Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Хөрөнгө оруулалтын тухай хуулийн төслийг дэмжлээ

УИХ-ын Эдийн засаг болон Байгаль орчин хүнс хөдөө аж ахуйн байнгын хороо хуралдсаны дараа Эдийн засгийн байнгын хороо үргэлжлүүлэн хуралдаж Засгийн газраас санаачлан боловсруулж өргөн мэдүүлсэн Хөрөнгө оруулалтын тухай хуулийн төсөл, Гадаадын хөрөнгө оруулалтын тухай хуулийг хүчингүй болсонд тооцох тухай, Стратегийн ач холбогдол бүхий салбарт үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгжид гадаадын хөрөнгө оруулалтыг зохицуулах тухай хуулийг хүчингүй болсонд тооцох тухай, тэдгээрийг дагалдан зарим хууль, тогтоомжид нэмэлт, өөрчлөлт оруулах тухай төслүүдийн хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцлээ.
Засгийн газрын гишүүн, Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаяр хуулийн төслийн талаар хийсэн танилцуулгадаа, энэ оны гуравдугаар улирлаас эхлэн хөрөнгө оруулалтын хэмжээ багасч эхэлсэн бөгөөд оны эхний хагас жил гэхэд жилийн өмнөх мөн үетэй харьцуулахад 42 гаруй хувиар буураад байна. Гадаадын шууд хөрөнгийн дотоод эдийн засаг уруу чиглэсэн урсгал буурахад дэлхийн эдийн засгийн байдал, дотоод дахь хууль эрх зүйн зохицуулалт, зарим шинэчилсэн хуулийн төслийн хэлэлцүүлэг зэрэг хүчин зүйл нөлөөлсөн гэж судлаачид үзэж байна. Иймд гадаадын хөрөнгө оруулалтыг тогтвортой байдлаар татах, эрх зүйн өнөөгийн зохицуулалтыг илүү сайжруулан хөнгөвчлөх шаардлагын үүднээс уг хуулийн төслийг санаачлан боловсруулснаа дурдав.
   Хөрөнгө оруулалтын тухай энэхүү хуулийн төсөлд хөрөнгө оруулалтыг гадаад, дотоод гэж ялгаварлахгүй нийтлэг эрх зүйн зохицуулалт, хамгаалалт, баталгааг бий болгох, хөрөнгө оруулалтын бодлого, эрх зүйн орчныг тогтвортой байлгах үүднээс энэ хуульд өөрчлөлт оруулах асуудлыг УИХ-ын гишүүдийн гуравны хоёроос доошгүйн саналаар шийдвэрлэж байх, стратегийн салбар гэж тусад нь ялгахгүй байх, хөрөнгө оруулалтыг бүртгэлийн журмаар зохицуулах бөгөөд 100 мянган ам.долларын босгыг хэвээр хадгалах, харин төрийн өмчит гадаадын хөрөнгө оруулалтын хөрөнгийн хэмжээ тухайн аж ахуйн нэгжид 25 хувиас дээш гаргах тохиолдолд эрхэлсэн яамнаас зөвшөөрөл олгож байхаар тусгажээ. Түүнчлэн гадаад, дотоодын хөрөнгө оруулалтыг татахын тулд төслийн үр ашиг дээр тулгуурлан тодорхой хугацаанд татварыг нь тогтворжуулах, тухайлахад хөрөнгө оруулалтын хэмжээ нь 15 тэрбум төгрөгөөс давсан, эдийн засгийн хөгжилд нийцтэй, байгаль орчинд ээлтэй, шинэ технологи нэвтрүүлсэн, ажлын байр нэмэгдүүлсэн төслүүдэд 5-10 жилийн хугацаанд зарим татварын хувь хэмжээг тогтвортой байлгахаар тусгасан байна.
Энэ хуулийн төслийг хэлэлцэх үед урт нэртэй хуулийг хэлэлцсэн шиг эсэргүүцэлтэй тулгарсангүй. Гэхдээ энэ хуулийг байнгын хорооны гишүүд дэмжихээ илэрхийлж, ажлын хэсэг байгуулах нь зүйтэй гэсэн байр суурь илэрхийлж байсан юм. Ингэснээр ажлын хэсгийг УИХ-ын гишүүн Д.Зоригт ахлахаар боллоо.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан