“Forbes” сэтгүүлээс дэлхийн хамгийн баян хүмүүсийн жагсаалтыг гаргажээ. Жагсаалтын үзүүр түрүүг Мексикийн Карлос Слим, Америкийн Билл Гейтс хоёр эзэлсэн хэвээр. Энэ жагсаалтад орсон хүний тоогоор Америк уламжлал ёсоор “тасархай” түрүүллээ. Тэрбумтнуудын тоогоор Америкт ойртож очих улс ойрын хэдэн жил гарахгүй гэчихвэл хэтрүүлэг болохгүй байх. Гэхдээ л тив болгонд өөрийн гэсэн баячууд байна. Жишээлэхэд, Латин Америк буюу Өмнөд Америк.
Энэ тивийн орнуудад Слим эсвэл Гейтстэй хөрөнгө чинээгээрээ “арцалдах” баян хүн байхгүй ч хөрөнгийн хэмжээ нь тэрбум ам.доллар давсан баячуудын тоо нь хэдхэн жилийн дотор огцом нэмэгдсэн болохоор анхаарч үзүүштэй юм.
Тухайн улсад байгаа тэрбумтнуудын тоо нь улсаас эдийн засагтаа явуулж байгаа зах зээлийг нээлттэй, чөлөөтэй болгоход чиглэсэн арга хэмжээ, гадаадын хөрөнгө оруулалтыг дэмжиж байгаа түвшин, хууль зүйн тогтвортой орчин бүрдсэн эсэхээс шууд хамааралтай гэдэгт дийлэнх судлаач санал нийлдэг. Тиймээс Өмнөд Америкийн орнууд энэ бүх шаардлагыг сайн хэрэгжүүлж байгаа болохоор л тэрбумтнуудын тоо нь өсөөд байгаа хэрэг.
Үүний хамгийн том жишээ нь Перу. Ердөө 10 жилийн өмнө дэлхийн хамгийн баян хүмүүсийн жагсаалтад ордог перу хүн гэж огт байгаагүй. Өнгөрсөн жил буюу 2012 онд ердөө хоёр перу хүн дэлхийн хамгийн баян хүмүүсийн жагсаалтад багтдаг байв. Гэтэл энэ жилийн жагсаалтад Перугийн 10 тэрбумтан орсон байна. Тэдний хөрөнгө нь 1,35 тэрбум ам.доллараас 6,1 тэрбум ам.доллар хүртэл.
Энэ улсын хамгийн баян хүн болох Эдуардо Бельмонт Андерсон гоо сайхны бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг “Belcorp” компанийн эзэн бөгөөд 6,1 тэрбум ам.долларын хөрөнгөтэй гэдгээрээ жагсаалтын 195 дугаарт багтаж байгаа. Бусад есөн тэрбумтан нь уул уурхай, банк, хэвлэл мэдээлэл, сүүний үйлдвэрлэлийн салбарт үйл ажиллагаа явуулдаг.
Эдийн засаг, хууль зүй, гадаадын хөрөнгө оруулалтыг дэмжих тал дээр ухаалаг бодлого явуулсан өөр нэг улс нь Чили. Энэ улсын 14 тэрбумтан дэлхийн хамгийн хамгийны жагсаалтад багтсан байна. Нэгдүгээрт нь, Ирис Фонтонбана гэдэг эмэгтэй орж байна. Энэ эмэгтэй нь зэс олборлолтоороо дэлхийд тэргүүлдэг “Antofogasta” компанийн эзэн. Түүний хөрөнгийн хэмжээ 17,4 тэрбум ам.доллар.
ДНБ-ий хэмжээгээрээ Өмнөд Америкт гуравдугаарт бичигддэг Аргентин нь таван супер тэрбумтантай. Нэгдүгээрт нь, Аргентиндаа хоёрдугаарт ордог газрын тос, шатдаг хий олборлолтын “Bridas” компанийг эзэмшдэг Бульгеронийн гэр бүл. Энэ гэр бүлийн хөрөнгийн хэмжээ 5,5 тэрбум ам.доллар бөгөөд супер баячуудын жагсаалтад 219 дүгээрт оржээ. Тавдугаарт нь орж байгаа эмийн бэлдмэл үйлдвэрлэдэг “Roemmers” лабораторийн эзний хөрөнгийн хэмжээ 1,1 тэрбум ам.доллар.
Эндээс бас нэг сонин зүйл гарч ирнэ. Аргентины тэрбумтнуудын нийт хөрөнгийн хэмжээ болох 11,1 тэрбум ам.доллар гэдэг нь Чилийн супер баячуудын нийт хөрөнгийн ердөө 1/6, Перугийн тэрбумтануудын ½ 1/2-той дүйж байгаа юм.
Латин Америкт ийм олон тэрбумтан гарч ирэхэд нөлөөлсөн олон шалтгааны заримаас дээр дурдсан. Үүн дээр даяарчлал, эдийн засгийн хараат бус байдал гэсэн хоёр зүйл нэмэгдэнэ. Ингээд ирэхээр компаниуд нь өндөр ашиг олохын тулд зөвхөн дотоодын зах зээлдээ хавчигдаж суух нь ирээдүйгүй гэдгийг ойлгоод дэлхийн зах зээл дээр байлдан дагуулалт хийх стратеги боловсруулж эхэлсэн хэрэг юм.
Шинээр төрсөн дийлэнх тэрбумтан нь бизнесийн хүрээгээ хилийн чанад руу тэлсний хүчинд хэтэвчээ зузаалж чаджээ. Чилийн 14, Перугийн 10 тэрбумтан нь төрөөс ямар нэг дэмжлэг, хөнгөлөлт огт аваагүй. Зүгээр л дэлхийн зах зээл дээр гарч өрсөлдөхөөс айгаагүй хэрэг.