Францад баталсан шинэ хуулиар 16-аас доош насны охидыг ямарваа гоо сайхны тэмцээнд уралдаанд оролцуулахыг хоригложээ. Бага насны охидыг гадаад үзэмжээр дүгнэх нь зохисгүй гэдэг үндэслэлээр энэ хуулийг баталжээ. Учир нь, зарим гоо сайхны брэнд болон сэтгүүл бага насны охидыг фото моделиор ажиллуулахдаа яг л насанд хүрсэн эмэгтэй шиг хувцаслаж, нүүрийг нь будаж, бас тэдэн шиг аяглахад хүргэж байгаа нь эргээд түүнийг үзэж харж байгаа охидод буруу үлгэр дуурайл үзүүлж, өөрсдийгөө голох эсвэл хурдхан өсч том болох хүсэлд автуулж байна гэж Францын хууль тогтоогчид үзжээ.
Хуулийг санаачилсан парламентын гишүүн Жоуанно хэлэхдээ “Бид охидуудаа ийм жаахан наснаас нь эхлэн гадаад үзэмжээр үнэлдэг арилжааны ертөнцөд дасгаж болохгүй” гэсэн байна.
Загварын “Vogue” сэтгүүл 2010 оны нэгэн дугаартай 10 настай охидыг нүүрний зургийн моделиор сонгохдоо бариу даашинз, өндөр өсгийт өмсүүлж, үнэт эдлэл зүүлгэсэн нь уншигчдын таалалд нийцсэн гэхээс илүү шүүмжлэл дагуулсан юм.