Лондон хотын баруун урд зүгт орших Чисингтон тосгонд орших адал явдалт амьтны хүрээнлэнгийн захиргаа амьтантай, тэр дундаа бар, ирвэс зэргийн арьсны өнгө бүхий хувцастай үйлчлүүлэгчийг хаалгаараа оруулахгүй болохоо анхаарууллаа. Учир нь шар цагаан толботой хувцас харсан амьтдад сөрөг сэтгэгдэл төрж, уур уцаартай болж дайрч давшлах зан авир гарснаар хүний амь эрсдэх ч аюултай болохыг ажилтнууд анзаарчээ. Энэ хүрээлэнд хирс, анааш, тахь, улаан ирвэс, фламинго шувуунаас эхлээд зээр гөрөөс, цөөвөр чоно хүртэл амьдардаг.
Түүнчлэн ийм заалт гаргасныг мэдээгүй, мэдсэн хэрнээ орохыг завдсан хүн бүрийг шалгахаар зориулалтын илрүүлэгч төхөөрөмжөөр тэдний трико, гадуур хувцас, малгай, даашинз дээрх байж болох бүхий л шинж тэмдгийг илрүүлэх боломжтой гэнэ. “Хэрвээ шийдвэр хүчин төгөлдөр болвол хүрэлцэн ирсэн хүмүүс элдэв асуудалгүйгээр ховор амьтадтай харьцаж цагийг сайхан өнгөрөөх чухал давуу талтай шийдвэр” хэмээн олон нийттэй харилцах албаны мэргэжилтэн Натали Диллоувей хэлэв. 1931 онд албан ёсоор үйл ажиллагаа явуулж 1987 онд цогцолбор хүрээлэн болгон тэлсэн энэ газарт 2010 оны байдлаар 1.4 сая хүн давхардаагүй тоогоор зочилжээ.