Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

ИРЭХ САРД ЛИТР ШАТАХУУНЫ ҮНЭ 20-25 ТӨГРӨГӨӨР НЭМЭГДЭХ ҮҮ

Ерөнхий сайд шатахууны үнийг хязгаарласан. Үнэ өсөхгүй хомсдол нүүрлэхгүй хэмээн мэдэгдсэн нь саяхан. Гэвч манай улсын шатахууны хэрэглээний 90 орчим хувийг хангадаг ОХУ экспортолж буй шатахууныхаа үнийг тонн тутамд 15 ам.доллараар нэмжээ. Энэ бол ирэх сард борлуулах шатахууны нэг литрийн үнэ 66 центээр нэмэгдсэн гэсэн үг. Тэгэхээр шатахууны үнийг төгрөгөөр тооцвол литр нь 20-25 төгрөгөөр өсч магадгүй нь.  Хойд хөрш энэ онд улсын төсөвтөө “Уралс” маркийн нефтийн үнийг нэг баррель нь 107 ам.доллар байхаар тусгасан гэдэг. Харин ирэх арваннэгдүгээр сараас зах зээлд нийлүүлэх нефтийн үнэ нь 105 ам.доллар байх гэрээ хэлцэл хийжээ. Дэлхийн зах зээл дээр нэг хэсэг газрын тосны үнэ 10 гаруй ам.доллараар нэмэгдэж явсан. Гэвч эргээд буурч байгаа юм. Энэ нь, Сири улсын асуудалтай холбоотой хэмээн шинжээчид дүгнэж буй. Учир нь, тус улсад АНУ тэргүүтэй орнууд довтлох, цохилт өгөх нөхцөл бүрдээд байсан. Гэтэл энэ асуудал нь шийдэгдэж цохилт өгөхгүй болсон тул өсч байсан газрын тосны үнэ буурч байгаа аж.
Уул уурхайн яамны хангамжийн хэлтсийн дарга Н.Раднаасүрэн манай сонинд саяхан ярилцлага өгөхдөө “Шатахууны 30 хоногийн нөөц бий. Тэгэхээр шатахуун тасрахгүй. Жижиглэнгийн үнэд Засгийн газар, Монголбанк зохицуулалт хийж байгаа” хэмээсэн билээ. Өнгөрсөн хавар Засгийн газар, Монголбанктай хамтарч шатахууны үнийг тогтвортой байлгах хөтөлбөр хэрэгжүүлж эхэлсэн.  Энэ хүрээнд шатахуун импортлогчдод нийт 120 сая ам.долларын хөнгөлөлттэй зээл олгожээ.  Ингээд нэг литр тутамд нь 50 төгрөгөөр хямдарсан билээ. Одоогоор нэг литр  АИ-93 1620, АИ-80 1530, дизелийн түлш 1750 төгрөг байгаа. Саяхан нэг ам.долларын ханш валютын захад 1780 төгрөгт хүрсэн. Харин төв банкны албан ханш 1724 төгрөг болсон. Энэ нь шатахууны үнэ өсөх нэг нөхцөл бүрдсэн гэж  болно.
Иймд шатахуун импорт­лог­чид “Бид алдагдалтай байна. Үнэ нэмье” гэсэн са­нал ШӨХТГ-т гаргасан ч амжилт олоогүй.  Валютын ханшийн өсөлтөөс үүдэн шатахууны үнэ нэ­мэг­дэх эсэх талаар Уул уур­хайн сайд Д.Ганхуягаас тод­руулахад “Гол нэрийн стра­тегийн бүтээгдэхүүний үнэд Уул уурхайн яам Мон­голбанктай форворд хэлэлцээр хийсэн. Тэр нь хоёр сарын хугацаатай валютын ханшийн өөрчлөлтөөс хамаарч ша­та­хууны үнэ хэлбэлзэхгүй байхаар тохиролцсон гэсэн үг. Өөрөөр хэлбэл, өнөөдрөөс эхлэн хоёр сарын хугацаанд валютын ханшийн өөрчлөлтийг харилцан ашигтай зохицуулах форворд хэлцлийг ашиглаж байгаа учраас шатахууны үнэ нэмэгдэхгүй” гэж байлаа.
Харин одоо хойд хөршийн экспортын үнэ нэмэгдсэн нь ирэх сард шатахууны үнийн асуудал дахин хөндөгдөх нь. Харин энэ удаа шатахууны жижиглэнгийн үнийг хэрхэн зохицуулах нь одоогоор тодорхойгүй байна. Урьдын адил валютын хөнгөлөлттэй зээл олгоод шийдчих асуудал арай л биш бололтой. Гэвч эрх баригчид шатахууны үнийг өсгөхгүй тогтвортой барина гэж байгаа тул санаа зовох асуудал биш ажээ.

Газрын тосны орлого 15 хувиар өсчээ

Монгол Улс 2016 он гэхэд жилд хоёр сая тонн газрын тос боловсруулж шатах, тослох материалын хэрэгцээ хангана хэмээж буй. Энэ үйлдвэрийг Дархан хотод Японы “Тоёо ин­женеринг” компанитай хамт­ран байгуулах юм. Уг үйлд­вэрийн техник эдийн засгийн үндэслэл нь бүрэн хийгдсэн бөгөөд энэ жил барилгын ажилд 200 тэрбум төгрөг зарцуулна хэмээн төсөвт тусгасан. Мөн газрын тос боловсруулах, нүүрс шингэрүүлэх, занараас шатахуун гарган авах үйлдвэрийн тоног төхөөрөмж, барилгын тусгай материалыг нь Гаалийн болон НӨАТ-аас чөлөөлсөн байна. Хамгийн гол нь үйлдвэрээ түүхий эдээр хангах асуудлаа шийдвэрлэх үлдээд байгаа. Дорнод аймгаас олборлож экспортолж байгаа газрын тосоо татаж ирээд боловсруулбал бүтээг­дэхүүний өртөг зардал хэт өндөр гарах юм. Иймд хойд хөршөөс газрын тос авах яриа хэлцэл хийж байгаа гэдэг. Өөрөөр хэлбэл, манай улс урд хөршид экспортолж буй газрын тосныхоо хэмжээгээр хойд хөршөөс нөхөж авах аж.  Ямартай ч энэ үйлдвэр ашиглалтад орвол монголчууд бид боломжийн үнэтэй шатахуун хэрэглэх юм. Нөгөө талаар урьд нь хойд хөршөөс шатахууны хараат байсан бол одоо газрын тосны  хараат байдалд орно хэмээн шүүмжилж буй хүмүүс ч бий.
Манай улс эдүгээ гурван талбайгаас газрын тос олборлож Бүтээгдэхүүн хуваах гэрээний дагуу экспортолж буй. Өнгөрсөн онд 2.5 сая баррель газрын тос экспортолсон. Энэ жил 3.38 сая баррель газрын тос экспортолж улсын төсөвт 146 орчим тэрбум төгрөг төвлөрүүлэх тооцоо бий. Уул уурхайн сайдын мэдэгдэж буйгаар энэ онд газрын тосны орлого нь 15 орчим хувиар өсчээ. Жишээлбэл, оны эхний хагас жилд газрын тосноос 59 тэрбум төгрөг төвлөрүүлэх төлөвлөгөөтэй байж. Гэтэл энэ орлого нь 62 тэрбум төгрөгт хүрч давж биелжээ. Үүнээс гадна одоо газрын тосны 17 талбайд хайгуул хийж байгаа ч яваандаа нөөцийг бүрэн тогтоож бүтээгдэхүүн хуваах гэрээ байгуулах аж.

Дэлхийн газрын тосны нөөц 2050 онд дуусна

Дэлхийн хэмжээнд газрын тосны хэрэглээ жил бүр нэмэгдсээр. Тухайлбал, Хятад АНУ, Япон, Энэтхэг гээд газрын тосны хамгийн том хэрэглэгчид хүрээгээ тэлж буй аж. Энэтхэг, Хятад хоёр өдөртөө л 85 сая баррель газрын тос хэрэглэх болсон тооцоог Дэлхийн эрчим хүчний зөв­лөлийн илтгэлд дурьдсан байна.  Энэ хэрэглээ цаашид өсч ирэх гурав дөрвөн жилд өдөрт 200 сая баррель газрын тос ашиглахад хүрэх аж.  Мөн 2020 он гэхэд дэлхийн хэмжээнд газрын тосны хэрэглээ 20 хувиар нэмэгдэх тооцоо бий. Дэлхийн газрын тосны хэрэглээ ийнхүү өсч байгаа тул газрын тосны нөөц 2050 он гэхэд бүрэн шавхагдана хэмээн тус илтгэлд онцолжээ. Газрын тосны нөөц шавхагдах үед байгалийн хий, нүүрс, занар зэрэг ашигт малтмал “моодонд” орно гэж эрдэмтэд үздэг. Сүүлийн гурван жилд дэлхийд илрүүлээд байгаа байгалийн хийн нөөц 3.5 хувь өсчээ. Энэ нь 6-176 их наяд шоо метр байгалийн хийн нөөц нэмж бүртгэгдсэн гэсэн үг ажээ. Байгалийн хийн уг нөөцийг өнөөгийн хэрэглээгээр тооцвол 130 жил ч хангалттай хүрэлцэх юм байна. Манай улсад одоогоор 52 их наяд шоо метр байгалийн хийн нөөцтэй гэдэг.
Монголын хамгийн их баялгийн нэг бол нүүрс. Өнөөдөр манай улсын нүүрсний нөөц 180 тэрбум тоннд хүрээд буй. Эдүгээ ХБНГУ-ын “Тюссен” групптэй хамтарч нүүрс шингэрүүлэх төсөл хэ­рэг­жүүлэх санамж бичиг байгуулсан. Энэ үйлдвэрийн төслийг хэрэгжүүлэхдээ хувийн хэвшлийн үүсгэл санаа­чилгад тулгуурлах юм. Мөн боловсруулсан шатахуун нь стратегийн бүтээгдэхүүн учраас үйлдвэрийн 51 хувийг нь төр эзэмшихээр шийдвэрлэсэн. Нүүрс шингэрүүлэх үйлдвэр дэлхийн зах зээл дээр нэг баррель нефтийн үнэ 60-70 ам.доллараас илүү то­хиол­долд үр ашигтай ажил­­ладаг хэмээн зарим суд­лаа­­чид хэлдэг. Тэгэхээр бид нүүрснээс шатахуун гаргаад экспортолдоггүй юм аа гэ­хэд дотоодын хэрэгцээгээ хан­гаад байх бололцоо бий аж.  ӨАБНУ эдүгээ нүүрс шингэрүүлж дотоодын ша­та­хууны хэрэгцээгээ хү­рэн хангадаг билээ. Мөн Хя­тад, АНУ зэрэг улс нүүрс шин­гэрүүлэх үйлдвэр хэд хэдийг байгуулаад эхэлсэн байна.  
Дэлхийд занарын  10 их наяд тонн нөөц бий гэж судлаачид үздэг.  Энэ нь нүүрсний нөөцөөс 1.5 дахин их юм. Занарт агуулагдаж байгаа  нийт тосны нөөц нь 411 тэрбум тонн буюу 2.9 их наяд баррель гэж тогтоосон байна. Энэ бол дэлхийн газрын тосны нөөцтэй харьцуулбал 50 хувиар их гэсэн үг. Үүнээс харахад занар нь эрчим хүчний томоохон эх үүсвэр гэдэг нь тодорхой юм. Монгол орны хувьд занарын хайгуул судалгаа нэлээд хийж ирсэн. Иймд одоогоор шатдаг занарын 12 сав газар, 40 гаруй орд, илрэл байгааг тогтоожээ. Ингээд 788 тэрбум тонн занар агуулсан 312 мянган ам км талбай байна.
Үүний занарын тосны нөөц нь 23 тэрбум тонн гэж урьдчилан тооцжээ. Гоелогичид Монгол орны нутаг дэвсгэрт бүрэн хэмжээний хайгуул, судалгааны ажил хийвэл дээрх нөөц нэмэгдэх бололцоотой хэмээдэг. Сүү­лийн жилүүдэд занар бо­ловсруулж газрын тос­ны бүтээгдэхүүн гаргах та­­лаар нэлээд ярих болсон. Ту­хайлбал, занар, нүүрсний дав­харгын метан хий, бай­галийн битум, тослогт элс зэрэг уламжлалт бус газрын тос  боловсруулах асуудлын  хууль, эрх зүйн орчныг бүрдүүлж хөрөнгө оруулагчдыг дэмжинэ гэж байгаа билээ. Өөрөөр хэлбэл, Газрын тосны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд энэ талаар тодорхой тусгажээ.  Одоогоор Францын “Тотал”, АНУ-ын “Жени Ойл Шейл Монголиа” компаниуд занар боловсруулж шингэн болон хийн түлш үйлдвэрлэх хүсэлт гаргаад буй. Ингээд АНУ-ын “Жени Ойл Шейл Монголиа” компанитай “Шатдаг занарыг газрын гүнд  “in-situ”  аргаар боловсруулж, нийлэг хийн конденсат гаргах боломжийг тодорхойлох су­дал­гааны ажлын гэрээ” бай­гуулсан  байна. Өөрөөр хэл­бэл занарыг газрын гүнд ха­лааж шингэрүүлээд соруулж авах технологийн туршилт хийх болсон юм.  Эдгээрээс гадна дотоодын “Монголын Алт”, “Нарантуул трейд” зэрэг компани ч занарын хайгуул, судалгааны ажил хийж байгаа ажээ.
Хэрэв дээрх үйлдвэрүүд бүгд ажил хэрэг болж бү­тээг­дэхүүнээ гаргаад эхэлвэл мон­голчууд шатахууны үнэд дар­луулахгүй, харин ч шата­хуун экспортлох бололцоо бүрдэх аж. Харин ийм цаг үе хэзээ ирэхийг хүлээгээд  суухаас өөр сонголт өнөөдөр бидэнд даанч алга.
Т.Жанцан

0 Сэтгэгдэл
Ээлжит бус чуулганаар хуссэнээ хийхийн тулд энэ ЗАСАГ унийг хучээр тур барьж байгаа. Ингэж л ИРГЭД БИДНИЙГ хуурдаг хумуус дээ.
Ээлжит бус чуулганаар хуссэнээ хийхийн тулд энэ ЗАСАГ унийг хучээр тур барьж байгаа. Ингэж л ИРГЭД БИДНИЙГ хуурдаг хумуус дээ.
Хамгийн их уншсан