“Кино бүтээл дундаас намтарчилсан кино хийх хамгийн хэцүү байдаг.Тухайлбал үзэгчдэд гол баатрын гадаад төрхөн дээр өчүүхэн л алдаа гарасан санагдахад бидний нөр их хөдөлмөр зүйгээр хумхын тоос шиг алга болно. Нөгөө талаас үнэхээр сайн бүтээж чадвал хүмүүсийн сэтгэлд үүрд үлддэг” хэмээн нэрт найруулагч Стивен Спилберг хэлж байсан. Тэгвэл бидний ирэх жил заавал үзэх ёстой киноны тоог “Морган Грик” болон “Эммет” кино компани нэгээр нэмлээ. Тэд алдарт реппер Түпак Шакурын тухай намтарчилсан уран бүтээлийг ээж Афини Шакурын хүсэлтээр хийхээр судалгааны ажилдаа оржээ. Кино бүтээгчид өчигдрийн мэдээлэлдээ санхүүжилтийн талаарх гэрээ хэлэлцээр эцсийн шатандаа явж буйгаа хэлээд дараа жилийн эхээр Атлантд анхны зураг авалтын эхлээд ондоо багтаж үзэгчдэд хүргэх төлөвлөгөөтэй байгаа гэнэ.