Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Импорт долоон тэрбум ам.долларт хүрч улсын төсвөөс давжээ


Монголчууд шинэ жил, цагаан сар, наадам, хүүхдийн хичээл сургууль эхлэх гээд баяр ёслол, тэмдэглэлт өдрүүд ойртохоор түрийвчин дэх хэдэн төгрөгөө юань болгоод урд хөршөө зорьдог. Нэг ёсондоо өөрсдөө үйлдвэрлэлгүй болохоор хэрэглээгээ урд хөршөөсөө хангадаг гэсэн үг. Гал асаах шүдэнз, асаагуур, гартаа барьсан утас, охид эмэгтэйчүүдийн зүүсэн ээмэг, бөгж гээд гадаадаас авдаггүй бараа цөөхөн. Тоочоод үзвэл гарын арван хуруунд багтана гэхэд хилсдэхгүй. Иймд эдийн засагчид  “Монгол Улс хэрэглээнд суурилсан эдийн засагтай.  Мөчлөг даган тэлж,  агшиж ирсэн. Өөрөөр хэлбэл,  ашигт малтмалын үнэ өндөр орлого ихтэй үед олсноо бүгдийг нь үрээд дуусгадаг. Түүхий эдийн үнэ хямдарч орлого буурахаар халаас нь нимгэхэн тул хямарч байдаг” хэмээн тодорхойлдог.  
Зарим эдийн засагчдын судалгаанаас үзвэл ашигт малтмалын үнийн мөчлөг дагасан төсвийн огцом тэлэлт нийгмийн халамжийн зардлыг өсгөжээ. Тухайлбал, 2011, 2012 онд нийгмийн халамжид 1.9 их наяд төгрөг иргэдэд бэлнээр нь тараасан юм.  Энэ мөнгө шууд л хэрэглээнд зарцуулагдсан гэж хэлж болно. Учир нь, уг мөнгө иргэдийн гар дээр очоод эдийн засагт арилжааны банкуудын гаргаж буй хэрэглээний зээлийг шууд өсгөсөн байна. Жишээ нь,   авто машин, үнэтэй тавилга, гэр ахуйн цахилгаан бараа гээд өрхийн хэрэглээг илт дэмжжээ. Статистикаас үзвэл манай улсын арилжааны банкуудын 2011 онд гаргасан хэрэглээний зээл 97 хувьд хүрч өссөн байна. Энэ нь өмнөх жилүүдээс хоёр дахин нэмэгдсэн үзүүлэлт аж. Гэтэл дараа жил нь дээрх огцом өсөлт дээр нэмээд 42 хувийн өссөлт гарсан байдаг. Ингээд хоёр жилийн дотор хэрэглээний зээл гурав дахин өссөн дүн гарч буй юм.

Өнөөдөр дөнгөж хөгжиж ядаж буй жижиг дунд үйлдвэрлэл нь дотоодын хэрэглээгээ бүрэн хангаж чадахгүй л байгаа. Иймд гадаадаас импортоор авдаг  бараа бүтээгдэхүүний мөнгөн дүн жилээс жилд нэмэгдэж ирсэн.  Статистикийн судалгаагаар гурван жилийн өмнө Монгол Улс жилд 3.3 тэрбум ам.долларын импорт хийдэг байж. Харин өнгөрсөн жилийн байдлаар бараг долоон тэрбум ам.долларын бараа бүтээгдэхүүн импортолжээ. Гэтэл импорт гэдэг нь урсгал тэнцлийн нэг бүрэлдэхүүн хэсэг. Иймд импорт өсөхийн хэрээр урсгал тэнцлийн алдагдал өснө гэсэн үг.  Тэгвэл урсгал тэнцлийн алдагдал 2010 онд нэг тэрбум ам.долларт хүрдэггүй байжээ. Гэвч дараа жил нь  2.8, өнгөрсөн онд 3.3 тэрбум ам.долларын алдагдалтай гарсан байна.

Үүнд олон шалтгаан бий гэж эдийн засагчид тайлбарладаг. Тухайлбал, Монгол Улсад гадаадын хөрөнгө оруулалт хэдий хэмжээтэй орж ирнэ тэр хэрээр дийлэнх нь эргүүлээд тоног төхөөрөмж, бараа материал худалдан авахад зарцуулагддаг аж. Товчхондоо хөрөнгө оруулалтаас санхүүждэг,  төлбөр хийдэг гэсэн үг. Үүний нэг том жишээ нь  Оюу толгой төсөл. Уг төслийн хөрөнгө оруулалтын чамгүй хэсэг нь  үйлдвэрийн тоног төхөөрөмж, бараа материал худалдан авахад зарцуулагдсан аж. Гэвч энэхүү гарч явсан хөрөнгө оруулалт нь эргээд үр ашгаа өгнө. Хүмүүсийн өдөр тутмын хэрэглэдэг бараа бүтээгдэхүүн болохоор тэр. Яагаад гэвэл үйлдвэр ажиллаад эхлэхээр нэг ёсондоо тасралтгүй эргэлдэж мөнгө олох бүтээгдэхүүн үйлдвэрлэх юм. 

Үүнээс гадна олсон орлогоо нийгмийн халамжид зориулсан нь урсгал тэнцлийн алдагдал өсөх нэг шалтгаан болжээ.   Бодитой олсон орлогоороо нийгмийн халамжаа санхүүжүүлээгүй. Ирээдүйд экспортлох ашигт малтмалынхаа үнийг  урьдчилж аваад үрчихсэн юм.  Жишээлбэл, Таван толгойн нүүрсээ нийлүүлнэ гээд БНХАУ-аас мөнгө авчихсан. Шинэ оноос өмнө 170 сая ам.долларын нүүрс нийлүүлж өрөө дарж дуусгана гэж байгаа билээ. Нэг ёсондоо дээрх өрөө төлж дуустал бид нүүрсээ өгөөд байгаа хэрнээ  мөнгө авахгүй гэсэн үг болохыг дунд сургуулийн хүүхэд ч ойлгох хэрэг.

Олон жил алдагдалтай явж ирсэн төлбөрийн тэнцлийн дутуугаа нөхдөг ганц зүйл нь гадаадын хөрөнгө оруулалт байлаа. Мөн алдагдлаа нөхөөд улсын валютын санд ч нэмэр болж ирж. Гэтэл гадаадын хөрөнгө оруулалт өнгөрсөн оны зургадугаар сараас хойш буурч эхэлсэн. Энэ он гарсаар эхний найман сарын байдлаар 46.6 хувиар буурсан судалгаа гарав. Иймд төлбөрийн тэнцлийн алдагдлаа нөхөж чадахгүйд хүрч хямрал нүүрлэж эхэлжээ. Төлбөрийн тэнцлийн алдагдал 1.7 тэрбум ам.долларт хүрсэн байна. Энэ нь, ДНБ-ий 33 хувьтай тэнцэж буй аж. 

     Монгол Улсад гадаадын хөрөнгө оруулалт буурсан шалтгааныг Дэлхийн банкны ахлах эдийн засагч доктор Тайхён Ли “Өнгөрсөн онд Монгол Улс гэлтгүй хөгжиж буй орнуудад орох валютын урсгал эрс багассан. Учир нь, дэлхий нийтэд хөрөнгө оруулалтын урсгал 18 хувиар буурсан. Тэр дундаа Монгол Улсад орж ирэх нийт хөрөнгө оруулалтын 60 орчим хувийг эзэлдэг Хятад, Хонгконгийн хөрөнгө оруулалт буурсан. Харин хөгжсөн орнуудад оруулах хөрөнгө оруулалт долоон хувиар өссөн. Гэтэл хөгжиж буй болон бүрэлдэж буй эдийн засагтай Монгол шиг орнуудад хийх хөрөнгө оруулалт 50 хувиар буурсан. Үүний дам нөлөөгөөр Монголд орж ирэх хөрөнгө оруулалт татарсан” хэмээн тайлбарласан билээ.

Дэлхий нийтэд хөрөнгө оруулалт ийнхүү муудаж байхад  монголчууд бид дотооддоо гадаадын хөрөнгө оруулалтаа хаасан сахилгагүй үйлдэл гаргасаар ирсэн. Жишээлбэл,  өнгөрсөн оны тавдугаар сард хувийн хэвшлийн хөрөнгө оруулалт заавал зөвшөөрөл авч байхаар хуульчилсан. Ингээд их, бага бүхий л хөрөнгө оруулалт орж ирэхийг нь хаав. Нөгөө талаар урт нэртэй хууль бас л балаг тарьсан. Уг хуулийн байгаль экологи, ой, усаа хамгаалах зорилго нь зөв. Алт ухаж байна гээд байгалиа сүйтгээд байж таарахгүй нь мэдээж. Гэвч энэ хуулийн алдаа нь өмнө олгосон лицензүүдийг бүгдийг нь хүчингүй болгосонд бий гэдэг. Учир нь, алт олборлолтыг технологийн горимоор биш нинжа нарыг гар аргаар олборлохыг нь дэмжсэн гэхэд хилсдэхгүй. Учир нь,  хураагдсан лицензийн талбайд нинжа нар орсон. Гэтэл тэдний олборлосон алт  төв банкинд  бус ченжийн гар дамжиж далд хэлбэрт шилжүүлэх гол шалтгаан болов.  Жишээлбэл,  Монголбанкинд жилд 15 тонн алт тушаадаг байсан бол гурван тонн хүрч буурсан байна. Алт бол чухал бараа. Төв банк худалдаж авсан алтаа цэвэршүүлж үнэлээд гадаад валютын нөөцөө өсгөдөг бүтээгдэхүүн юм. Тэгэхээр дээрх хуулийн алдаанаас болж байгаль орчин бүр сүйдсэн, улсын авдарт орох алт хумигдахад хүрчээ.  

Гадаадын хөрөнгө оруулалт муудсан бас нэг шалтгаан нь Оюу толгойн маргаан гэж эдийн засагчид үздэг. Өнөөдөр Оюу толгойн хөрөнгө оруулалт манай улсад орж ирэх нийт валютын урсгалын дийлэнх хувийг бүрдүүлж буй юм. Наанадаж, гадаадын нийт   хөрөнгө оруулалтын 50 гаруй хувийг бүрдүүлэх болсон байна. Гэтэл уг төслийн хөрөнгө оруулалт тойрсон маргаан нь төслийн санхүүжилтийг тасалдахад хүргээд байгаа. Уг нь, төслийн санхүүжилт тасалдах  учиргүй. Гэрээ байгуулсан хоёр тал төслийг гацаахгүйгээр урагшлуулах үүрэгтэй билээ. Нөгөө талаар маргаан нь удааширч байгаа нь манай улсын гадаадын хөрөнгө оруулалтад сөрөг нөлөө үзүүлэх нэг шалтгаан боллоо. Тухайлбал,  энэ маргаан яаж шийдэгдэхийг ажиглаад хөрөнгө оруулахгүй  байгаа компаниуд ч бий аж. Мөн манай улсад орж ирсэн гадаадын хөрөнгө оруулалттай компаниудын хувьцааны ханш, Хөгжлийн банкны болон “Чингис” бондын үнэ олон улсын хөрөнгийн зах зээл унахад нөлөөлжээ.

Хөрөнгө оруулалтаа муутгасан жишээг зах зухаас дурдвал ийм байна. Энэ бүх муу жишээний эцэст манай улсад орж ирж буй валютын урсгал 50 хувиар татарчээ. Гэтэл гадаадаас авдаг бараа бүтээгдэхүүн хэвээрээ байгаа юм. Энэ нь импортын барааны үнэ өсөх гол шалтгаан нь болсон. Үүнийг бууруулна гэвэл валютын нөөцөө ашиглаж хамгаалахаас өөр аргагүй. Улмаар эдийн засгаа, улсаа дампууруулахад хүргэнэ. Иймд төв банкны эдийн засагчид  “Монголбанк ханшийн уян хатан бодлого баримталж буй. Энэ байр сууринаасаа ухрахгүй. Харин ч уян хатан ханшийн дэглэмтэй байгаа нь төлбөрийн тэнцлийн эрсдэлийг бууруулах суурь нөхцөл боломж хэмээж буй юм.

Гадаад валютын ханш өсөхөөр гадаадаас түүхий эд материал, сав баглаа боодол зэргээ авч бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг аж ахуйн нэгжид арай “чанга” тусна. Гэвч тэглээ гээд  төгрөгийн ханшаа чанга бариад байвал Эрээний бараа тэр чигээрээ орж ирээд дотоодын үйлдвэрлэлийг улам доройтуулна. Тэгэхээр төгрөгийн ханшаа сул барьж байж дотоодын үйлдвэрлэлээ хөгжүүлнэ гэж эдийн засагчид үздэг билээ.

Гадаад валютын ханш өндөр байгаа тохиолдолд импорт хумигдана. Тэгэхээр авто машин, үнэтэй тавилга гээд нэн чухал хэрэгцээгүй бараа бүтээгдэхүүн худалдан авах нь буурдаг. Энэ бол зах зээлийн жам. Хамгийн гол нь 20  гаруй жилийн турш  монголчууд төгрөг чанга, импортын  бараа хямд байгаасай гэсэн үзэл бодлоосоо няцах юм. Нэг ёсондоо үндэсний үйлдвэрлэлээ дэмжиж хэрэглээний эдийн засгаас татгалзах цаг ирлээ.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан