“Miss Mongolia-2013” тэмцээний миссээр “Монгол Модель” агентлагийн загвар өмсөгч Намшир овогтой Ану тодорлоо.
10 дахь жилдээ зохион байгуулсан тус тэмцээнд манай улсын аймаг хотуудаас ирсэн 70 гаруй охид бүртгүүлэн оролцсон. Тэднээс шилдэг 20 оролцогч бүтэн сарын турш гоо үзэсгэлэн, авьяас билэг, оюун ухаанаа сорин өрсөлдсөний эцэст тэргүүн миссээ ийнхүү тодруулав.
УДЭТ-ын тайзнаа баасан гарагт амжилттай зохион байгуулсан "Miss Mongolia-2013" тэмцээний ялагч Н.Ану нь ШУТИС-ийн Үйлдвэрлэл технологи, дизайны сургуулийг компьютер графикийн чиглэлээр сурч төгссөн бөгөөд “Монгол Модель” агентлагт загвар өмсдөг байна. Тэрбээр “Говь” компанийн нүүр царай болж дэлхийд алдартай брэнд бүтээгдэхүүнийг нь сурталчлах болсон төдийгүй загварын тайзнаа чамгүй амжилт гаргаад байгаа ирээдүйтэй модель хэмээн үнэлэгддэг.
“Miss Mongolia-2013” тэмцээний тэргүүн мисс Н.Ану удахгүй Токио хотноо болох "Miss International-2013" тэмцээнд эх орноо төлөөлөн оролцох эрх авсан. Харин тус тэмцээний дэд миссээр шалгарсан Б.Номин-Эрдэнэ Африкийн Эквадорт зохион байгуулах "Miss world tourism-2013” тэмцээнд өрсөлдөх бол, гуравдугаар байрт шалгарсан Б.Баттогтох БНСУ-ын Сөүл хотноо болох "Miss University-2013" тэмцээнд эх орноо төлөөлөн оролцох эрхийн эзэн боллоо.
“Эх орноо дэлхийн тавцанд хэрхэн сурталчлах вэ”, “Амьдралын тань утга учир юу вэ”, “Эрх мэдэл, хөрөнгө мөнгөнөөс алиныг нь сонгох вэ”, “Хамгийн их эрхэмлэдэг зүйл тань юу вэ” гэх мэт олон төрлийн сонирхолтой асуултанд мисс бүсгүйчүүд өөрийн үзэл бодлыг илэн далангүй илэрхийлж байв. “Miss Mongolia-2013” тэмцээнийг сонирхохоор олны танил алдартнууд, мисс, загвар өмсөгч, дуучид, жүжигчид ч цөөнгүй ирсэн харагдаж байлаа.
“Miss Mongolia-2013” тэмцээний үеэр зургаан шатны шалгаруулалтаар тунаж үлдсэн 20 оролцогчийн дундаас шагналын эздийг тодруулахад, “Мисс спорт” өргөмжлөл – Т.Амарзаяа, “Мисс модель” өргөмжлөл – Н.Ану, “Фото мисс” өргөмжлөл – С.Батцэцэг, “Оюунлаг мисс” өргөмжлөл – Б.Номин-Эрдэнэ, “Мисс бикини” өргөмжлөл – Б.Баттогтох, “Мисс авьяас” өргөмжлөл - Ц.Аззаяа нар тэргүүлж энэ хүндтэй өргөмжлөлийн эзэд боллоо. МҮОНТ-ийн урилгаар мисс С.Цэрэндулам их сургуулиа төгсөөд тус телевизэд сэтгүүлчээр ажиллахаар болов.