Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Б.Эрдэнэбат: Чингис бондын зарцуулалтын хамгийн муу жишээ хотын зам засвар

Хоёр жил тутамд зохиогддог компанийн захирлуудын дээд хэмжээний чуулга “CEO SUMMIT-2013” уулзалт Эдийн засгийн хүндрэл, даван туулах арга замууд”  сэдвийн дор өчигдөр боллоо. Гурав дахь удаагаа болж буй уг чуулганд оролцогчид ДНБ-ий 70 гаруй хувийг үйлдвэрлэн бүтээж буй хувийн хэвшилд төрийн үйл ажиллагааны оновчгүй шийдвэр, шийдвэр гаргагчдын идэвхгүй байдал саад болж буйг хэлж байсан юм.
Монгол Улсын их сургуулийн Эдийн засгийн сургуулийн багш, Эдийн засгийн ухааны доктор профессор Б.Эрдэнэбаттай энэ үеэр ярилцлаа.

-Чингис бонд гаргаад удаагүй байна. Гэтэл ахиад Самурай бонд гаргах талаар ярьж байна. Энэ нь цаашид үр хүүхэддээ үлдээх өр маань л нэмэгдээд байна гэсэн үг. Таны хувьд Монгол Улсын эдийн засгийг аврахад Самурай бондоос өөр гарц байхгүй болсон гэдэгтэй санал нэгдэж байна уу?
-Төлбөрийн тэнцлийн алдагдалтай холбоотойгоор зайлшгүй зээл авах шаардлага гарч ирж байгаа юм. Монгол Улсын төлбөрийн тэнцэл ямар нэг байдлаар заавал хангагдах ёстой. Хэрвээ хангагдахгүй бол хямралын үеийн хямрал гэх илүү ноцтой байдал эдийн засагт үүсдэг. Тэгэхээр бид урсгал тэнцлийн алдагдал санхүүгийн дансаар хаагддаг байсан. Санхүү хөрөнгийн дансанд дийлэнх хувийг нь гадаадын хөрөнгө оруулалт эзэлдэг байлаа. Гэтэл гадаадын хөрөнгө оруулалт орж ирэх урсгал маань үндсэндээ татарчихаар бид ондоо эх үүсвэр олох шаардлагатай. Одоогийн байдлаар энэ эх үүсвэр нь самурай бонд л байна.
Эдийн засагт үзүүлэх нөлөө гэхээр мэдээж өрийн хямралаас зайлсхийнэ. Урт хугацаандаа үүнийг өрийн дарамт болгохгүй байхад Монгол Улс анхаарлаа хандуулах ёстой. Энэ нь юу гэсэн үг вэ гэхээр тухайн бондын хөрөнгөөр хийгдсэн хөрөнгө оруулалтууд ирээдүйд хангалттай өндөр өгөөж өгч, өрөө төлдөг байх. Зээл авч байгаа улсын хувьд бид тооцооллоо зөв хийх хэрэгтэй. Зөвхөн хэрэглээ, нийгмийн халамжаа дэмжих төсөлд бус манай ДНБ-ийг өсгөх тийм л төслүүдэд зарцуулах ёстой. Тэгэхээр өрийн хэмжээ тогтмол байна. Бид хүүгээ урьдчилаад тохирчихно. Хэрвээ эдийн засгийн хэмжээ өсчих юм бол  өрийн дарамт багасна. Өөрөөр хэлбэл, бид хэр сайн төсөлд хөрөнгө оруулахаас өрийн дарамт хамаарна.

-Тэгвэл Чингис бондын зарцуулалтын талаар та ямар бодолтой байна. Таны яриад байгаа ДНБ-ийг дэмжих төсөлд хөрөнгө оруулж чадаж байна уу?
-Чингис бондын зарцуулалт уу. Одоо надад байгаа мэдээллээр Таван толгойгоос хил рүү энэ мөнгөөр төмөр зам барьж байна. Энэ бол сайн хөрөнгө оруулалтын жишээ.  Харьцангуй хямд төслөөр, сайн тендер зарлаад ажлаа эхэлсэн гэж найдъя. Муу жишээ гэвэл хотын зам засвар. Хот өөрөө хангалттай хэмжээний төсөв бүрдүүлдэг. Хотын олсон орлого зарлагадаа хангалттай хүрэх ёстой. Уг нь хот маань Монгол Улсын эдийн засгийн томоохон бүс. Гэтэл эдийн засгийн энэ чадавхиа ашиглаж чадахгүй байна. Жишээ нь, Засгийн газраас хэрэгжүүлж байгаа орон сууцны найман хувийн зээлээр асар их хэмжээний хөрөнгө хүмүүсийн гарт очлоо. Зөрүүг нь Засгийн газар төлнө шүү дээ. Хот уг нь орон сууцны худалдан авалт болгонд гурван хувийн татвар авч байх ёстой. Гэтэл одоогоор татварын байгууллагын болоод төрийн байгууллагын нийт чадавхитай холбоотойгоор татвараа авч чадахгүй байна. Уул нь бид энэхүү чадавхиа хөгжүүлж байгаад  татвараа авсан бол магадгүй хотын зам байтугай аймгуудынхаа замд ч хөрөнгө хандивлах хэмжээний орлогын эх үүсвэртэй байх юм. Хотод үл хөдлөх хөрөнгө зах зээл асар хурдацтайгаар тэлж байна шүү дээ.

-Монгол Улсын өрийн хэмжээ ямар байгаа бол. Танд баримжаа тоо байна уу?
-Абсолют дүнгээр нь аваад үзвэл  2012 оны байдлаар ДНБ-ний 54 хувьтай байгаа байх. Төсвийн тогтвортой байдлын тухай хуулиар гадаад өрүүд цэвэр үнийн дүнгээрээ ДНБ-ий 40 хувиас хэтрэх ёсгүй. Тэгэхээр цэвэр өр өнөөгийн үнэ цэнээр хэдий хэмжээнд байгааг би цээжээр хэлж мэдэхгүй. Үнэ цэнийн тооцоололд хэдий хугацаатайгаар, ямар хүүтэйгээр гадаадаас хэдий хэмжээний зээл авсан бэ гэх мэдээлэл хэрэгтэй. Энэ бүх мэдээллийг Сангийн яамны дотоод өрийн алба тооцоолоод явж байдаг. Тэд хуулийн дагуу хэрвээ та нарыг асуувал тайлбарлах үүрэгтэй.

-Монгол Улсын гадаад худалдаа 1,4 тэрбум ам.долларын алдагдалтай. Гадаадын шууд хөрөнгө оруулалт 47 хувиар буурсан. Тэгэхээр төлбөрийн тэнцэл шууд эрсдэлд орсон гэдгийг хаа хаанаа хүлээн зөвшөөрч байна. Таны хувьд үүнээс ангижрах хамгийн ойрын гарц харагдана уу?
-Шийдэл чинь самурай бонд. Төлбөрийн тэнцлийн алдагдлаа бид гар дээрх бэлэн хөрөнгө оруулалтаар нөхөж чадахгүй бол зээлээр л нөхнө.

-Самурай бондоос өөр гарц ойрхон харагдахгүй байна гэсэн үг үү?
 -Самурай бонд хангалттай босох байх гэж найдаж байна. Гэхдээ хэдий хүүгээр ямар хугацаатай авахыг сайн мэдэхгүй байна. Нөгөө талаасаа импортоо бодож байх хэрэгтэй. Хэрвээ Монгол Улс өөрөө үүнийгээ зохицуулж чадахгүй бол зах зээлийн гадаад механизм нь мэдээд зохицуулдаг. Жишээлбэл, манай төгрөг дээр үүсч байгаа дарамт. “Та нарын гадаадаас  авч хэрэглэж байгаа зүйл чинь экспортын орлогоос чинь хэтэрчихээд байна аа. Орлогоосоо давсан хэрэглээтэй байж болохгүй. Танай төгрөгийн ханш унахаас өөр аргагүй дээ” гээд л зах зээлийн механизм ажиллаад байна. Тэгэхээр бид нэг бол экспортын орлогоо нэмнэ. Үүний тул орчноо сайжруулна. Үнэндээ манай Засгийн газраас зах зээлийн энэ байдлаа намжаахын тулд “Уучлаарай бид алдаа гаргажээ. Бид одоо орчноо сайжруулна. Гадаадын хөрөнгө оруулалт нэмэгдэнэ” гээд мэдэгдэл хийх ёстой. Гэхдээ энэ бүхнийг ганцхан дотоод хүчин зүйлтэй холбож авч үзвэл өрөөсгөл. Дэлхийн зах зээл дээр ямар нөхцөл байдал үүсчихээд байна вэ гэхээр нийт түүхий эдийн эргэлт өсөхгүй байна.
Хятад хангалттай хэмжээний хөрөнгө оруулалт хийчихсэн гээд гараа эвхчихлээ. Европын зах зээл сайжрахгүй байгаа учраас Хятадад түүхий эдийн хэрэгцээ гарахгүй. Манай улсын хувьд дотоод хөрөнгө оруулалтын орчин муудсан дээрээс нь дэлхий зах зээл дээрх түүхий эдийн эргэлт багассан гээд хоёр талаас нь харах хэрэгтэй.

-Долоо, наймдугаар сарын индикатор мэдээгээр Евро бүсийн эдийн засаг сэргэх нь гэсэн таамаг гарсан байсан. Индикаторын талаар та мэдээлэл өгөөч?
-Монгол Улсын нэгдсэн тэргүүлэгч индикаторыг Сангийн яамнаас сар болгон гаргаж тооцдог. Үүнд 52 үзүүлэлт байдаг. Үүний нэг нь Хятадын эдийн засгийн тэргүүлэгч индикатор. Бид Европын тэргүүлэгч индикаторт ашигладаг тэр цувааг ашиглаж л эдийн засгийн таамгаа гаргадаг. Ин­дикатор өссөн гэдэг үзүүлэлт одоохондоо алга. Монгол Улсын нэгдсэн тэргүүлэгч индикатор 2001 оны арваннэгдүгээр сард оргилдоо хүрсэн. Тэрнээс хойш буурсаар байгаа. 2011 оны арванхоёрдугаар сард эдийн засаг ойрын зургаагаас есөн сард муудах нь ээ гэдгийг бидний зүгээс анхааруулж байсан. Гэхдээ тэр индикаторын мэдээг хэр ашиглаж байгааг мэдэхгүй байна. Миний мэдэхээр маш олон хүн тэр индикатор хэрхэн өөрчлөгдөж байгааг анзаарч харахгүй байх шиг. Уг нь тэр бол Монгол Улсад байгаа эдийн засгийн нөхцөл байдлыг түрүүлж хэлдэг ганц зүйл.

-Монголын эдийн засгийн сайжралыг та урт, эсвэл богино хугацаанд ямар байхыг харж байна уу?
-Урт хугацаандаа юу хийхийг бид мэдэхгүй. Гэхдээ урт хугацаанд эдийн засаг сайжрах боломж бий. Богино хугацаандаа бол  нөхцөл байдал ямар байгааг харж байна. Ерөнхий сайд ийш тийшээ гарц хайгаад явж байна.
Бидний хувьд ашигт малтмалаа олборлоод тэр нь дэлхийн зах зээл дээр маш их хэлбэлздэг, зөвхөн тэр үнээс нь хараат байдаг эдийн засгаас  ангижирч, өөрсдөө нэг жаахан юм хийдэг, үйлдвэрлэдэг ард түмэн болж байж л нөхцөл байдал сайжирна.
Яг үнэндээ хүмүүсийн яриад байгаа 1400 байсан ам.доллар 1600 төгрөг болчихлоо гэдэг нэрлэсэн ханшийн хэлбэлзэл импортын бараа хэрэглэдэг, асар их хэмжээний төгрөгийн хадгаламжтай хүмүүсийн хувьд муу мэдээ. Харин Монголдоо үйлдвэрлэгч хийгээд монголынхоо бараа бүтээгдэхүүнийг хэрэглэдэг хүмүүсийн хувьд сайн мэдээ. Монгол бараа өрсөлдөх чадвартай болно. Монголын зочид буудлууд маань Хятадын Бээжингийн зочид буудлуудтай харьцуулахад харьцангуй хямд үнэтэй болно.
Жуулчид Монголд ирэх сонирхолтой болно. Байгалийн үзэсгэлэнт газраас маань гадна Монголд юм хямдхан байна гэсэн бодол буй болно.  Бодит ханш гэдэг нэрлэсэн ханш унавал суларна, нөгөө бол инфляцаа барьж чадвал суларна. Тэгэхээр одоо бол зах зээлийн механизм нэрлэсэн ханшийг чинь унагаж байж бодит ханшийг урт хугацааны төвшинд оруулна гээд байгааг л мэдрэх нь чухал.

Т.Жанцан

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан