Долоо хоног бүрийн даваа гарагт Засгийн газрын сайдууд салбартаа хийж буй бүтээн байгуулалтын ажлаа Ерөнхий сайдад тайлагнадаг. Энэ удаагийн уулзалт өмнөхөөсөө илүү өөрөөр зохион байгуулагдаж, Засгийн газраас ажиллуулж буй 11-11 утсанд иргэдээс ирсэн зарим асуултад салбарын сайд нар хариулт өгсөн юм. Орон сууцны болон барилгын материалын үнийн өсөлттэй холбоотой асуулт тус төвд их ирсэн аж. Энэ дагуу Барилга хот байгуулалтын сайд Ц.Баярсайхан хариулт өгөв. Тэрээр “2011 онд барилгын үнэ 30 орчим хувиар нэмэгдэж байсан бол өнгөрсөн онд 27, энэ онд 10-15 хувийн өсөлттэй байгаа. Нийлүүлж буй орон сууц тооны хувьд 2011 онд 11 мянга, 2012 онд 11.4 мянган айлын байр ашиглалтад орсон бол энэ онд 14 орчим мянган айлын орон сууц ашиглалтад орно. Засгийн газраас барилгын материал болон орон сууцны үнийг өсгөхгүйн тулд Замын-Үүдийн нэвтрүүлэх чадлыг нэмэгдүүлэх, барилгын материалын үнийг тогтворжуулах хөтөлбөр хэрэгжүүлсний дүнд харьцангуй тогтвортой байгаа. Манай улс 3.5-4 сая тонн цемент хэрэглэхээс 30 хувь буюу нэг сая орчим тонн цементийг гадаадаас импортоор оруулж ирсэн. Сүүлийн үед импортын цемент нийлүүлэгч компаниуд засварт орж, хэсэг хугацаанд импорт тасалдсан нь цементийн үнийг өсгөсөн. Гэхдээ одоо хэвийн үйл ажиллагаандаа орж импорт үргэлжилж байгаа” гэв. Засгийн газраас жилийн найман хувийн хүүтэй орон сууцны зээлийг иргэдэд олгох шийдвэр гаргаснаас хойш хоёр сар орчмын хугацаа өнгөрч байгаа юм. Зээлийн хүрээнд өмнө олгосон ипотекийн зээлээс 794.6 тэрбум төгрөгийн зээлийг дахин санхүүжүүлэх хүсэлт банкуудад ирж, үүнээс 16122 иргэний хүсэлтийг бүрэн шийдвэрлэж, орон сууцны ипотекийн 451.2 тэрбум төгрөгийн зээлийг дахин санхүүжүүлж, найман хувьд шилжүүлсэн байна. Иргэд 487.4 тэрбум төгрөгийн орон сууцны ипотекийн зээл шинээр авах хүсэлт гаргаснаас банкууд 8129 иргэнд 463.1 тэрбум төгрөгийн орон сууцны зээл шинээр олгохоор шийдвэрлэж өгчээ. Засгийн газраас иргэдийг хямд үнэтэй орон сууцаар хангахын тулд зарим барилгын компанитай гэрээ байгуулан ажиллаж, дэд бүтцийг нь шийдэж өгсөн байна. Ингэснээр Нисэхэд хямд өртөгтэй орон сууц барих ажил хавар эхэлсэн нь далайцтай явж байгаа аж. Мөн 100 айл, Баянзүрх дүүрэгт тус бүр орон сууцны хороолол баригдаж эхэлсэн аж. Эдгээр орон сууц ашиглалтад орж зах зээлд нийлүүлэгдэхээр байрны үнэ буурах тооцоог Барилга хот байгуулалтын яамныхан гаргасан байна. Мөн сүүлийн үед гадаадын иргэд орон сууц худалдан авдаг боллоо, ченжүүд ашиглалтад орж байгаа байрыг олноор авч үнэ хөөрөгдөж байна гэх гомдол нэлээд гарах болсон гэнэ. Үүнтэй холбогдуулж Үл хөдлөх хөрөнгийн бүртгэлийн газраас мэдээлэл авахад нийт орон сууцны 96 хувь нь Монгол Улсын иргэний нэр дээр бүртгэлтэй байгаа бол 2.6 хувь нь аж ахуйн нэгжийнх байсан аж
Мөн Засгийн газраас долоо хоног бүр хийсэн ажлаа тайлагнадаг байсан бол энэ удаа бүтэн жилийн турш хийсэн 400 орчим ажлыг багцлан, томоохон 115 ажлыг эмхэтгэл ном маягаар гаргажээ. Энэ дунд найман хувийн хүүтэй орон сууцны зээл, ТҮЦ машин, оюутнуудыг цалинтай ажиллуулсан зэрэг олон ажлын тайлан багтсан байна.