Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Н.Раднаасүрэн: Бензиний 30 гаруй хоногийн нөөц байгаа, хомсдол үүсэхгүй


АИ-92 бензин өчигдөр зарим шатахуун түгээх станцаар тасарсан байдалтай өнжлөө. Тухайлбал, 11 хороололд байрлах ШТС, Баянбүрдэд байрлах Жаст ойлын ШТС-д АИ-92 бензин байсангүй. Ямар учиртайг тодруулахад “Мэдэхгүй. Цаанаасаа ирэхгүй байгаа” гэх мэдээллийг түгээгч нар өгч байв. Мөн өчигдөр УИХ-ын Эдийн засаг болон Байгаль орчин, хүнс хөдөө аж ахуйн байнгын хорооны хуралдаанд МАН-ын бүлгийн гишүүд Уул уурхайн сайд Д.Ганхуягт хандаж “Тариаланчид шатахуунаа жижиглэнгийн үнээс өндөрөөр худалдаж авч байна. Шатахууны нөөцгүйгээс үүдэн ийм байдалд хүрсэн юм биш үү” гэсэн асуултыг тавьж байлаа. Тэгвэл шатахууны хэд хоногийн нөөц байгаа талаар Уул уурхайн яамны Хангамжийн газрын дарга Н.Раднаасүрэнтэй 18 цагийн орчимд холбогдож тодруулсан юм.

-Шатахуун түгээх зарим станцад АИ-92 бензин тасарсан байна. Ер нь, шатахууны хэд хоногийн нөөц байгаа вэ?
-Өнөөдрийн байдлаар 30 гаруй хоногийн шатахууны нөөц бий. Тасрах ёсгүй дээ. Зарим ШТС-д агуулахаас нь бензин буугаагүйгээс дууссан байж болно шүү дээ.
-Ер нь, ам.долларын ханшаас болж шатахууны үнэ өсөх магадлал байгаа юу. Нефть импортлогч компаниуд шатахууныхаа үнийг өсгөх тухай хүсэлтээ салбарын яаманд тавьсан гэх мэдээлэл байна?
-Үүнд зохицуулалт хийж байгаа. Ам.долларын ханшийн өсч хэд хүрснийг та бүхэн мэдэж байгаа. Үүнээс үүдээс шатахууны үнэ өсөх нөхцөл бүрдсэн. Нефть импортлогч компаниуд шатахууныхаа үнийг нэмье, алдагдалтай бай­на гэх хүсэлт гаргаж бай­гаа. Гэхдээ Засгийн газар, Монголбанктай хамтраад үүнийг зохицуулж байна.
-Дизель түлшний хомс­дол бий болж, тариаланчид жижиглэнгийн үнээс өнд­рөөр худалдаж авч байна гэж байсан. Энэ үнэн үү?
-Газар тариалангийн компаниуд гэрээ хийгээд явж байгаа. Хомсдол үүсэх нөхцөл бүрдээгүй. Бид өдөр бүр гаалиас мэдээ авч байна. Хэдий хэмжээний шатахуун орж ирж байна гэдгийг өдөр тутам анхаарч байгаа. Энэ мэдээллээс харахад урьдын адил хэвийн байгаа. Тэгэхээр хомсдол үүсэхгүй гэж ойлгож болно.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан