Дархан-Уул аймгийн Шарын гол сумын зөгийчин н.Өлзийдэлгэртэй зөгийн аж ахуйн талаар ярилцлаа.
-Манай улс хэдэн тоо толгой зөгийтэй вэ?
-Зөгийн тоо толгой сүүлийн жилүүдэд өсч байна. Зөгийчид ч олширлоо. Манай улс нийт 5000 орчим бүл зөгийтэй болсон. Өмнө нь, дөрөв, таван зуун бүл зөгий байсан. Манай улсад гурав дөрөвхөн эх зөгийчин бий. Зөгийн тоо толгой ингэж өсөхөд олон улсын байгууллагууд нэлээд тусалсан юм. Тэд л зөгий үржүүлдэг. Гэхдээ манай зөгийнүүд цус ойртож, маш олон төрлийн өвчин гарах боллоо. Тухайлбал хачиг, шохойжилт, өндгөвчний үрэвсэл гээд хүнд хэлбэрийн өвчин гараад байна. Тиймээс Оросоос зөгий оруулж ирээд цус сэлбэж байгаа. Нэг цус сэлбэсэн байхад 10 жил санаа зоволтгүй л дээ.
-Нэг бүл зөгий хэдэн тоо толгойтой байдаг вэ?
-Олон л доо. Нэг хатан зөгий өдөрт 1500-2000 өндөг гаргадаг. Энэ нь 21 хоноод ажилд орж үйлдвэрлэл явуулдаг юм. Хатан зөгий 3-5 жил насалдаг. Нэг хээл авчихвал 3-5 жил өндөглөнө. Эр зөгий хатан зөгийг хээлтүүлэх үүрэгтэй. Хээлтүүлэг дуусахаар наймдугаар сар гээд үүрнээсээ хөөдөг. Яагаад гэвэл эр зөгий бал их иддэг юм.
-Улсын хэмжээнд жилд хэдэн тонн бал авдаг юм бэ?
-Манай улс урд нь жилд 60 тонн бал авдаг байсан. Одоо 200 гаруй тонныг авдаг болоод байгаа. Манайхан л зөгийнөөс ганцхан бал авдаг байсан. Одоо дайвар бүтээгдэхүүн болох цэцгийн тоос, эр зөгийний шингэн, ханд зэрэг бэлдмэл хийдэг болсон. Мөн балаа олон төрлөөр авдаг. Жишээлбэл, миний зарж байгаа бал хоёр янз. Наймдугаар сарын бал нь мангир голлож хураасан юм.
-Та жилд хэдий хэмжээний бал авдаг вэ. Борлуулалт ямар байна?
-Манайх 25-31 бүл зөгий малладаг. Бал хамгийн бага хураалаа гэхэд жилд 600 кг болно. Дээд тал нь нэг тонн бал цуглуулдаг юм. Байгалийн цэвэр бүтээгдэхүүн болохоор борлуулалт сайн. Нэг кг балаа 20-25 мянган төгрөгөөр зардаг. Гадаадаас оруулж ирдэг зөгийн балнаас хямдхан л даа.
-Жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих зээл авч байв уу?
-Олддоггүй юм. Яагаад гэвэл үндсэн хөрөнгө шаарддаг. Зөгийг асар их бүтээгдэхүүн өгдөг үржил шимтэй гэдгийг нь албаныхан ойлгодоггүй. Ингээд л зээл өгөхөөс татгалздаг. Миний хувьд зээл хөөцөлдөөд төсөл бичиж өгөөгүй газар бараг байхгүй. Сум хөгжүүлэх сангаас зээл авах гэхээр танил талдаа өгөөд мань мэтэд ногддоггүй юм. Би хоёр жил хөөцөлдөж байж саяхан таван сая төгрөгийн зээл авсан. Тэгээд нэг сая төгрөгөөр үржлийн гурван зөгий л авлаа. Одоо үржлийн долоон зөгий авах шаардлагатай байгаа. Надаас зөгий авах гэж маш их захиалга ирсэн. Гэвч үржлийн зөгий цөөхөн болохоор биелүүлж амжаагүй. Үүнээс гадна маллаж байгаа зөгийндөө цус сэлбэлт хийх цаг нь болсон. Гэтэл сумандаа байдаггүй хүмүүс сумын сангаас 15 сая төгрөгийн зээл авсан байдаг юм билээ.
-Нэг хайрцагтай бүл зөгийг ямар үнээр зардаг юм бэ. Нэг бүл зөгийнөөс хэдий хэмжээний бал хурааж авах бол?
-Бал хураадаг үйлдвэрлэлийн зөгий нь 750-800 мянган төгрөгийн үнэтэй. Үржлийнх нь бүрч үнэтэй. 10 бүл зөгийтэй байхад жилд чамгүй ашиг олно. Нэг бүл зөгийнөөс хамгийн багадаа 30 кг орчим бал цуглуулж авна. Ер нь, маллагаанаас их шалтгаалдаг. Үүнээс гадна цэцгийн тоос, жилин гээд дайвар бүтээгдэхүүн нэлээд авна. Түүнийг нь эмчилгээнд ашигладаг. Зөгийг байгалийн нисдэг эмч гэдэг юм. Монголчууд өнөөдөр зөгийнөөс гардаг олон бүтээгдэхүүнээс гурав, дөрвийг л авч ашиглаж байгаа.
-Монголчууд жилд хэдий хэмжээний зөгийн бал хэрэглэдэг юм бол. Энэ талаар тооцоо бий юү?
-Монголчууд жилд 600 орчим тонн зөгийн бал хэрэглэдэг. Манай зөгийчид одоохондоо 200 гаруй тонныг нь бэлтгэдэг. Үлдсэнийг нь Пакистан, Хятадаас оруулж ирдэг юм. Ялангуяа Хятадаас орж байгаа зөгийн балны дийлэнх нь хиймэл байдаг л даа. Хамгийн гол нь төр засаг зөгийн аж ахуйг дэмжих ёстой гэж бодож байна. Үүний тулд гадаадаас оруулж ирдэг зөгийн балыг өндөр татвартай болгох