэвлэсэн. Жишээ нь, Монголбанкны Ерөнхийлөгч Золжаргалын гарын үсэгтэй 20 мянгатын дэвсгэрт хэвлэгдээд, гүйлгээнд гарчихсан. Ер нь, нэг, тав, зуут, арван мянгатын дэвсгэртээс бусдыг нь энэ онд нэмж хэвлэсэн байгаа.
-Мөнгөн тэмдэгтийг гадаадын улсад хэвлүүлж байна, тус бүр өндөр үнэтэй гардаг гэлээ. Жишээ нь, 20 мянгатын дэвсгэртийг хэвлэх зардал нь 20 мянган төгрөг гэх ханшийнхаа хэдэн хувийг эзэлдэг талаар мэдээлж болох уу?
-Тийм боломжгүй. Хуулиар нууц байдаг. Гэхдээ цаасны чанар, хэмжээ, нууцлалаасаа хамаарч дэвсгэрт бүр харилцан адилгүй үнэлгээтэй байдаг л даа.
-Саяхан өмнөд хилээр их хэмжээний мөнгөн дэвсгэрт гаргах гэж байсан монгол иргэн саатуулагдсан. Энэ хэргийн талаар тайлбарлахгүй юу?
-Энэ жилийн 6-9 дүгээр сарын хооронд ийм төрлийн хэрэг хоёр ч удаа гарлаа. Гүйлгээнд байгаа мөнгөн тэмдэгтийн жижиг дэвсгэрт болох нэг, тав, зуун төгрөгийг маш ихээр өмнөд хил рүү гаргахыг завдсан. 13-15 мянган багц ширхэг дэвсгэрт байсан гэсэн мэдээлэл тарчихлаа. Тийм олон ширхгийг урагш нь гаргаж зардаг гэж мэдүүлсэн гэж байгаа. Монгол Улсын иргэн учраас аль ч банкнаас тийм дэвсгэрт, төдий хэмжээгээр авъя гээд л үйлчлүүлсэн болов уу. Түүнд банкны буруу байхгүй. Харин улсынхаа үнэтэй хэвлүүлсэн үнэт цаас, үндэсний валютыг хил давуулах гэсэн иргэн буруутай. Яагаад гэвэл, хуульд зааснаар үндэсний валютаа их хэмжээгээр, түүнтэй тэнцэх алт, үнэт эдлэлийг хууль бусаар хил давуулахыг завдсан этгээдийг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 51-150 дахин нь нэмэгдүүсэн хэмжээний төгрөгөөр торгох буюу эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ гэсэн тодорхой заалт байдаг.
Цаашид бид үүний мөрөөр хил давуулах үндэсний валютын тоо хэмжээг /нэг дэвсгэртийн хувьд 100 ширхгээс илүүгүй байлгаж/ журамлахаар төлөвлөж байгаа. Өндөр үнэтэй, ховор цаасаар, асар их үнээр нууцлалтай хэвлүүлж байгаа үндэсний баялаг валютаа гадаадад үнэгүйдүүлж гаргамааргүй байна шүү дээ. Энэ бүгдийг манай ард түмэн ойлгож, нэг нэгэндээ шаардлага тавьж, хариуцлагатай баймаар байна.
-Тэгэхээр төгрөг гэдэг нь Монгол Улсын хил доторх бараа, үйлчилгээний хариуд төлөх үнэт цаас, Монголын өмч Үндэсний валют юм байна гэсэн ойлголт төрж байна?
-Тэгэлгүй яахав. Төгрөг бол облигаци зэрэг бусадтайгаа л адилхан үнэт цаас. Гэтэл үүнийг ашиг олохын төлөө гадаадад аваачиж зарна гэдэг бол хариуцлагагүй үйлдэл.
-Тэр олон мянган ширхэг дэвсгэртийн агуулж байсан үнэ цэнийг хэмжвэл хэдэн төгрөг болох бол?
-Нэрлэсэн үнээр гурван сая орчим төгрөг болох байх. Тэдгээр мөнгөн дэвсгэртийн нэрлэсэн үнэ ханш нь бага юм шиг харагдах ч байх. Гэхдээ дээрх хэмжээгээр нэг удаа хэвлүүлэхэд маш их хэмжээний зардал гарна шүү. Тэгэхээр ямар их хэмжээний үнэ цэнэтэй дэвсгэрт байсан нь ойлгогдох болов уу.
-Барааны үнээ 999 төгрөгөөр тогтоочихоод, хариулт нэг төгрөгийг өгөх ёстой. Гэтэл худалдагч, үйлчлүүлэгч хоёулаа үүнийг тоохгүй байх хандлага бий. Заримдаа асуухаар байхгүй гэдэг нэг төгрөг маань гадаад руу явж байсан байх нь ээ?
-Манай байгууллагаас аль болох бага дэвсгэртийн хариулт өгүүлэхийн төлөө ажилладаг. Нэг, таван төгрөг хүнд хэрэгтэй.
Цугласаар байгаад 100 төгрөг болно. Тэр мөнгөөрөө бараа худалдаж авдаг болохоор бид гүйлгээнээс хасахгүй хэвлэсээр л байгаа юм. Хэрэв үнэхээр ямар ч хэрэггүй, шаардлагагүй бол нэмж хэвлүүлэх хэрэггүй шүү дээ.
-Миний хувьд нэг төг­рө­гөө ашиглахаас гад­на бутархай нэгжийн мөн­гөө хүртэл гаргамаар санагд­даг. Жишээ нь, албан бай­гууллагын тайлан, тооцоонд тэдэн төгрөг төдөн мөнгө гэсэн дүн гардаг шүү дээ?
-Бид гүйлгээнд гаргадаггүй л болохоос бутархай мөнгө хадгалагдаж байгаа. Жижиг, нимгэн зоосон хэлбэртэй. Тэр ч бүү хэл 10, 20, 50, 100, 500 төгрөгийн зоос ч бий. Сүүлийн хэдэн жил л зоосон мөнгө гүйлгээнээс татагдчихсан юм. Яагаад гэвэл манайхны бутархай, жижиг мөнгө хэрэглэж сураагүй, тоодоггүй болохоор хэрэглээ шаардлагад нийцэхгүйн дээр хуурамч зоос ихээр хийж хүмүүсийг хохироогоод байна шүү дээ. Уул нь аливаа улсын Үндэсний валют нь нэг гэсэн нэгжээс эхэлдэг Тиймээс гадаад улсуудад нэг центийг ч хямгаддаг юм.

Б.Ганбилэг

0 Сэтгэгдэл
100 dollariig o,14 centeer uildverledeg. tegeheer Amerik zugeer dollariin debsgertee uildverleed suuj baihad bolloo gesen uguu? Delhii deer hichneen dollar tarsan boloo. Neg udur dollar huchingui geed zarlaval yah ve?
Яасан үнэн хэлнэ вэ.Нөхрөө Түгжил шиг шууд хутгалах нөхөрдөө.Дэлгэр энэ 2-ийг яана даа
СҮХБААТАР ГЭДЭГ САЙХАН ЛУЙВАРЧИН ДАА.ЯАЖ ЯВААД ДАРГА БОЛОВ.
tomchuudad dolignonoj davhisan ih byalduuch, avligach nohor shuu dee....medleg chadvar muutai, shunaltai hun dee......
Яасан үнэн хэлнэ вэ.Нөхрөө Түгжил шиг шууд хутгалах нөхөрдөө.Дэлгэр энэ 2-ийг яана даа
Хамгийн их уншсан