Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Өөрчлөлт нэхсэн мөнгөний бодлогыг өмнөд азийнхан хэлэлцэв


Хямралын туршлага солилцсон ээлжит семинар

Зүүн өмнөд Азийн төв банкуудын холбоо /SEACEN/-ны гүйцэтгэх зөвлөлийн 12 дахь хурал өчигдөр боллоо. Монгол Улсад зохион байгуулагдсан хурлын өмнө буюу есдүгээр сарын 28, 29-ний өдөр семинар зохион байгуулсан юм. Монголбанкны ерөнхийлөгч Н.Золжаргалын даргалан явуулсан хуралдаанд зүүн өмнөд Азийн 16 орны төв банкны төлөөлөл оролцжээ. Тухайлбал, Хятад, Солонгос, Вьетнам, Тайвань, Малайз зэрэг өндөр хөгжилтэй орны төлөөлөгч иржээ. Тэд бүгдээрээ тус тусын орны төв банкны дэд ерөнхийлөгчийн алба хашдагаараа онцлог аж. Семинарын хүрээнд дэлхийн санхүүгийн хямралаас хойш төв банкууд юу хийж болох, болохгүй талаар сурч, ойлгосон зүйлээ хэлэлцжээ. Мөн хөрөнгийн тогтворгүй урсгал, ханшийн савалгааны үед санхүүгийн тогтвортой байдлыг хэрхэн хангах, санхүү эдийн засгийн өөрчлөлтийн мөчлөг, түүнд тохирсон хариу бодлогоо тодорхойлох асуудлыг хөндөв. Түүнчлэн хөгжингүй орнуудын мөнгөний бодлогын төлвийн өөрчлөлтөд хөгжиж буй орнууд хэрхэн бэлтгэх вэ гэдгийг өөр өөрийн туршлагаар баяжуулан хэлэлцсэн аж.

1992 онд байгуулагдсан “SEACEN” хэмээх байгууллага нь зүүн өмнөд Азийн төв банкнуудын хоорондын сургалт, судалгаа, мэргэжлийн туршлага солилцох болон мэргэжилтэн солилцоо хийх зорилготой сургалтын төв гэж болох юм. Тэгэхээр холбооны семинараар ямарваа улс төрийн болон эдийн засгийн бодит шийдвэр гаргадаггүй. 20 гаруй жилийн түүхтэй байгууллагад Монгол Улс 1998 онд гишүүнээр элссэн бөгөөд нэлээд идэвхтэй гишүүнд тооцогддог байна. Ийнхүү Монголд болсон семинар өндөрлөсөн ч өчигдөр буюу есдүгээр сарын сүүлийн өдөр дэд ерөнхийлөгч бүтэн өдрийн турш хуралдав. Азийн нөлөө бүхий орнуудын төв банкны дэд ерөнхийлөгч нар хүрэлцэн ирсэн завшааныг ашиглаад өнөөдөр манай улсын эдийн засагт тулгарсан нөхцөл байдлыг хэлэлцжээ. Энэ нь, шинэ мөнгөний бодлогын талаарх яриа байв.

Мөнгөний бодлогын талаар товчхон

Эдийн засгийн амин сүнс гэж хэлж болох мөнгөний бодлогыг хүн бүр ойлгодоггүй. Гэвч төгрөг валютын ханш, гартаа барих мөнгөний үнэ цэн, банкнаас авсан зээлийн хүү, тогтвортой байдал болон үйлдвэрлэл, үйлчилгээ ямар байх нь мөнгөний бодлогоос хамаарна. Уг бодлогыг Монголбанкнаас батлан хэрэгжүүлдэгтэй адил бусад улс оронд ч төв банк нь гардан гүйцэтгэдэг. 2012 оны аравдугаар сарын 26-ны өдрийг хүртэл Монголбанкны захирлуудын зөвлөл мөнгөний бодлогыг тодорхойлж байв. Харин өнгөрсөн жилийн дотор шинээр байгуулагдан ажилласан Мөнгөний бодлогын зөвлөл ажилласан. Үүнд, Монголбанк, Сангийн яамны төлөөллөөс гадна хөндлөнгийн эдийн засагчдаас бүрдсэн 12 хүн багтдаг. Ийнхүү бүтцийн өөрчлөлт хийснээр мөнгөний бодлого илүү бодитой, нэг субьектээс хараат бус болох нөхцөл бүрджээ. Тодруулбал, Монголбанкны бүрэлдэхүүн бус хараат бус гишүүд саналаа тусгадаг болсон гэсэн үг. Нөгөөтэйгүүр зөвлөл гурван ч удаагийн хуралдааны дараа шийдвэрээ гаргадаг нь амьдралд амархан бууна гэсэн үг. Товчхондоо, та бидний амьдралд шууд нөлөөтэй эдийн засаг, санхүүгийн дийлэнх асуудлыг мөнгөний бодлогоор дамжуулан сайжруулах эсвэл муутгаж мэдэх нь.

Даяаршилд нэрвэгдсэн мөнгөний бодлого

Мөнгөний бодлого цаг үеэ дагаад өөрчлөгдөж шинэчлэгдэх болсон ч уламжлалт мөнгөний бодлого үр дүнгээ өгч, хэрэгжсээр байна. Гэвч уламжлалт аргачлал хоцрогдож, эдийн засаг дахь нөлөөлөл буурах цаг өнөө үед иржээ. Хямрал даллаж, эдийн засаг тогтворгүйтэх үед зээлийн хүүг өөрчлөх, мөнгө нийлүүлэх эсвэл валютын ханшийг өөрчлөх зэрэг аргачлалаар “аюулыг” зайлуулдаг байж. Даанч сүүлийн үед ийм байхаа больсныг Монголбанкны төлөөллүүд хэллээ. Мөнгөний бодлого, судалгааны газрын захирал Д.Болдбаатар “Төв банкнаас баримталж байгаа бодлогын хүү нэлээд буурч байгаа ч гэсэн эдийн засаг сайжрахгүй байна. 34 мянган хүн ажлын байртай болж, ажилгүйдэл багассан ч эдийн засгийн өсөлт саарсан хэвээрээ, төдийлэн сэргээгүй” хэмээв. Уг нь, энгийн ухаанаар бодоход хүндрэл үүсгэсэн шалтгааныг шийдвэрлэхэд эдийн засаг хэвийн нөхцөлдөө оччихмоор. Харин орчин үед бүх зүйл санаснаар болохоо байжээ. Өөрөөр хэлбэл, хэвшиж тогтсон байдлаар эдийн засагт ханддагаа болихгүй бол хямрал, дампуурал даллах болсон аж.

Энэ талаар “Бүх орны төв банкинд тулгамдсан ижил төстэй нөхцөл байдал бол санхүүгийн зах зээлийн даяаршил урьдчилан таамаглаж, төсөөлдөг байснаас хавьгүй гүнзгий болсон явдал. Урьд нь, даяаршил гэдэгт нэг улсаас нөгөө орон руу шилжих капиталын тухай ойлгодог байсан бол одоо ийм харилцаа компанийн түвшинд ирчихсэн. Компаниас компанийн хооронд ихээхэн капитал шилжүүлдэг болсон гэсэн үг. Тэгэхээр аль нэг томхон зах зээлд үүсэх өөрчлөлт нь гадаад шокын хэлбэрээр жижиг эдийн засагтай оронд маш хүчтэй нөлөөлөх болсон. Ийм шок буюу хүчтэй нөлөөний эсрэг хэрэгжүүлж буй хамгийн зөв арга хэмжээ бол одоохондоо ханшийн уян хатан байдал” гэж Д.Болдбаатар захирал тайлбарлалаа.
Хуралд оролцож буй Азийн орнуудын төв банкны захирлууд ч үүнийг баталсан. Мөнгөний бодлого хэрэгжүүлэх арга барил өөрчлөгдөж, төдий хэрээр стандарт ч шинэчлэгдэн тогтож байна. Урьдын эерэг үзүүлэлт хадгалагдсаар байхад эдийн засгийн өсөлт саардаг, нөхцөл байдал дээрддэггүй “гаж” тогтолцоонд орсон гэлээ. Иймээс аль ч улс орны төв банк эдийн засгийн өсөлтөд урьдынхаасаа ч илүү анхаарч, хичээх шаардлага үүссэн аж. Нөгөөтэйгүүр, шинэ орчин үүссэнээр мөнгөний бодлогын шинэ аргачлалтай болох шилжилтийн үе тохиож буйг тодотгосон юм.

Б.Жавхлан: Мөнгөний бодлогын шинэ хэлбэр бол төв банкны сорилт

“SEACEN”-ны хуралдааныг зохион байгуулагч талыг удирдсан Монголбанкны тэргүүн дэд ерөнхийлөгч Б.Жавхлангаас зарим зүйлийг тодрууллаа.

-Мөнгөний шинэ бодлогын асуудлаар зүүн өмнөд Азийн төв банкуудын төлөөлөгч нар манай улсад хуралдлаа. Энэ уулзалтын гол зорилго, үр дүнг та хэрхэн харж байна вэ?
-Сүүлийн 20 жил дэлхийн улс орнууд маш олон сувгаар глобалчлагдаж байгаа.
Хүн ам зүй, эдийн засаг тэгээд улс төр гэх зэргээр үргэлжилнэ. Үүний үр дүнд аль ч улс оронд мөнгөний бодлого хэрэгжүүлэх орчин нь эрс өөрчлөгдсөн. Жишээ нь, мөнгөний заавал байх нөөц, бодлогын хүү гээд хэрэгслүүд маань зорилтот орчиндоо хүрэхэд бэрхшээлтэй болно гэдгийг улс орнууд хүлээн зөвшөөрч эхэллээ. Тэгэхээр бид мөнгөний бодлогын шинэ орчин, стандартыг тодорхойлох шаардлага гарсан. Манай улсад ч төв банкны бодлогын хүү болон бусад хэрэгслээр эдийн засагт нөлөөлөх боломж, хүртээмж улам багаслаа. Энэ үед төв банкууд санхүүгийн аргачлалаар дамжуулан дунд болон урт хугацаандаа ард иргэд, нийгмийн амьжиргааг сайжруулах, эдийн засгийн өсөлтийг эрчимжүүлэхэд бодит эдийн засгаа дэмжих нь зүйтэй гэж үзсэн.
-Мөнгөний бодлогыг бодит салбар руу чиглүүлнэ гэдэг нь 2013 оны тухайд эдийн засгаа тогтворжуулах дэд хөтөлбөрүүдээр хэрэгжсэн гэж мэргэжилтнүүд хэлж байна. Хамгийн том бодлого нь барилгын салбар болов уу?
-Таны жишээ татсан барилгын салбараа дэмжих хөтөлбөрийг Засгийн газар, Монголбанкны бодлогын уялдаа гэж харж болно л доо. Гэхдээ нөгөө талаас санал нийлэхгүй, зөрөлдөх зүйлс ч олон гардаг. Төв банкны хувьд сая хэлсэнчлэн дунд болон урт хугацаанд ард иргэд, нийгмийн амьжиргааг сайжруулах, эдийн засгаа тогтворжуулахыг эрмэлзэж байна. Засгийн газар маань эрх бүхий хугацаа буюу дөрвөн жилийн дотор бодит шийдвэр гаргах нь сөрөг үр дагавартай байх нь бий. 2013 оны тухайд бидний зорилго инфляцыг нэг оронтой тоонд барих цаашилбал, зургаан хувьтай болгох нэлээд хүнд “ам авсан” байгаа. Тэгэхээр энэ жилийн эдийн засгийн бүтэц, инфляцын нөлөөллийг харвал мах, гурилан бүтээгдэхүүн болон хөдөө аж ахуйн салбар жин дарна. Мөн барилгын сектор бусдаасаа илүү нөлөөтэй байсан. Тиймээс энэ чиглэлд барилгын компанид зээл олгох, түүхий эд материалын үнийг бууруулах хөтөлбөр хэрэгжүүлсний нөгөө талд эрэлтийг дэмжсэн жилд найман хувийн хүүтэй ипотекийн зээл эхлүүлсэн юм.
-Тэгвэл шинэ мөнгөний бодлого ирэх жил ямар салбарт анхаарах бол?
-Ирэх жилийн тухай ярихад эрт байна. 2014 оны төсөв тодорхой болоогүй, УИХ-ын чуулганаар эдийн засагт нөлөөтэй хуулиудыг баталж амжаагүй. Цаашид хуралдаан үргэлжилж, шийдвэр гарна. Энэ бүхнээс хамаарч зах зээлд ямар мессеж хүрэх вэ гэдгээс хамаарч ирэх жилийн төсөөлөлтэй болох юм. Одоогоор 2014 оны мөнгөний бодлогоо урьдчилсан байдлаар гаргахын төлөө ажиллаж байна. Үүнд Сангийн яам ч зэрэгцэн ажиллаж байгаа.
-Хуучин мөнгөний бодлого эдийн засгийн өмнө хүчин мөхөсдлөө гэж үзсэн. Тэгвэл ямар, ямар хэрэгсэл шинээр гаргаж, хэрэгжүүлэх бол?
-Шинэ мөнгөний бодлого хэрэгжүүлнэ гэдэг бол бүгдийг шинээр хийхийн нэр биш. Уламжлалт хэрэгслүүдээ илүү сайжруулж, цаг үе, нөхцөл байдалтай уялдуулан хэрэгжүүлэх шаардлагатай. Одоо хэрэгжиж буй хуучин арга хэрэгслүүдийн маань үр дүндээ хүрэх хурд болон хүрээлэл, нөлөө хумигдсан.
Тэгэхээр ийм нөхцөл байдлыг л өөрчлөх хэрэгтэй гэж үзээд тодорхой секторууд руу туршилт хийх байдлаар ажиллаж байгаа юм. Манайд санхүүгийн зах зээл маш хязгаарлагдмал учраас банкуудаар дамжуулан дотоодын үйлдвэрлэгч, импортыг орлодог гол үйлдвэртээ анхаарч, урт хугацаанд тогтвортой байлгах, ажлын байраа хадгалах чиглэлээр ажиллана.
-Ази тивийн бусад оронд манай улсад нүүрлээд байгаа эдийн засгийн хүндрэл, нөхцөл үүссэн болов уу?
-Мэдээж хэрэг бусад оронд ийм хүндрэл байгаа. Гэхдээ манай орны эдийн засгийг инфляцын хувьд аваад үзвэл гол нэрийн барааны сагсыг бүрдүүлэгч барааны 70-80 хувь нь импорт эзэлдэг. Тэгэхээр төдий хэмжээгээр инфляцид өртөмтгий болж байна гэсэн үг. Ийм болохоор л импортыг бууруулах, экспортыг нэмэгдүүлэх, үйлдвэрлэлээ сайжруулах гэх асуудлыг дахин дахин яриад байгаа юм.
-Шинэ мөнгөний бодлого гэдэг ойлголт манай улсад хэрэгжээд эхэлчихсэн үү, эсвэл урьдач бэлтгэлийн явцдаа байна уу?
-Өнөөдөр л дөнгөж яригдаж байгаа шинэ зүйл биш. Сүүлийн 5-10 жил яригдаж байна. Зөвхөн манай оронд ч туршаад үзэж байгаа юм биш л дээ.
Дэлхийн бүхий л орон анхааралдаа авч, өөр өөрийнхөөрөө хэрэгжүүлж эхэлсэн. Тэнд байгаа хэрэгсэл нь манайхаас өөр байж болно. Дэлхийн улс орны төв банкинд мөнгөний бодлогын шинэ хэлбэрт дасан зохицох сорилт үүсээд байгаа.

Сухдавэ Сингх: Засгийн газар төв банктай сайн түнш байж болдог

Малайзын төв банк “Bank Negara Malaysia”-гийн дэд ерөнхийлөгч.

-Төв банк Засгийн газраас хараат байх ёстой гэж эдийн засагчид ярьдаг. Тэгвэл энэ хоёр субьектын хамтын ажиллагаа ямар байх нь зөв бэ?
-Миний бодлоор Засгийн газар, төв банк хоёулаа нийгмийн амьжиргааг дээшлүүлэхийн төлөө зорилгоороо нэгддэг. Хэдий ижил зорилготой ч яагаад төв банк нь Засгийн газрын харьяалал дор, хэрэгжүүлэгч агентлаг байж болдоггүй юм бэ. Үүний хариулт нь, төв банк нийгмийн амьжиргааг сайжруулахад анхаарах ёстой ч эдийн засгийн дунд ба урт хугацааны хөгжилд давхар тэмүүлэх учиртай. Хэрэв Засгийн газар төв банкыг шууд удирддаг байсан бол улс төр, нам хүчний нөлөөллөөс хамаарч мөнгөний бодлого болон хүү ойр ойрхон өөрчлөгдөх байсан. Ингэснээр эдийн засагт богино хугацаандаа эерэг үр дүнтэй байх боломжтой ч хожим, урт хугацаандаа сөрөг үр дагавар гарах магадлал ихтэй.
Гэхдээ төв банк нь Засгийн газартай маш амжилттай хамтран ажилласан түүх, практик олон бий. Өөрөөр хэлбэл, төв банкинд эдийн засагчдын маш хүчтэй “арми” бэлтгэгдэж байдаг тул Засгийн газарт зөвлөгөө өгөх, санал оруулах байдлаар ажиллах боломжтой. Хоёрдугаарт, бодит эдийн засгийг дэмжих талаасаа санхүүгийн дэмжлэг үзүүлэх байдлаар хамтарч болох юм. Ингэхийн тулд дэмжлэгээ няхуур судалж, болгоомжлох нь зүйтэй. Яагаад гэвэл Засгийн газар мөрийн хөтөлбөрөө биелүүлэхийн төлөө эдийн засгийн хувьд анализ, тооцоолол дутуу хийсэн алдаа гаргаж болзошгүй. Төв банк хараат бус байж, Засгийн газартаа мэргэжлийн талаас идэвхтэй түнш байж чадвал эргээд Засгийн газар ч хараат бус байдлыг нь дэмжих боломж нэмэгддэг.

Цүн Та Ен: Ханшийн өөрчлөлт уян хатан байх хэрэгтэй

Тайваний төв банк “Central Bank of the Republic of China, Taiwan”-ы дэд захирал.

-Хөрөнгийн тогтворгүй урсгал, ханшийн өөрчлөлтийн үед ямар мөнгөний бодлого баримталбал зохих вэ?
-Валютын ханш гэдэг бол нэг валютаар нөгөөг худалдан авах буюу харьцангуй үнэ цэнийг илтгэсэн хэмжигдэхүүн. Гэхдээ энэ харьцангуй үнэ эдийн засгийн суурь үзүүлэлтүүдээс хамаарч хэлбэлзэж байдаг. Жишээ нь, ханш суларлаа гэхэд макро эдийн засагт экспортыг нэмэгдүүлдэг бол ханшийн чангарал нь импортыг урамшуулдаг. Тиймээс төв банк энэ хоёр зүйлээ тэнцвэржүүлэх бодлого баримтлах учиртай юм.
Эдийн засгийн өнөөгийн “шинэ” нөхцөлд хөрөнгийн урсгал нэг улсаас нөгөө улс руу шилжих нь эрчимжсэн. Ийм тохиолдолд ханшийн өөрчлөлт бол нүд цавчилгүй харж байх чухал үзүүлэлт болчихлоо. Тиймээс ханшийн өөрчлөлтийг уян хатан байлгахын төлөө эрх баригчид анхаарах хэрэгтэй.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан