АНУ-ын Сан Антонио хотод номгүй номын сан нээгджээ. Уг номын санг хотын хуучин даргын санаачилгаар татвар төлөгчдийн мөнгө, олны хандив дэмжлэгээр босгожээ. Үнэндээ хотын өмнөх номын сангийн архив хэт арвижаад зургаан давхар байранд байрлаж, цааш тэлэхэд хэцүү болоод байсан тул орчин үеийн технологийн дэвшлийг ашиглаж номын сангаа цахимжуулжээ. Одоогоор тус номын санд 10 мянган цахим ном, түүнийг унших 500 төхөөрөмж, 48 компьютер, 20 iPad болон зөөврийн компьютер суурилуулжээ.
Нийтийн номын санг ийнхүү “номгүй” болгон цахимжуулах оролдлого бүр 2002 оноос гарсан юм. Аризона мужийн номын сан нэг салбараа хэвлэмэл номгүйгээр нээж, цөөн хэдэн жил ажилласны дараа уламжлалт хэлбэрээрээ ажиллах нь зөв юм гэсэн дүгнэлтэд хүрчээ. Эндээс харвал орчин үеийн техник технологи хүн төрөлхтөний амьдралд асар хурдан нэвтэрч, бидний амьдралын нэг хэсэг болсон авч номгүй номын сан гэдэг тийм ч хэвшил болсон ойлголтоос арай холдсон зүйл гэж мэргэжилтнүүд үзэж байна. Гэхдээ хэвлэмэл ном уншигчдын тоо сүүлийн жилүүдэд аажмаар буурч, хүүхэд залуусын дунд цахим хэлбэрээр ном унших нь нэмэгдэж байгааг судалгаа харуулж байна.