Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Г.САРУУЛ: БРОКЕРТ ЭРСДЭЛ ҮҮРҮҮЛЧИХЭЭР ҮНЭТ ЦААСНЫ ЗАХ ЗЭЭЛ ТОМРОХГҮЙ БАЙНА

Өнгөрсөн хоёр хоногт “Үнэт цаасны төлбөр тооцооны системийн эрсдлийн удирдлага, олон улсын санхүүгийн зах зээл дэх кастодианы үйл ажиллагаа” сэдэвт олон улсын бага хурал зохион байгууллаа. Манай улсад анх удаа зохион байгуулж буй хэлэлцүүлэгт үнэт цаасны зах зээл өндөр хөгжсөн орны төлөөллүүд хүрэлцэн иржээ. Тэднээс туршлага судалж, үйл ажиллагааны онцлогоос Монголд тохирсон үнэт цаасны төлбөр тооцооны систем боловсруулах нь хуралдагчдын гол зорилго аж. Бага хурлын зорилго болон бусад асуудлаар Монголын Хөрөнгийн биржийн дэд захирал Г.Саруулаас зарим зүйлийг тодрууллаа.

-Үнэт цаасны төлбөр тооцоо, кастодиан банк зэрэг асуудлаар олон улсын хурал болж байна. Энэхүү хэлэлцүүлгээс ямар үр дүн хүлээж байгаа бол?
-Хөрөнгө оруулалтын сан­гийн тухай хуулийн төслийг УИХ-аар хэлэлцүүлж байна. Түүнчлэн ирэх оны нэгдүгээр сарын 1-нээс Үнэт цаасны зах зээлийн тухай хууль хүчин төгөлдөр болж, хэрэгжээд эхэлнэ. Энэ хуульд цөөнгүй шинэ нэр томъёо нэмэгдэж орсны нэг нь кастодиан банк буюу давхар бүртгэлийн үйлчилгээ үзүүлдэг тогтолцоо юм. Хэдийгээр энгийн сонсог­дож байгаа боловч дэд бүтцийг нь Монгол Улсад оруулж ирэхийн өмнө нэлээд олон зүйлд маш нарийн нухацтай ажлууд хийх хэрэгтэй. Өө­рөөр хэлбэл, уг үйлчилгээг эхлэх­дээ нэг л зүйлийг буруу хий­вэл уг систем бүхэлдээ бу­руу ажиллах аюултай. Ма­най улсын үнэт цаасны төл­бөр, тооцоо урьдчилан байр­ших биш “Т+3” зарчмаар ажил­ладаг болсон. Өнөөдөр арил­жаа хийлээ гэхэд төлбөр тоо­цоог нь гурав хоногийн дараа хийх боломжтой болсон гэсэн үг. Бид өнгөрсөн оны долдугаар сарын 1-нээс “Т+3” систем рүү шилжсэн гэж байгаа ч эрх зүйн орчин нь бүрдээгүйн улмаас яг бүрэн утгаараа хэрэгжиж чадаагүй гэхэд болно. Харин одоо бид кастодиан банк, хууль эрх зүйн хүрээнд барьцаа хөрөнгийг хэрхэн байршуулах тухай зохицуулалтыг зөв нэвтрүүлснээр энэ систем маань яг зөв, хэм хэмжээндээ ажиллана. Мөн үнэт цаасны данс нээх асуудлыг брокерийн төвшинд шийдээд явж болох зохицуулалтыг шинэ хуульд оруулж өгсөн байгаа. Энэ мэтээр шинээр нэмсэн олон нарийн зохицуулалт нь нэгдсэн нэг хэлбэрт орсноор үнэт цаасны зах зээлийн төлбөр тооцоо зөв зарчмаар ажиллах боломж нээгдэнэ гэсэн үг юм.
-Шинэ системийн гол давуу тал нь төлбөр тооцоог хүндрэлгүй үргэлжлүүлэх явдал гэж ойлголоо. Тэгвэл хамгийн эхэнд мэдрэгдэх үр дүн, эерэг нөлөөг та хэрхэн харж байна вэ?
-Үнэт цаасны зах зээлийн төлбөр тооцоо зөв явагдснаар энэ салбарт олон улсын мөнгөн урсгалыг татах боломж нээгдэнэ гэсэн үг. “Т+3” зарчим руу шилжиж байгаа гол зорилго маань өөр улсын санг Монголдоо татах гэсэн л оролдлого шүү дээ. Түүнээс биш үнэт цаасны зах зээлийг зөвхөн дотооддоо байлгая гэвэл өмнөх системээрээ явахад хангалттай байсан. Ер нь, гадаадын зах зээл дэх сангуудын 99 хувь нь “Т+2” юм уу “Т+3” гэсэн зарч­маар үнэт цаасны төлбөр тоо­цоогоо хийдэг. Тэгэхгүй бол бага­гүй цаг хугацаа алдах бол­дог. Жишээ нь, хөрөнгө оруу­лагчдын мөнгө нь 12 ца­гийн зайтай байршдаг кас­то­диан банкаар дамжсан хэр­нээ арилжааны хэсэгтээ дав­хар баталгаа шаарддаг юм. Дээ­рээс нь баталгаажуулах про­цесс нь мөн тодорхой цаг хугацаатай учраас энэ бол­гоныг амжуулахын тулд дээрх зарчмуудаас сонгодог юм.
-Одоогоор манай улс “Т+3” системийг сонго­чи­хоод байгаа. Үнэт цаасны зах зээлийн төлбөр тооцоог явуулахад хэр оновчтой сонголт вэ?
-Манай улсад хамгийн то­хи­ромжтой, хугацаа нь их юм гэдэг утгаар “Т+3”-ыг сонгоод байна. Аян­даа Монголын банкууд үйл ажиллагааг ойлгоод, хэрэг­жүүлээд эхэл­вэл хугацааг нь хоёр хоног хүргэх буюу “Т+2” болгож бууруулж бо­лох юм гэж үзсэн. Гэхдээ нэг зүйлийг бид маш сайн анхаарч ойлгох хэрэгтэй. Маш олон жилийн түүхтэй, Европын банкны систем хэчнээн сайн билээ. Гэтэл дөнгөж одоо л “Т+3” системээ сайжруулж, “Т+2” руу шилжих гэж байна. Тиймээс бид “Т+3”-ыг сонгоход буруудах зүйлгүй. Хамгийн гол нь маш том тогтолцоог зохицуулдаг учраас хөрөнгийн зах зээл дөнгөж хөгжиж буй манай орны хувьд эхнээс нь зөв эхэлбэл цаашдаа том амжилтад хүрэх боломжтой. Хамгийн чухал нь үнэт цаасны зах зээл өндөр хөгжсөн Япон, Солонгос, Хонконг, Англи орны туршлагыг судалж аль нь манайд тохирох вэ гэдгийг зөв сонгох хэрэгтэй. Мэдээж хоёр, гурван хүний шийддэг асуудал биш учраас өнөөдрийн бага хурлыг зохион байгуулсан, үүнээс зөвлөмж боловсруулан гаргаснаар шийдвэр гаргах нөхцөл бүрдэх байх.
 -“Т+3” зарчим жинхэнэ утгаараа хэрэгжиж эхлэх үед төлбөр тооцооны эрсдэлийг хэрхэн зохицуулах вэ?
-Түрүүн хэлсэнчлэн Монгол Улсад “Т+3” зарчим бүрэн нэвтэрч амжаагүй байна. Тиймээс хуучин зарчмаараа явж байгаа энэ үед дундын эрсдлийг хаах механизм мөн л боловсронгуй болж амжаагүй байна. Тодруулбал, яг өнөөгийн байдлаар бүх эрсдлийг хаах үүрэг нь брокер дээр оччихоод байгаа. Тиймээс бид дундын кастодиан банк, “Си Си Пи” гэх мэтчилэн шинэ байгуулал оруулж ирснээр брокерийн төвшинд төвлөрсөн эрсдэлийг зайлуулах боломж бүрдүүлэх юм. Өөрөөр хэлбэл, брокер дээр эрсдэл байхаар үнэт цаасны зах зээл жижигхэн хэвээрээ байгаа юм. Тиймээс зах зээлээ илүү том болгохын тулд дундын эрсдэлийн тогтолцоог нэвтрүүлэх шаардлагатай.
-Хэрэгжихээр хүлээгдэж буй Үнэт цаасны зах зээлийн тухай хууль өөрч­лөх, шинэчлэх зүйлээ хэр хангалттай хамарсан бол?
-Үнэт цаасны зах зээлийн тухай хуулийг боловсруулах аж­лын хэсэгт ажилласны хувьд аль болох оруулах ёс­той зүйлээ багтаасан гэж үзэж байгаа. Мэдээж хуулиар бус журмаар зохицуулах зүй­лүүд бий. Тиймээс хуульд хэт нарийн зохицуулалт оруу­лаа­гүй. Яагаад гэвэл үнэт цаасны зах зээл өндөр хөгжсөн гур­ван ч орны эрх зүйн загварыг үзэхэд хоорондоо зөрүүтэй гарч байна. Тэгэхээр илүү нарийн зохицуулалтаа жур­ман­даа тусгачихъя, хуулиа аль болох ерөнхий агуулгаар боловсруулах нь зөв юм гэж үзсэн.
-Эдийн засаг хүнд бай­далд орсон өнөө үед Мон­голын хөрөнгийн биржид оролцогчдын тоо хэрхэн өөрчлөгдөж байна вэ?
-Эдийн засагт мөнгө шууд ба шууд бус гэсэн хоёр замаар орж ирдэг. Шууд гэдэг нь хөрөнгө оруулагч тухайн төсөл рүү мөнгөө хийнэ гэсэн үг. Шууд бус гэхээр хөрөнгө оруулалтын сангаар дамжуулж мөнгөө оруулдаг аргачлал. Гэтэл манай улсад шууд бус хөрөнгө оруулалт одоогийн байдлаар бүрэн хөгжөөгүй. Шалтгаан нь өнөөх эрх зүйн орчин, бүхэл тогтолцооны дутагдал, гажуудал. Хөрөнгө оруулалтын сан гэдэг зүйл байхгүй учраас ам.долларын дутагдал үүсч, ханш чангарах, гадаад валютын урсгал зогсож байгаа гэж үзэж болно. Үүнийг зохицуулах заалттай Хөрөнгө оруулалтын тухай хуулийг дөнгөж одоо л УИХ-д оруулж, хэлэлцэж байна.
-Үнэт цаасны зах зээ­лийн тухай хууль 2014 онд хэрэгжиж эхэлнэ. Бэлтгэл ажил хэр ахицтай байгаа бол?
-Бид богино хугацаанд хуулийн бэлтгэл ажил хангах үүрэг авсан. Ерөнхийдөө хуулиа дагаж 22 журам боловсруулах шаардлагатай. Үнэт цаасны зах зээлийн тухай хуулийн журмуудаа хийгээд явж байна. Түүнд өнөөдөр болж буй олон улсын бага хурал ч ач холбогдолтой. Нийт журам боловсруулах ажил маань 90 хувьтай яваа.
-Шинэ хууль батлагд­санаар компаниуд хө­рөн­гийн биржид шинээр хувь­цаа гаргах үйл явц хэр эрчимжих төсөөлөлтэй бай­на вэ?
-Хөрөнгийн биржийн бүрт­гэлийн журам гэсэн зохи­цуулалт бий. Өмнөх хуульд ямар компани Монголын Хө­рөн­гийн биржид  хувьцаа гар­гах эрхтэй, шалгуур хангаж байгаа эсэхийг харгалздаг байсан. Үүнийг бид хэтэрхий хатуу тусгажээ гэж үзэж байгаа юм. Тиймээс шинээр батлагдах хуулийн төсөлд энэ асуудлыг өөрчилж, уян хатан болгож өгсөн. Ингэснээр бүртгэлийн үйл ажиллагаа илүү нээлттэй болж байгаа гэхэд болно.
-Үндэсний статистикийн хорооноос өнгөрсөн найм­дугаар сарын байд­лаар үнэт цаасны зах зээлд орол­цогчид, бэлэн арил­жаа­лагд­сан үнэт цаасны хэмжээ 70-80 хувиар буурсан гэсэн тооцоо гаргасан. Ингэж муудахад хүргэсэн шалтгаан нь юу вэ?
-Үндэсний Статистикийн хорооноос гаргадаг мэ­дээл­лийг миний хувьд боди­той тоо гэж бодож байгаа. Гэхдээ бид эдийн засгийг муу гэж ярихаасаа илүү яаж сайжруулах вэ гэдгээ ярих хэрэгтэй болов уу. Сайжруулах арга зам нь хөрөнгө оруулалтын салбарыг тогтвортой болгох явдал.

Б.Ганбилэг

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан