Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Мөнгөний ном буюу мөхөж буй соёл

Ээж маань хүүхэд ахуйдаа үеийн нөхдөөсөө илүүтэй номтой нөхөрлөх нь их байсан гэдэг. Өвөө, эмээд загнуулан байж “Хөнжил дотроо хүжийн гэрэлд ном уншдаг байлаа” гээд ярихад нь тоглож буй мэтээр ойлгодог байснаа нуух юун. Хожмоо ээж, аавынхаа үеийн олон ч ах эгч нартай хөөрөлдөн суухад хүжийн гэрэлд ном уншдаг гэх яриа дэгсдүүлсэн биш болохыг мэдсэнсэн. Нэгэн танил маань дунд сургуульд байхдаа номноос салдаггүй байж л дээ. Аргаа барсан ээж нь уурлаж “Орондоо хэвтэж ном уншвал хараанд чинь муу” хэмээн загнаад номыг нь авах гэж оролдоход угаалгын өрөөнийхөө хаалгыг дотроос нь түгжин уншдаг байсан тухайгаа хөгжилтэй нь аргагүй ярьж билээ. Үнэхээр ч хуучин нийгмийн үеийнхэн номонд дурлаж, номын соёл гээчийг гүн гүнзгий ойлгосон хүмүүс байдаг. Гэтэл өнөөгийн залуус ном гэхээс илүүтэй интернэт, фэйсбүүк, компьютер тоглоомыг илүүд үзэх болсон нь нууц биш.

Ажилдаа явахдаа шинэ гарсан ном, хэвлэлийг автобусанд гарчигласан шиг ээ явахад эвэртэй туулай харсан мэтээр гайхах хүн цөөнгүй.
Залуус голцуу суусан автобусанд бүгд л чихэвчээр дуу сонсон, ухаалаг утсаараа тоглоно. Хогийн сав, утас, угаалгын машин гээд хамаг л юм ухаалаг болж буй өнөө үед бид хэт залхуу болж байх шиг. Түүнийгээ дагаад ухаалаг утаснаасаа ч ухаан муутай, тархины тураалтай болсон гэлтэй. Арга ч үгүй биз. Хүний тархины эд эс 25 наснаас үхжиж эхэлдэг ч төдий чинээгээр эргэн нөхөн төлждөг аж. Гэвч болоогүй ээ. Нөхөн төлжиж буй эсийн тоо нас ахих тусам цөөрсөөр 40 наснаас эхлэн сэргэх чадамжгүй болдог гэнэ. Өөрөөр хэлбэл, уураг тархи удаан гэгч нь үхжиж буй хэрэг. Бидний нүдэнд үл үзэгдэх эл үхжилтийг сааруулж, эсүүдийн үйл ажиллагааг эрчимтэй байлгахад нөлөөлдөг зүйл нь ном. Гэтэл огт ном уншихгүй байгаа залуус ихэнх цагаа дэлгэц шагайн элдвийн коммент бичиж, лайк даран нөхцөөж суугаа нь эмгэнэлтэй.

Ном их унших нь үгийн баялаг сайтай болгохоос гадна ой тогтоолт, ерөнхий мэдлэг, суралцах чадвар гээд маш олон зүйлд эерэгээр нөлөөлдөг. Судалгаагаар ном худалдан авагчдын 70 гаруй хувь нь 40-өөс дээш насныхан байдаг аж. Залуус давамгайлах манай улсын хүн амын хэчнээн хувийг  энэ насныхан эзэлж байгаа бол... Худалдан авагч цөөрөхийн хэрээр тухайн бараа бүтээгдэхүүний эрэлт буурдаг зах зээлийн хуулиар номын дэлгүүр ч тархины эд эс адил цөөрсөөр л. Цөөхөн номын сантай цөөн худалдан авагчтай болохоор үнэ өсөх нь дамжиггүй. Судалгаанаас харахад, сүүлийн арван жилд импорт, валютаас төдийлөн хамааралгүй гэж хэлж болох номын үнэ 40 гаруй хувиар өссөн нь тогтоогдсон. Дарин дээр давс гэгчээр эрчимтэй өсч буй валютын үнэ өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэнд ч багагүй нөлөөлж байна. Талхнаас аваад хамаг л юмны үнэ тэнгэрт хадаж буй энэ үед оюуны талх болсон номны үнэ ч өссөөр байгаа нь харамсалтай. Дунд сургуулийн сурах бичгээс аваад түүх, шинжлэх ухаан, уран зохиол, шүлэг яруу найраг гээд бүхий л салбар мэргэжлийн номны үнэ хаданд гарлаа. Уншигч олныг удаан хүлээлгэсний эцэст саяхан гарсан нэлээдгүй нэртэй яруу найрагчийн шинэхэн шүлгийн түүврийг авахаар номын дэлгүүр орвол алгын чинээ мөнөөх ном маань 30 мянган төгрөгөөр үнэлэгдсэн байхыг хараад балмагдсанаа нуух юун. Яахав, чадаж байгаа нэг нь сайн ном бүтээл туурвин түүнийгээ ямар ч үнээр худалдах нь дурын хэрэг. Гэвч номны үнэ өсөхөд нөлөөлж буй гол шалтгаан нь татвар болон номын дэлгүүрүүдийн татаас аж. Сониуч зандаа хөтлөгдөн 30 мянгаар авсан нөгөө номоо барьсаар хэвлэлийн компанид ажилладаг танил дээрээ очлоо. 15x20 орчим хэмжээтэй, 100 гаруй хуудас бүхий мөнөөх ном маань хэвлэх үйлдвэрээс сайндаа л 5000 төгрөгт багтаж гардаг аж. Үүн дээр татвар шимтгэл орохоос гадна номын дэлгүүрийн татаас 30-40 хувийг нь зулгаадаг аж. Дунд сургуулийн сурах бичгийн хувьд нэг ном дунджаар 1000-1500 төгрөгөөр хэвлэгддэг ажээ. Асуудал юунд байгаа тухай лавшруулан судалтал номын дэлгүүр, хэвлэх үйлдвэр цөөн болохоор үнэ өсөх гол шалтгаан нь гэнэ. Угтаа өрсөлдөөн ихсэхийн хэрээр үнэ буурдаг нь бичигдээгүй хууль. Гэтэл номын зах зээлд буй хэдхэн том тоглогчид өөр өөрийн жишгээр үнэ тогтоодог нь зах зээлээ тэлэх болсныг илтгэнэ. Үнэ нь өсөхийн хэрээр өдөр өдрөөр цөөрсөөр буй дэлгүүр, уншигч, худалдан авагчдыг дагаад мөнгөний гэх тодотголтой болсон бизнес цэцэглэж мөхөж буй соёл  нь ном болж байна.

Эрдмийн өргөө эзгүй байна

Соён гэгээрлийн хамгийн том байгууламж номын сан гэдэг. Номын сан, номноос хүртэх үр өгөөж, үнэ цэнийг ямар ч алт эрдэнэс, Оюу толгой, Таван толгойгоор үл хэмжинэ. Ерөөс хүмүүний танин мэдэх, соён гэгээрч, сурч боловсрох хүсэл эрмэлзэл яван явсаар номын санд л биелэлээ олдог нь маргаангүй үнэн. Гэтэл манай улсад тогтмол үйл ажиллагаа явуулж буй номын сан гарын таван хуруунаас хэтрэхгүй. “Гарын таван хуруу” киноны Шагдар тавын таван хүүхдээ зөнд нь орхиод явдаг шиг төр засаг маань ч номын сангуудад төдийлөн анхаарал хандуулахаа больжээ. Үндэсний номын сан нэрэн дээрээ төв номын сан гэгддэг ч автобусны буудал төдий. Номын сангийн буудал л гэж ярихаас Үндэсний номын сан гэхээр мэдэхгүй хүн олон. Уул уурхай, хөрөнгө оруулалт, барилга байшин гэсэн материалист хүсэл сонирхолд хөтлөгдөн материаллаг бүтээн байгуулалтад хэт анхаараад байх шиг.  Гэтэл өндөр хөгжилтэй улс орнууд хүний хөгжил, хүүхэд багачуудын хүмүүжил боловсролд түлхүү анхаардгийг бид шүүрс алдан ярьдаг. Эдийн засагт тулгуурласан хөгжлөөс илүүтэй оюуны өмч, хүний оюун ухааны баялгийг эдийн засгийн хөдөлгүүр болгосон жишээг Япон, АНУ зэрэг улс орноос харж болмоор. “Apple”-ийн “iPhone”, “iPad” гээд л технологийн гайхамшигт шийдэл болсон бараа бүтээгдэхүүн талхнаас ч ихээр борлогдож буй нь оюуны өмчийн үнэ цэнийг илтгэнэ. Японы хувьд хэзээний л техник технологийн дэвшлээр тэргүүлдэг улс. Гэтэл манайхан нүүрс, алт, зэсээ л ухаад байдаг. Баялаг барагддаг хойно хэзээ нэг цагт дуусах л байх. Тэр цагт оюуны хоосрол ч олныг хамарсан аюул болох вий.

Бар бус “баар” улс

Үе, үеийн төр засгийнхан сонгуульд ялж, засгийн эрхийг гартаа авахын төлөө амандаа орсон бүхнийг амлан цаасан малгай өмсгөдөг нь тоглоом мэт болж. Үүний нэг нь Монгол Улсыг Азийн бар улс болгоно хэмээсэн мөрөөдөл. Гэвч бар бус “баар” улс болжээ. Жишээ нь, Улаанбаатарт архи, согтууруулах ундаагаар үйлчлэх лицензтэй 12 мянга гаруй баар, караоке байдаг бол тогтмол үйл ажиллагаа явуулж буй номын сан нь арав ч хүрэхгүй. Чөлөөт цагаа хаана өнгөрүүлэхээ мэдэхгүй залуус, хүүхдүүд баарны хаалга татах нь их. Угтаа хичээлийн жил эхэлж буй өдрүүдэд номын өргөө оюутан залуусын хөлд дарагдан их эрдмийн булаг оргилон байдагсан. Гэтэл эсрэгээрээ. Баар пабууд дүүрч архидалт газар авчээ. Дэлхийн жишигт нийцсэн сайн номын сан ховор болохоор бааранд цаг нөхцөөх нь их байгаа болов уу. Дэлхий дахинд гайхагддаг номын сангуудын жишигт нийцдэггүй юм гэхэд хүртээмжийн хувьд хүн амын тоондоо дүйцэхүйц нэг ч гэсэн номын сан нэмж байгуулбал сонирхох залуус бий гэдэгт эргэлзэхгүй байна. Түүнийгээ дагаад амар амгалан, анир чимээгүйхэн вант улс болсон номын санд цагийг өнгөрөөх нь ч ихэснэ. Хүн төрөлхтөн номын санг 5000 жилийн тэртээд байгуулсан гэдэг. Номын сан нь хүн төрөлхтний бичиж тэмдэглсэн түүхийг хуримтлуулан, өвлөн дамжуулах учраас ач холбогдол, үнэ цэнийг нь дутуу үнэлэх боломжгүй. Манжийн булаан эзлэгчид монгол айлуудад хадгалагда байсан монгол бичгээр бичигдсэн номуудыг өндөр үнээр худалдан авах, хүчээр хураах зэргээр бөөгнөрүүлэн устгаж байсан нь бичгийн соёл ямар ач холбогдолтойг харуулж байна. Дэлхийд гайхагдсан хамгийн том номын сан Америкийн Конгрессийнх бөгөөд 155,3 сая бүтээл хадгалагдаж байдаг. Жилийн төсөв нь 629,9 сая ам.доллар ба 3000 гаруй ажилтантай аж. Харин жуулчдын хамгийн ихээр сонирхдог Лондон дахь Британийн номын сан 150 сая нэгж бүтээл хадгалдаг. Жилдээ 2,29 сая хүн үйчлүүлдэг бөгөөд төсөв хөрөнгийг нь 141 сая фунтээр тогтоодог. Нийт 1636 ажилтантай бол Хятадын Үндэсний номын сан, 31,2 сая бүтээл хадгалдаг бөгөөд жилдээ 5,2 сая хүн үйлчлүүлдэг. Төсөв нь 21,8 тэрбум юань, 890 ажилтантай ба 24 цагаар ажилладаг гэнэ. Аугаа их гүрэн, хаант улс, үндэстэн ястнууд цаг үеийн эрхээр үгүй болсон ч тэдний мэргэн ухаан, түүх, сургамж нь номын санд хадгалагдан өнөөгийн бидэнд ирсэн байна.

0 Сэтгэгдэл
Өнөөдөр бөөрөнд зарах буюу худалдан авна уу. Анхаарна уу: Интернет олон янзын сэдэлтэй хүмүүс байдаг. Тиймээс чин сэтгэлээсээ, үнэнч байгаарай бид хүүхэд биш, энэ бол бусдын амьдралыг аврах тухай юм. Хуурамч залилан мессеж хүлээн аваагүй байна Doctorcollins3@gmail.com
Хамгийн их уншсан