Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Н.Янжмаа: Манай инженерүүд гүтгэлгээс залхаж байна, хувийн хэвшилтэй хамтаръя гэдэг


“Цахилгаан тээвэр” компанийн дотоод хяналт, шалгалтын газрын дарга, эдийн засагч Н.Янжмаатай ярилцлаа.

-Нийтийн тээврийг ал­даг­далтай салбар гэдэг. Яагаад алдагдалгүй ажил­лаж болдоггүй юм бэ?
-Олон шалтгаантай л даа. Нийтийн тээврийн үйл­чил­гээний үнэ тарифыг тогтоод өгчихдөг. Нэг зорчигч тээвэрлэхэд гарах бодит зардлыг бүрэн нөхөж өгөхдөө тарифын алдагдлыг тооцдоггүй. Нөгөөтэйгүүр, хамгийн чухал асуудал нь төрийн болон хувийн хэвшлийн байгууллагын нийгмийн даат­галын шимтгэлийн ялга­вартай төлөлт. Жишээ нь, тө­рийн компаниуд сард дунджаар 70-80 сая төгрөгийн шимтгэл  нийгмийн даатгалын газарт төлдөг бол хувийн хэвшлийнхэн  10-30 сая төгрөг  төлдөг. Энэ нь, ажилчдынхаа цалин хөлсийг үнэн зөв бодож, нийгмийн даатгалын шимтгэлийг нь бүрэн тооц­доггүй, цалинг дунджаар 250 мянган төгрөгөөр тооцон шимтгэл төлдөгтэй холбоотой гэж үзэж байна. Хэдий тухайн цаг үедээ л болж байна гэдэг ч энэ нь  ажилчдад хохиролтой шүү дээ. Харин төрийн өмчийн компаниуд ажилчдынхаа цалинг олгохдоо шагнал урамшууллыг нь хүртэл бүрэн оруулж, нийгмийн даатгалын шимтгэлээ төлдөг учраас нийт зардлын 55 хувийг нь цалин, нийгмийн даатгалын шимтгэл эзэлдэг. Мөн нийт зардлын 30 орчим хувийг эзэлдэг шатахууны үнэ үе үе нэмэгдэж байгааг хэн хүнгүй мэднэ.

-Эдгээр асуудал нө­лөөлд­­гөөс алдагдалтай ажил­ладаг гэсэн үг үү?
-Энэ мэт асуудлууд нийтийн тээврийн бизнесийн орчинг алдагдалтай ажиллахад хүр­гэж байна. Хэдий ний­тийн тээвэр ал­дагдалтай салбар гэдэг ч бид энэ үгтэй эвлэрэхийг хүсдэггүй. Аль боломжоороо шинийг санаачлан алдагдлаа багасахын тулд олон арга зам эрэлхийлдэг гэдгээ хэлмээр байна. Тиймээс төрөөс анхаарч үйлчилгээний тарифыг нэмэх юм уу, алдагдлыг нөхөж өгөх эсвэл  нийгмийн даатгалын шимтгэлд төлөх мөнгийг  шийдвэрлэж  өгч  байвал  нийтийн тээврийн асуудал арай л эерэг болох байх.

-Нийслэлийн Засаг дар­гын захирамжаар найм­дугаар сарын 24-31 хүртэл троллейбус үнэ төлбөргүй иргэдэд үйлчилсэн. Гэхдээ үнэгүй явуулсаны нөхөн олговор нь хэт өндөр гэж шүүмжлэх хүмүүс байсан?
-Манай компани Засаг даргын захирамжийн дагуу хоёр ч удаа иргэддээ үнэ төлбөргүй үйлчилсэн. Гэхдээ бид нөхөн олговор авчихна гээд зөнд нь орхиогүй. Үйлчилгээгээ чанартай, догол­долгүй явуулахын тулд бүх ажилчид өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж, парк  ашиглалтыг 100 хувьд хүргэх, зохион байгуулалтын арга хэмжээ авч ажилласан. Тийм ч болохоор Засаг даргын өгсөн үүрэг даалгаврыг амжилттай биелүүлсэн гэж үзэж байна.  Энэ  ажлыг  удирдан зохион байгуулах комисын даргаар ажилласан хүний хувьд ажил хийж  байгаа нэгийгээ  зөв талаас харж, дэмжихийн оронд хэвлэл мэдээллийн хэ­рэгс­лээр гүтгэсэн, ташаа мэ­дээ­лэл цацаж байгаад үнэхээр их харамсч байна. Харин ч ажлын өдөрт ажилладаг трол­лейбусныхаа  тоог 1.5  дахин нэмэгдүүлсэн. Өдөрт  гурван чиглэлд 50 гаруй троллейбус үйлчилгээнд гарган, нийтдээ 4500 орчим цаг гүйцэтгэсэн. Зорчигч урсгалын судалгаа гаргахад 529.694 хүн тээвэрлэн нэг зорчигчийг  дунджаар 138 төгрөгөөр тээвэрлэсэн  нь харин ч бага төсвөөр нийтийн  тээврийн үйлчилгээ  үзүүлсэн  тооцоо гарсан.

-Найм, есдүгээр зорчигч ихтэй, нийтийн тээврийн салбарын оргил үе байдаг?
-Тийм ээ. Жилийн 360 гаруй хоногийн наймдугаар са­рын  23-31-нийг хүртэлх ху­га­цаа нь  хүн урсгалын ор­гил үе буюу хамгийн өндөр  орлоготой  байдгийг нийтийн тээврийн салбарт 25 жил  санхүү тооцооны ажил  хийж буй хүний хувьд  сайн мэдэж байна. Би ганцаараа ч мэдэмхийрээд байгаа юм биш. Нийтийн тээврийн салбарт ажилладаг бүх  хүн л мэднэ. Энэ  үед  үнэ төлбөргүй үйлчилсэн нь бидэнд  алдагдалтай байсан. Гэсэн ч  иргэдээ хүндэлж үнэ  төлбөргүй үйлчилгээ  үзүүлсэн. Нөгөөтэйгүүр, замын ачааллыг хөнгөвчилж, хүмүүсийн ажлын  бүтээмжийг нэмэгдүүлсэн цагаа олсон ажил болсон.

-“Цахилгаан тээ­вэр” ком­­пани залуу инже­не­рүүд­дээ түшиглэн нийтийн тээв­рийн салбарт дуобус үйлд­вэрлэж байсан нь саяхан. Харин одоо монбус үйлд­вэрлэхээр ажиллаж байгаа гэж сонссон?
-Тийм ээ. Манайх өмнө нь Цэвэр агаар сан, Зам тээврийн яамны гэрээт  цахилгаан машинуудыг үйлд­вэрлэж, үйлчилгээнд гарга­сан. Одоо нийслэлийн Засаг даргатай байгуулсан “JEA-800”  маркийн 10 монбус үйлдвэрлэх ажилдаа ороод байна. Ашиглалтын зардал нь автобуснаас 10 дахин бага, агаар бохирдуулахгүй, өндөр технологийн энэ төрлийн тээврийн хэрэгслийн үнэ дэлхийн зах зээлд 250.000-1.2 сая ам.долларын үнэтэй байдаг. Харин манай компани 150 мянган ам.долларт багтаан үйлдвэрлэж, өндөр мэргэжлийн ажилчдад ажлын байр олноор  бий болгож, эх орондоо ихийг бүтээх  залуу  сайн  инженерүүдийг  бэлтгэж байгаад төр түмэн олон минь талархах хэрэгтэй шүү дээ. Заримдаа  манай  инженерүүд  энэ их дарамт, гүтгэлгээс  залхаж байна, өндөр технологийн төслөө хувийн хэвшилтэй хамтран хэрэгжүүлбэл яасан  юм бэ гэж ярьдаг. Гэвч хувийн компани  ашгаа тооцохоор давхар хөдөлгүүрт энэ машин дор хаяж 250 мянган ам.доллараас доош  үнэлэгдэхгүй болов уу гэж  эмээж байна.
-Бүх автобус, трол­лейбусаа буудал зарлагчтай болгох ажил юу болов?
-Ажил эхэлсэн. Бүх троллейбус, автобусаа авто­мат буудал зарлагч системтэй болгож, GPS-ийн бүртгэл хяналтын  удирдлагын нэгд­сэн системд оруулах юм. Түүнч­лэн төлбөрийн эко картыг туршин нэвтрүүлэхээр ажил­лаж байна. Тээвэр зохион байгуулалтын  загвар менежменттэй нийтийн тээв­рийн компани  болох зо­рилттой  ажиллаж байна даа.

-Хэнээс ч хараат бу­саар өөрсдөө автобусаа үйлд­вэрлэж, алдагдалгүй ажил­лахын тулд үйл ажил­лагаагаа яаж сайжруулах ёстой юм бол?
-Социализмын үед нийтийн тээвэрт онцгой анхаарч  онгоц, галт тэрэг,  автобусны жолооч нарыг өндөр төвшинд бэлтгэж, өндөр хөлсөөр цалинжуулан нийгмийн асуудлыг нь шийдвэрлэдэг байсан. Харин өнөөдөр нийтийн тээвэрт тогтвор суурьшилтай, үр бүтээлтэй ажиллуулах нөхцөл бололцоо, шаардлагыг хангаж  чадах тэр бизнесийн орчинг бүрдүүлж чадахгүй байна. Эхний ээлжинд дээрх асуудлыг шийдвэрлэж байж нийтийн тээврийн үйл ажиллагаа сайжирна гэж боддог.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан